Categories
мэдээ цаг-үе

Хүн хэлээрээ, бөх хөлөөрөө

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Бөхийн өргөө рүү улстөрчид болон бизнесийнхний нүд хор гүйгээд удаж байна. Ард түмэндээ хүндлэгдэж ирсэн хүчит бөхчүүд маань хоорондоо хонь, чоно болов. Уг нь “Хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэдэг дээ. Тэгвэл өнөө цагт “Хүн хэлээрээ, бөх хөлөөрөө” болжээ. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат тэргүүтэй булчин шөрмөс нь зангирсан залуус Бөхийн өргөө рүүгээ халдав. Цоожтой хаалгыг өшигчиж, цонхыг нь хагалан танхайрч буй залуугийн балмад үйлдэл нийгэм даяар шуугьж байна. Чулуу атгасан гар нь шилэнд зүсэгдэж, цусанд халтартаж, ааг оомгоо барьж ядсан түүний хөдөлгөөн бүр камерт тод үлджээ. Гол дүрийн баатар шиг түгжээтэй хаалга руу хэдэнтээ үсэрч жийж, бусдын өмч хөрөнгийг эвдэн сүйтгэсэн тэр залуу 33 настай юм гэнэ. Налайх дүүргийн харьяатай энэ залуу А.Сүхбат гишүүнийг дагаж очсон хүмүүсийн нэг аж.

Тэр нөхөр хэний ч зараал, даалгавраар танхайрсан бай үүрэх ял өөр дээр нь л ирнэ. Энгийн нэгэн иргэн байтугай төрийн цагдаа нар тушаал биелүүлснийхээ төлөө ялд унаж байсан удаатай юм шүү. Арван жилийн өмнөх алдарт долдугаар сарын 1-ний үймээн одоо ч монголчуудын ой санамжинд бий. Тухайн үед түйвээнийг намжаах үүрэг даалгавар дээрээс авсан Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нар шүүхээс 2-6.6 жилийн ял сонсч байв.

Бөхийн өргөө рүү дайрсан иргэнд аль хэдийнэ эрүүгийн хэрэг үүсгэжээ. Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйл ангиар түүнийг шалгаж байгаа гэнэ. Энэ зүйл ангиад “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлана” гэж заажээ. Эсвэл 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх юм байна. Хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй бол 2-8 жилийн хорих ялтай болохыг хуульчилжээ.

Бөхийн өргөө рүүгээ шунахайран дайрагсдын талцал үнэхээр хэрээс хэтэрснийг болж буй үйл явдлууд сануулаад байна. Өөрсдийгөө төр хэмээн цэцэрхээд байдаг бөхчүүд хөлөөрөө толгой хийдэг улсууд гэдгээ баталчихав уу даа.

А.ЗОЛБОО

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *