Categories
мэдээ нийгэм

Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумаас шаардлага хүргүүллээ

Захиргааны ерөнхий хуульд оруулах гэж буй өөрчлөлтийг эсэргүүцэн, УИХ –ын дарга, МАН –ын бүлгийн дарга, АН –ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлжээ.

УИХ–аас 2015 онд “Захиргааны ерөнхий хууль” –ийг баталсан нь төрийн ил тод хариуцлагатай байдлыг бэхжүүлсэн, захиргааны үйл ажиллагааны нэгдсэн стандартыг тогтоон шийдвэр гаргах явцад иргэдийн оролцоог баталгаажуулсан, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалахад ахиц гаргасан. Гэвч Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төв болон төрийн захиргааны бусад байгууллагад хууль үйлчлэхгүй тухай нэмэлт өөрчлөлтийг Засгийн газраас санаачилж, өргөн барьсан байна.

Шаардлага хүргүүлэх болсон шалтгаанаа ийнхүү тайлбарлав.

Нэг. Засгийн газрын дур зоргоор авирлах боломжийг хязгаарласан, Монгол Улсын Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг баталгаажуулсан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар өөртөө хэмжээгүй эрх олж авахаар санаархаж байгаа нь хууль тогтоох байгууллагын эрх мэдэлд халдаж буй бүдүүлэг алхам гэж үзсэн.

Хоёр. Төр нь хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргээс татгалзаж байна гэж үзсэн.

Гурав. Монгол Улсын иргэн бидний Үндсэн хуулиар олгогдсон ;… эрх эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, …шударга шүүхээр шүүлгэх” баталгаат эрхийг үгүйсгэж буй учир.

Дөрөв. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Захиргааны ерөнхий хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.7 –д Засгийн газрын “улс төрийн шийдвэр гаргах” үйл ажиллагаанд уг хууль үйлчлэхгүй, улмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 –д уг шийдвэр нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй талаар тодорхой хууль зүйн зохицуулалт байгаа учир.

Хэрэв дээрх нэмэлт өөрчлөлтийг УИХ хүлээн авбал Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа зөрчихийн зэрэгцээ, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох нөхцөлийг бүрдүүлж, сонгуулийн амлалтаасаа ухрахад хүрэх болно. Тиймээс УИХ –ын бүрэн эрхэд халдахаар завдаж буй энэ увайгүй үйлдлийг таслан зогсоохыг шаардаж байна гэжээ.

Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумаас гадна нийт 20 гаруй эвсэл холбоо, 200 гаруй төрийн бус байгууллагууд мөн орон нутгаас Баянхонгор, Архангай, Орхон гэх зэрэг аймгууд тэдэнтэй санал нэгдэж эсэргүүцэх хүсэлт ирүүлcээр байна.

Энэхүү эсэргүүцэлд нэгдсэн Хүний эрхийн форумын төлөөлөл Г.Уранцоож хэлэхдээ “МАН-ын мөрийн хөтөлбөрийн урианд “Бид хамтдаа иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засч, тэгш журамт баян хүчирхэг Монголоо цогцлоож чадна” гэсэн байдаг. Бид хамтдаа гэдэг нь ардчилал, иргэдийн оролцоо, иргэний хяналт юм. Иргэний хяналтыг бодитойгоор хэрэгжүүлэх механизм нь захиргааны хэргийн шүүх юм. Энэхүү шүүх нь төр эрх мэдлээрээ давамгайлж, дарангуйлж, иргэдийнхээ эрх ашгийг хохироохоос хамгаалах чухал байгууллага. Гэтэл захиргааны байгууллагуудыг хянах гэсэн заалтыг байхгүй болгочихвол энэ иргэдийн оролцоо маань хаачих билээ. Засгийн газар болон гүйцэтгэх эрх мэдлийн бусад байгууллагуудын шийдвэр захиргааны шүүхээр хянан хэлэлцэгдэх боломжийг ийнхүү нэмэлт өөрчлөлтөөр хязгаарлаж байгаа нь захиргааны шүүхийн ажлын 70-80 хувийг байхгүй болгож байгаагаас ялгаагүй” гэж ярив.

Н. ЭНХТЭНГЭР

Ц. УЯНГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *