Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Хөх сувд” мөсний баяр энэ сарын 3, 4-ны өдрүүдэд буюу энэ пүрэв, баасан гарагт Хөвсгөл аймгийн Хатгал тосгон Хүй толгойн урд Хайчийн ам хэмээх газар болно. Энэ үеэр мөсөн шагай, мөсөн сурын харваа, мөсөн тэшүүр, мөс мөргөлдүүлэх тэмцээн болон тахтай морин чарга болон тахтай хатирч морьдын уралдаан, “Аав ээж би”, мөсөн дээрх буухиа, олс таталт, волейбол, сүмо бөхийн тэмцээн, хамгийн сайхан морин чаргатай уяачийг шалгаруулах тэмцээн болно. Мөн үүнээс гадна олон ястны урлагийн тоглолт, “Хөх цом” яруу найргийн наадам, “Өвлийн гоёл” үндэсний хувцасны загвар шалгаруулах тэмцээн, “Хөх сувдын орон” шоу тоглолт, “Хаан их сарьдаг, Хатан далай ээжээ хүндэтгэх бөөгийн тахилга ёслол, Далай ээжид хүндэтгэл үзүүлэх ёслол зэрэг соёлын арга хэмжээнүүд зохиогдох юм.
10 мянга орчим иргэн, 3000 гаруй машин ирнэ гэж тооцоолжээ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гадаад, дотоодын олон аялагч жуулчин сонирхон оролцдог Монголын аялал жуулчлалын салбарын өвлийн хамгийн том арга хэмжээ “Хөх сувд-2022” мөсний баярыг энэ жил 20 дахь жилдээ “Цэнгэгээс цэнгэг, цэврээс цэвэр” уриан дор зохион байгуулж буй юм. Тус баярыг сонирхохоор 10 мянга орчим иргэн, 3000 гаруй машин ирнэ гэж тооцоолж буй бөгөөд нуурын гадна талбайд зогсоолын асуудлыг шийдвэрлэсэн байна. 2020, 2021 онд цар тахлын улмаас зохион байгуулаагүй бөгөөд 2019 онд мөсний баярыг гадаад, дотоодын 20 гаруй мянган үзсэн гэсэн мэдээлэл бий. “Хөх сувд-2022” мөсний баярын бэлтгэл ажлын талаар Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч, Мөсний баярыг зохион байгуулах комиссын дарга М.Хуягбаатараас тодруулахад баярын бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байгааг хэллээ. Мөн зохион байгуулах комиссынхноос буудал, амралтын газрын дүүргэлтийн талаар тодруулахад “Хөх сувд” мөсний баярын үеэр ажиллах жуулчны баазуудын ихэнх нь дүүрсэн” гэдэг мэдээллийг өглөө.
Мөсөн хотхоныг 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй урлаж байна
Мөсний баярыг зорин ирж буй иргэдийн хамгийн их сонирхдог зүйл бол мөсөн хотхон юм. Энэ жил мөсөн хотхоныг Хөвсгөл нуураа хайрлан хамгаалах сэдвийн хүрээнд Улаанбаатар хотоос дөрвөн баг, Увс аймгаас нэг баг, Хөвсгөл аймгаас 10 баг нийт 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй урлаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар мөсөн хотхоны бүтээн байгуулалт 70 хувьтай байна. Үлдсэн өдрүүдэд бүрэн хийж дуусгах бөгөөд маргааш гэхэд мөсөн хотхоны бүтээн байгуулалт дуусна гэж албаныхан хэллээ.
Анх удаа яруу найргийн тэмцээн болно
Энэ жилийн хувьд “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Мягмаржавын нэрэмжит “Хөх цом” яруу найргийн наадам болохоороо онцлогтой. Наадмыг Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн соёл урлагийн газар хамтран зохион байгуулна. Наадамд яруу найрагчид гурван шүлэг ирүүлэх бөгөөд өнөөдрийг дуустал бүтээлийг хүлээж авах юм. Сүүлийн шатанд шалгарсан 15 найрагч Хөвсгөл нуурын хөвөөнд мөсний баяраар шүлгээ уншиж шилдгүүдээ тодруулна. “Хөх цом” яруу найргийн наадмыг мөсний баярын үеэр жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
“Хөх сувд-2022” мөсний баярын үеэр Мөрөн суманд ажиллах зочид буудлын жагсаалт
“Хөх сувд-2022” мөсний баярын үеэр Мөрөн суманд ажиллах зочид буудлын мэдээллийг танилцуулж байна.