Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

“Хунт нуур” төрсөн адармаатай баримтууд DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВ… “ХУНТ НУУР” төрсөн адармаатай баримтууд нийтлэлийг хүргэж байна.


“Хунт
нуур” бол дэлхийн сон­годог балетаас монголчуудын хамгийн сайн мэдэх балет
болох нь маргашгүй ээ. Бид өмнө нь
зохиогчийн тухай болон энэ жүжгийн талаар мэдээлэл хүргэж байсан бол харин энэ
удаа уг балет хэрхэн төрсөн адармаатай баримтуудаас хүргэж байна. Эртний
германчуудын домог болон орос ардын үлгэрээс сэдэвлэсэн энэ балетын цомнол хоёр
янз. Анхны цомнолыг Владимир Бегичев, Василий Гельцер нар дөрвөн үзэгдэл­тэйгээр
бичиж, “Хунгийн нуур” нэрээр Москвагийн Большой театрт 1877 оны хоёр­дугаар
сард тавьсан байна. Үүнээс өөр хувилбараар Мариус Петипа Лев Иванов нар сэргээн
шинэчилж 1895 оны нэгдүгээр сард Петербургийн Марийнскийн театрт тавьжээ. Энэ
удаа Петербург дэх эзэнт гүрний теат­рын Ерөнхий удирдаач хөгжмийн зохиолч
Рикардо Дриго Чайковскийн хөтөлбөрийг хянан засварлаж тавьсан гэдэг билээ.
“Хунт нуур” балетын анхны эхийн тухайд судлаачид санал зөрөлдөөнтэй байцгаадаг
аж. Зарим нь цэвэр орос үндэстний балет гэдэг бол зарим нь герман домгоос
сэдэвлэснээр нь өөрөөр үздэг байх жишээтэй.

Гэхдээ
хамгийн гайхалтай нь энэ бол Чайковскийн анхны балетын хөтөлбөр юм. Үүнээс өмнө
нэг ч балет бичиж байсангүй ажээ. 1890 оныг хүртэл балет нь хэн сонирхсон нь
бичдэггүй, балетаар мэргэшсэн “тусгай” хүмүүс бичдэг гэсэн ойлголт ноёрхож
байж. Зохиомжийн маш чамин тансаг чимэглэлтэй, яруу дуурьсал төгс, маш өндөр
түвшинд эрэмбэлэгдсэн хэмнэлтэй тухайн үеийн балетын хэм хэмжээг ягштал
илэрхийлсэн байх ёстой гэж үздэг байжээ. Тийм нөхцөлд Чайковский балетаа
бичихийн тулд эхлээд мөнөөх “тусгайлан” балетаар мэргэшсэн хөгжмийн зохиолчдын
хөгжмөөс суралцсан гэж Чайковскийн намтарт бичсэн байх юм. Тэрбээр Пуни ч юм уу
Минкус нарын зохиолыг ийм маягаар судалсан гэдэг. Минкусын хөгжмийг Монголын
үзэгчид “Дон Кихот” балетаар нь сайн мэдэх
юм. Чайковский энэ хоёр зохиолчийн балетын хөгжмүүдийг детальчлан судлах
хүртлээ дээрх тогтсон үзэл хандлагаас огт өөр байр суурьтай байжээ. Балетын
хөгжмийг судалж байхдаа тэрбээр хэнээс ч илүү Лео Делиб, А.Адан нарын, дараа нь
Дригогийн балетын хөгжмийг үнэнхүү биширсэн байна. “Би Делибийн “Сильвия”
балетыг сонслоо. Аялгуу, хэмнэл, эгшиг­лэгээ, нь юутай гоё ганган, сэтгэл татам
ялдам, юутай баялаг юм бэ. Хэрвээ би “Хунт нуур”-ыг бичсэнийхээ дараа эдгээр
хөгжмийн ямар агуу их болохыг олж мэдсэн бол яана аа гэж маш их ичлээ” хэмээн
нутаг нэгт хөгжмийн зохиолч нөхөртөө бичсэн байх аж. Чайковский А.Аданы 1844
онд бичсэн “Жизель” балетын хөгжмийг биширч, түүний арга барилаас “Хунт нуур”
балетдаа ашигласан гэдэг. 1868 онд бичиж байгаад орхисон “Воевода” нэртэй
дуурийнхаа хөгжмөөс нэлээд хэсгийг загвар болгон авч “Хунт нуур”-аа бичсэн байх
жишээтэй. “Хунт нуур”-ын хоёрдугаар үзэгдэл дэх Сүр жавхлант адажио буюу
дурлалын дуэтийг дээрх дуурьтаа суурилан бичсэн бол гуравдугаар үзэгдэл,
дөрөвдүгээр үзэгдлийн зарим сэдвийг мөн ийн бичсэн байна. Үндсэндээ дуусгалгүй
орхисон “Воевода” дуурь нь “Хунт нуур” балетынх нь суурь, загвар болж өгсөн
байх юм. Ингээд “Хунт нуур” балет 1876 онд бэлэн болж, жүжгийн сургуулилт
эхэлсэн байдаг. Гэвч балетмейстр нь Чайковскийн хөгжмийг бүжигт “хөрвүүлэхдээ”
санааг нь эвдэж эхэлсэнд зохиолч дургүйцсэнээр их зохиолчийн санаа балетад
бүрэн дүүрэн хэрэгжиж чадсан байна. Энэ балетыг бичих явцдаа Чайковский сэтгэлийн хөдөл­гөөнөө барьж дийлэхгүй байсан
ба тэр их эмоци нь балетыг богино хугацаанд амжилттай бичиж дуусгах хөдөлгүүр
нь байсныг тухайн үед найзууд нь, хожим судлаачид онцолсон байдаг. Чайковский
“Хунт нуур” балетаа 1875 оны хавар эхэлж 1876 оны дөрөвдүгээр сар гэхэд бүрэн
хэмжээгээр бичиж дуусгажээ. Тэрбээр бичиж эхлэхдээ л бушуухан дуусгахын хүслэн
болж яарч байсан нь түүний найз нөхдөдөө бичсэн захидлуудаас харагдана. Зарим
судлаачид “Хунт нуур”-т абстракт хэв шинж цөөнгүй тааралддаг гэж хэлдэг ч
түүнийгээ нотолж чадаагүй. Зохиогчийн гар бичмэлийг хэн ч олж үзээгүй байгаа учир
нотлох баримт үгүй юм. Чайковскийн ийнхүү балетын төрлөөр анхны бүтээлээ бичиж
байхдаа түүнээсээ үргэлжийн кайф авсаар байсан тухайгаа най­зууддаа бичиж
байсны зэрэгцээ “Хунт нуур” бол маш нүсэр зорилт гэдгийг тухайн үедээ бүгд
ухаарч байж. Гэтэл анхны тавилт амжилт олоо­гүйгээр барахгүй бүхий л сөрөг
шүүмжүүд, бүжигчид, тайз засал, найрал хөгжимд чиглэжээ. Сайн бүтээл болжээ гэж
хүлээн зөвшөөрсөн цөөн судлаач шүүмжлэгчид хүртэл “Хунт нуур хэдийгээр сайн
хөгжим болсон ч балет болтлоо хол байна” гэцгээжээ. Түүнчлэн олонх нь байдаг л
нэг мелодрам болж гэж дүгнэсэн байна. Тэд Чайковскийн анхны энэ балетын
сэтгэлзүйн агуу гайхамшигт драммыг огт өөрөөр хүлээж авсан нь “хэтэрхий
пижигнэсэн, хэтэрхий Вагнерчил­сан, хэтэрхий симфонийн шинжтэй болжээ” гэсэн
шүүмжлэлээс нь илт харагдана. Балетмейстрийг нь огтхон ч уран сэтгэмжгүй,
шинэлэг юмгүй, бүхэлдээ дахиж дурс­мааргүй балет болж гэж ам мэдэн муулжээ.

“Хунт
нуур” балетын Одеттагийн дүр нь аз жаргалгүй олон эмэгтэйчүүдийг дүрсэлсэн
түүний хөгжим дэх анхны зовлонт эмэгтэйн фигур юм. “Хунт нуур” балет хилийн
чанадад анх тавигдсан нь 1884 онд Англид, 1888 онд Прагвайн Үндэсний театрт
тавигдсан бөгөөд Чайковский өөрөө удирдан тоглуулсан байна. Энэ тухай өдрийн
тэмдэглэлдээ бичихдээ “Балет бичсэний минь юутай ч харьцуулшгүй аз жаргал, баяр
баясгалан энэ байлаа” гэжээ. 1880-аад оны сүүл, 1890-ээд оны эхээр Петипа ба
Всеволоцки Иванов уг балетыг шинэчлэн засварлаж тавихыг санал бол­госонд
зохиолч зөвшөөрсөн байдаг. Харамсалтай нь 1893 онд Чайковский гэнэтийн үхлээр
хор­воог орхисон. Тэр булчин задрах тахлаар насан өөд болсон. Гэхдээ тэр нас
барахаасаа өмнө хэдийнэ шинэчилсэн хувилбараа бичиж амжсан гэдэг боловч энэ
гайхам­шигт балетыг Большой театрын удирдаач, хөгжмийн зохиолч Дриго шинэчилсэн
хэмээн үздэг хүмүүс ч байна. Олон балетмейтр, удирдаач нарын янз бүрийн
хувилбаруудаас хамгийн сүүлийнх болох Петипа Дриго нарын 1895 оны тавилтаар
өнөөдөр бид “Хунт нуур”-ыг үзэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *