Францын Роны хөндийн агуйнуудад судалгаа явуулсан эрдэмтэд баруун Азид нутаглаж байсан Хомо сапиенсуудын баруун болон хойд зүгт хийсэн гурван удаагийн их түрэлтийн үр дүнд Европ тивд Неандертальчуудын ноёрхол суларч эхэлсэн болохыг тогтоожээ. “Хүмүүсийн эхний хоёр оролдлого бүтэлгүйдсэн ч гурав дахь нь 42,000 жилийн өмнө амжилттай болжээ. Үүний дараа орчин үеийн хүмүүс Европыг эзэлж, неандерталь хүмүүс устаж эхэлсэн байна” гэж уг судалгаанд оролцсон Тулузын их сургуулийн эрдэмтэн Людовик Слимак тайлбарласан байна. Тэдний судалгааны тайлан саяхан “Plos One” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгджээ.Гэхдээ уг судалгааны тайлан орчин үеийн хүмүүс болон неандертальчуудын харилцааны талаар зарим уламжлалт ойлголтыг эвдэхэд хүргэж байна. Тухайлбал неандертальчуудаас илүү зэр зэвсэг бүтээх чадвартай болсон хүмүүс яагаад Европыг эзлэхдээ ийм урт хугацаа зарцуулсан нь эргэлзээ төрүүлж байгаа ажээ. Гэхдээ Слимак үүнийг түрэлт бүрийн үеийн хүмүүсийн тоотой холбон тайлбарлаж байна. Тухайлбал эхний түрэлтээр харьцангуй цөөн тооны хүмүүс Европт ирсэн бол гурав дахь түрэлтээр тоо нь эрс нэмэгдэж, неандерталь хүмүүсийг цөөнх болгоход хүргэсэн гэж тэр дүгнэжээ. “Гурав дахь удаагийн түрэлтээр асар олон тооны хүмүүс ирж, Европыг хамарсан том нийгмийн тогтолцоог үүсгэсэн. Өмнөх ийм тогтолцоо нь хүмүүсийг неандертальчуудтай хамтрахад хүргэж байсан бол сүүлийн давлагаагаар ингэх шаардлагагүй болсон байна. Үүний үр дүнд Европ дахь неандертальчуудын мөхөл эхэлжээ” гэж Слимак тайлбарласан аж.
Г.АМАРСАНАА