Categories
мэдээ нийгэм

Хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх хамтарсан баг ажиллана DNN.mn

Монгол Улсад жилд бүртгэгдэж байгаа гэмт хэргүүдтэй харьцуулахад хүн худалдаалах гэмт хэргийн гаралт тийм өндөр биш. Жилд 10-14 гэмт хэрэг бүртгэдэг. Гэвч энэ гэмт хэргийг статистик тоогоор үнэлэхээс илүү нийгмийн хор аюулын шинж чанарыг анхаарч, авч үзэх шаардлагатай байна.

2000 оны эхээр энэ төрлийн гэмт хэргийн ойлголт бага байсан бол одоо иргэд тодорхой хэмжээнд ойлголттой болж, манай улс ч олон улсын гэрээ конвенцод нэгдсэн. Эрх зүйн орчин бүрдэж, төрийн бус байгууллагууд хохирогчийг хамгаалах цогц үйлчилгээ үзүүлдэг болсон, энэ төрлийн хэргийг шалгах тусгай нэгжтэй, бие даасан хуультай болсон зэрэг дэвшилтүүд гарав.

Тодруулбал Монгол Улс 2008 онд Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ийн конвенц, түүний нэмэлт болох охид эмэгтэйчүүдийг хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, таслан зогсоох протоколд нэгдэж орсон. Үүнээс хойш үндэсний хууль тогтоомжийг энэхүү гэрээ, конвенцод нийцүүлэх ажлыг хийж байгааг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны ахлах мэргэжилтэн Г.Амаржаргал хэлсэн юм.

Энэ гэмт хэргийг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлд зааснаар дараах ял шийтгэлийг оноодог.
Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;
2.2.хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж;
2.3.Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
3.1.байнга тогтвортой;
3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

Сүүлийн 10 жилд хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн 59 хүнд ял оноосон байна. Үүнээс 13 хүнд нь 5-8 жилийн хорих ял, 10 хүнд нь 10-15 жилийн хорих ял, нэг хүнд бүх насаар хорих ял оноосон талаар шүүх байгууллагаас гаргасан судалгааны тайлангаас харахад шүүх хуульд заасан ялыг шударгаар оноож байна.

Хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг, хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах чиглэлээр ажиллах салбар дундын хамтарсан багтай байх шийдлийг тусгасан.

Энэ баг хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдийг хамгаалах байранд байлгах, нийгмийн ажил үйлчилгээнд хамруулах, сэтгэл зүйн засал, эрүүл мэндийн, хууль зүйн үйлчилгээг цогцоор нь үзүүлэхэд анхаарч ажиллана. Хамтарсан багийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулахаар зохицуулсан байдаг.

Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгчид өмгөөлөгч авах боломжгүй гэрч, холбогдогчид үйлчилгээ үзүүлдэг байсан бол энэ оноос хохирогчийг ч өмгөөлөх болсон.

Өмнө нь төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч л үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа, үйлчилгээ авдаг байсан бол Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 6 дугаар зүйлд хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй авах хүмүүсийн төрлийг нэмж, тодорхой зааж өгсөн.

Тодруулбал бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэргийн насанд хүрээгүй хохирогчид өмгөөлөгч авч, эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах боломж бүрджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *