Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн банк, ОХУ-ын “Сбер” банк хамтарч төсөл хөтөлбөр санхүүжүүлнэ

УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д хийх айлчлалаа өчигдөр эхлүүлсэн. Тэрээр айлчлалаа ОХУ-ын “Нэгдмэл Орос” намынхантай зөвлөлдөх уулзалт хийснээр эхэлжээ. “Нэгдмэл Орос” намын төв байранд Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболдыг тус намын Дээд зөвлөлийн дарга Б.В.Грызлов угтан, хоёр намын хамтын ажиллагааны асуудлыг хөндөж ярилцсан байна.

Ноён Б.Грызлов хөрш зэргэлдээ оршдог төдийгүй найрамдал, хамтын ажиллагааны олон жилийн баялаг түүхтэй Монгол Улс, Монголын ард түмнийг бид гүнээ хүндэтгэдэг хэмээн үгийнхээ эхэнд тэмдэглээд “Бидэнд улс орноо хөгжүүлэх, эдийн засгийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, харилцаа хамтын ажиллагаагаа илүү өндөр түвшинд хөгжүүлэх нийтлэг сонирхол бий. Үүнд хоёр намын хамтын ажиллагаа, парламент хоорондын харилцаа чухал үүрэг гүйцэтгэнэ.

Хөршүүдийн харилцааны хүрээнд ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан “Эдийн засгийн коридор” байгуулах хэлэлцээнд 30 гаруй төсөл багтаж байгаагийн дотор зам, тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийн олон төсөл бий. Тэдгээрийг амжилттай хэрэгжүүлэхэд эрх баригч улс төрийн хүчин болох “Нэгдмэл Орос” нам болон Монгол Ардын Нам онцгой анхаарал хандуулах ёстой. Хоёр орны хоорондын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Өнгөрсөн оны байдлаар бараа эргэлтийн хэмжээ 1.1 тэрбум ам доллар байгаа нь чамлалттай байна. Гэхдээ 2000 онтой харьцуулахад энэ үзүүлэлт 6 дахин нэмэгдсэн” гэлээ.

УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд Төрийн Думын сонгуульд ялалт байгуулсанд нь Б.Грызловт баяр хүргээд бидний айлчлал, энэ үеэр гарын үсэг зурах баримт бичиг хоёр намын хамтын ажиллагаанд чухал үйл явдал болж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард миний бие ОХУ-д айлчилсан. Энэ үеэр Их өрийн үлдэгдлийг нэгмөсөн шийдсэнээр хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцаанд таатай, шинэ орчин үүсэн бий болсон.

Айлчлал: Хөгжлийн банк, ОХУ-ын “Сбер” банк хамтарч төсөл хөтөлбөр санхүүжүүлнэ

Түүнчлэн “Нэгдмэл Орос” нам Думын сонгуульд, манай нам энэ оны VI, X сард явагдсан хоёр сонгуульд ялалт байгууллаа. Ийнхүү хоёулаа засгийн эрх барьж буй нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүх түвшинд амжилттай хөгжих суурь нөхцөл болж байна. Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа эрчимжих хандлагатай боллоо. Хөрш 3 улсын тохиролцоог ажил хэрэг болгох нь чухал гэдэгтэй санал нэг байна. Энэ тохиролцоогоор “Эдийн засгийн коридор” байгуулах төслийн судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулахаар тохиролцсон. Энэ талаар та бүхэн анхаарч, дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Намуудын хамтын ажиллагааны хүрээнд намын дэргэдэх залуучууд, эмэгтэйчүүдийн гэх мэт төрийн бус байгууллагуудын хэлхээ холбоог бэхжүүлэх нь чухал юм. Манай намын залуучуудын байгууллага “Нэгдмэл Орос” намын дэргэдэх “Молодая гвардия” байгууллагатай хамтран ажиллахаар болсон нь сайхан эхлэл боллоо. Түүнчлэн намын улс төрийн ажилтнуудыг харилцан туршлага солилцуулах, “Нэгдмэл Орос” намын сонгуулийн сурталчилгаа, мэдээллийн туршлагаас бид суралцан судлах саналтай байна гэв.

Уулзалтын үеэр “Нэгдмэл Орос” намын Ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч С.В.Железняк, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд нар харилцан үг хэлж, хоёр улс болон намуудын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийллээ.

Айлчлал: Хөгжлийн банк, ОХУ-ын “Сбер” банк хамтарч төсөл хөтөлбөр санхүүжүүлнэ

Дараа нь УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, ОХУ-ын “Нэгдмэл Орос” намын Дээд зөвлөлийн дарга Б.В.Грызлов нар намуудын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын “Сбер” банкны хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулав. Баримт бичигт Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, “Сбер” банкны Удирдах захирал А.Иванов нар гарын үсэг зурлаа.

“Сбер” банк нь ОХУ-ын хамгийн том банк бөгөөд энэхүү Санамж бичгийг байгуулснаар хоёр орны эдийн засаг, худалдаа, бизнесийн томоохон төсөл, хөтөлбөрийг “Сбер” банк санхүүжүүлэх боломжтой болж байгаа ажээ.

Айлчлал: Хөгжлийн банк, ОХУ-ын “Сбер” банк хамтарч төсөл хөтөлбөр санхүүжүүлнэ

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын орлогч дарга, “Нэгдмэл Орос” намын бүлгийн дарга В.А.Васильев, Холбооны хурлын Төрийн Думын дарга В.В.Володин, Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай уулзах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *