Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн банкнаас олгосон зээлийн 80 хувь нь асуудалтай гэв

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Г.Занданшатар, “Хууль тогтоомжийн төслийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл өнөөдрийн хэлэлцүүлгийн хуваарьт байхгүй байна. Ондоо багтаж энэ асуудлыг хэлэлцэж дуусгах хэрэгтэй” гэсэн асуудлыг тодруулахад Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, “Байнгын хороодоор асуудлыг хэлэлцээд дуусч байна. Хууль зүйн байнгын хороон дээр асуудлыг нэгтгээд ирэх долоо хоногт чуулганаар хэлэлцэнэ” гэсэн тайлбар өгөв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг ондоо багтаж хэлэлцэж дуусах хэрэгтэй гэсэн санал гаргасан бол УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд хаалттай горимоор хэлэлцэх хэрэгтэй гэв. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл утаа болон ханиад томууны асуудлыг яаралтай хэлэлцэх саналтай байгаагаа хэлсэн. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, “Одоо шууд хэлэлцэхэд мэдээлэл бэлэн биш. Засгийн газрын мэдээллийн цагаар сонсоё” гэсэн чиглэл гаргав.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа нар Хөгжлийн банкинд хийсэн ажлын хэсгийн шалгалтын дүгнэлт болох 200 хуудас материалыг үзэж танилцах шаардлага тавьлаа. Иймээс АН-ын бүлэг завсарлага авч байгаагаа мэдэгдсэн ч завсарлагаа хэдий хугацаатай авч байгаагаа хэлээгүй тул олонх завсарлага авч хугацаа алдах шаардлагагүй гэсэн эсрэг байр суурь илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “Хөгжлийн банкны асуудлыг яаралтай хэлэлцэх хэрэгтэй. Улс орны нэр хүндтэй холбоотой асуудал шүү. Тус банкнаас олгосон зээлийн 13,8 хувь нь чанаргүй, 69.6 нь хугацаа хэтэрсэн нийтдээ 80 гаруй хувь нь асуудалтай. АН-ын бүлэг дүгнэлттэй танилцаад үдээс хойш гэхэд хэлэлцэж эхлэх хэрэгтэй” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Г.Занданшатар, “Оны эцэст балансаа хянах боломжгүй болно. Монгол Улсын төсөв тасрах аюул нүүрлэнэ. Улс орны эдийн засаг доголдоход хүрвэл хэн хариуцлагыг нь үүрэх вэ” гэлээ.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, “Бүлгийн завсарлага авах эрхийг хүндэтгэж байна. Эхний асуудлуудаа хэлэлцэж байх хооронд шалгалтын дүгнэлттэй АН-ын бүлэг танилцаж байг” гэснээр өнөөдрийн хэлэлцэх асуудлын дарааллыг батлав.

Чуулганаар одоо Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *