Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 25 дугаар зарлигаар жил бүрийн 9 дүгээр сарын 01-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласан.
Эх хэлний өдрийг тохиолдуулан “Хүйс толгойн бичээс-1420 жил” номын нээлтийг Монгол Улсын Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрдэм шинжилгээний уншлагын танхимд зохион байгууллаа.
Номын нээлтийг Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж “Алтайн магтаал” хайлан хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаачдад эрүүл энх, эрдэм номын ерөөл айлтган эхлүүлж, Соёлын Гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, судлаач Г.Бадамсамбуу хөтлөн явуулав.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам, Шинжлэх ухааны Академийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Г.Эрэгзэн нар үг хэлж, хүрэлцэн ирсэн зочдод номын дээжээс гардуулав.
Номын нээлтэд Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны доктор, профессор Ц.Өнөрбаян, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор М.Базаррагчаа, Шинжлэх ухааны доктор, Академич Д.Төмөртогоо, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор Э.Пүрэвжав, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Түвшинтөгс, ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор Ю.Болдбаатар, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Амгалан, Японы Отаны их сургуулийн багш, доктор, профессор Такаши Мацүкава, монгол судлаач Осава нарын эрдэмтэд, Ардын уран зохиолч, зохиолч, яруу найрагч Д.Урианхай, Соёлын Гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, орчуулагч, судлаач Г.Аким, Соёлын Гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзана нарын хүндтэй зочид хүрэлцэн ирэв.
Хүйс толгойн бичээс нь монголчуудын бичиг үсгийн түүхийг даруй 600 жилээр урагшлуулсан ба одоогоор мэдэгдэж байгаа монгол хэлээр бичигдсэн хамгийн эртний дурсгал бөгөөд уг ном нь Хүйс толгойн бичээсний 1420 жилийн ойд зориулан Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монгол-Брахми бичгийн Олон улсын нийгэмлэг хамтран зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл юм.
Монгол Улсын Үндэсний номын сангаас Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг тохиолдуулан 2022 оны 9 дүгээр сард Хүйс толгойн бичгийг тайлан уншсан Германы эрдэмтэн, монгол судлаач, Монгол-Брахми бичгийн Олон улсын нийгэмлэгийн тэргүүн, доктор Солонгод Л.Хурцбаатарын лекц, сургалт, бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулна.