Categories
мэдээ улс-төр

Худалдааны тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.05.01.Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 09.55 цагт гишүүдийн 51.3 хувийн ирцтэй эхэллээ.

Улсын Их Хурлын даргын хэлэлцэх асуудлыг танилцуулгын дараа Б.Гарамгайбаатар гишүүн горимын санал гаргав. Тэрээр, өнөөдрийн хэлэлцэх Засгийн газраас өргөн мэдүүлсэн болон гишүүдийн боловсруулсан Худалдааны тухай хуулийн төслүүдийг хамтад нь хэлэлцье. Төслүүдийн хэлэлцэх эсэхийг байнгын хороон дээр шийдвэрлэхдээ хамтад нь хэлэлцсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд ч энэ горимоор хэлэлцэх саналтай байна гэв. Түүний горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр байнгын хороогоор хэлэлцсэн горимоор буюу төслүүдийг хамтад нь хэлэлцэхээр тогтов.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Худалдааны тухай хуулийн төслийн танилцуулгыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хийв.

Худалдааны салбар үйлдвэрлэгч хэрэглэгчийг холбож байдаг эдийн засгийн чухал салбарын нэг бөгөөд тус салбар 2013 оны байдлаар ДНБ-ий 17.4 хувийг бүрдүүлж, энэ салбарт 152 мянган хүн ажиллаж байна хэмээн сайд хэлсэн.

Хүн амын хэрэгцээний 70 орчим хувь, түлш, шатахуун 100 хувь импортоор хангагддаг, экспортын орлогын 90 орчим хувь уул уурхайн цөөн нэр төрлийн түүхий эдийн экспортод тулгуурласан эдийн засгийн эмзэг, өрөөсгөл бүтцийг бий болгоод байна.

Өнөөгийн байдлаар худалдааны харилцааг олон салбарын хуулиар хэсэгчлэн зохицуулж байна. Тухайлбал, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Зарим бараанд экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Онцгой албан татварын тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Патентын тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль зэрэг бусад салбарын хууль тогтоомжид худалдаатай холбоотой зохицуулалтууд туссан байдаг боловч худалдааны харилцааг зохицуулах нэгдсэн бодлого өнөөг хүртэл байхгүй байгаа юм байна.

Хуулийн төслийг боловсруулах шатанд хилийн чанадад суугаа ДТГ-аас ирүүлсэн 10 гаруй орны худалдааны эрх зүйн зохицуулалтын талаарх танилцуулга, Худалдаа эрхлэгчдийн улсын 4 дүгээр зөвлөгөөнд оролцогчдын зөвлөмж, 2012-2015 оны хооронд худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим зэрэг төрийн бус байгууллагууд, холбоод, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын дунд 5 удаагийн уулзалт, хэлэлцүүлгээс гаргасан саналыг тус тус хуулийн төсөлд тусгажээ.

Энэхүү хууль батлагдснаар эдийн засаг, нийгмийн хөгжил, дотоодын үйлдвэрлэлийг худалдаагаар дэмжих төрийн бодлого, зохицуулалт, хамгаалалтыг олон улсын эрх зүйн хэм хэмжээний болон дотоодын хууль тогтоомжийн хүрээнд нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх эрх зүйн цогц арга хэрэгсэл бий болно гэж Засгийн газар үзэж байгаа юм байна.

Дээрх хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцсэн тухай дүгнэлт, саналыг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун танилцуулав. Тэрээр, Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтээр уг хуулийн төсөл нь олон улсын гэрээ, дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрүүдийн зарчим, дүрэм, журамд нийцүүлэн гадаад орнуудтай харилцан ашигтай худалдаа хийх, үндэсний эдийн засгаа хамгаалах, худалдааны бодлогыг дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлоготой уялдуулах, дотоодын зах зээлийг шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах, худалдааны үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, худалдааны салбарын тогтвортой хөгжлийг хангах, улмаар эдийн засгийн хөгжилд тус салбарын үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор боловсруулсан байна. Байнгын хороо хуулийн төслийг 2015 оны 04 сарын 21-ний өдөр хэлэлцээд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тухай танилцуулав.

Түүний дараа УИХ-ын гишүүн Я.Содбаатар 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар гишүүдэд танилцууллаа.

“Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж, гадаад, дотоод худалдааг либералчлах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлсэний дүнд дэлхийн улс орнуудтай хийх худалдааны харилцаа эрчимтэй өргөжин хөгжиж байна. Худалдааны харилцаа хэдийгээр өргөжин тэлж байгаа боловч энэ талын зохицуулалт нь олон улсын гэрээ, хэлэлцээр болон аж ахуйн үйл ажиллагааны нийтлэг хэм хэмжээ тогтоосон хууль, эрх зүйн актуудаар дамжин хийгдэж байна.

Худалдааны харилцаанд зарим ойлголт, хэлбэр, төрөл, худалдаа эрхлэн явуулах арга, үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийг худалдаагаар дэмжих төрийн бодлого, зохицуулалт, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд гадаад худалдаанд хэрэглэх хамгаалалтын арга, гадаад болон дотоод худалдаанд тавигдах шаардлага, худалдаа эрхлэгчийн эрх, үүрэг зэрэг асуудал нь хуулийн тодорхой нэгдсэн зохицуулалтгүй явсаар ирсэн нь хууль санаачлах үндэслэл болсон хэмээн илтгэлдээ дурьдав.

Түүний хэлснээр, худалдааны хяналтын чиглэлээр хийсэн мэргэжлийн байгууллагын судалгаагаар Монгол Улсын хэмжээнд нийт худалдааны газрын 45.7 хувь нь зориулалтын бус ажлын байртай, 39.8 хувь нь хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг барааг технологийн горимын дагуу хадгалдаггүй, 26.0 хувь нь хүнсний болон түргэн гэмтэх барааг ТҮЦ, чингэлэг, ил задгай талбайд худалдаалдаг, 50.5 хувь нь барааг тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлгүй байгаа нь бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй аж. Худалдааны салбарын мэдээлэл, статистик хангалтгүй байгаа нь энэ салбарын бодлогыг тодорхойлох, гарах шийдвэрийг удаашруулах нөхцөлийг бүрдүүлж байгаа бөгөөд нийгэм, эдийн засгийн дээр дурдсан шаардлага болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтуудыг харгалзан Монгол Улсын гадаад, дотоод худалдаатай холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх суурь хууль болох Худалдааны тухай хуулийн төсөл нь 9 бүлэг, 29 зүйлтэй байхаар боловсруулжээ.

Илтгэлийн дараа гишүүдийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Г.Батхүү гишүүн танилцуулав. Тэрээр, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, С.Батболд, Д.Дэмбэрэл, Ж.Энхбаяр нарын гишүүдийн санаачилсан хуулийн төслийг байнгын хороо хэлэлцсэн тухай танилцуулаад, нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэснийг мэдэгдэв.

Төсөл санаачлагчид Монгол Улсын худалдааны бүтэц, төрөл, хэлбэр, дотоод гадаад худалдаанд тавигдах шаардлага, худалдаа эрхлэгчдийн эрх, үүргийг тодорхойлох, худалдааны бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим сан бүрдүүлэх, даяаршиж байгаа өнөө үед олон улсын тогтсон хэм хэмжээний хүрээнд гадаад орнуудтай худалдаа хийх, үндэсний эдийн засгаа хамгаалах, дотоод худалдааг цэгцтэй хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах чиглэлээр хуулийн төслийг боловсруулжээ байна.

Хоёр хуулийн төслийн хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, С.Ганбаатар, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, А.Бакей, С.Дэмбэрэл, Х.Болорчулуун, Г.Баярсайхан, Г.Уянга, Н.Номтойбаяр, Д.Сарангэрэл, З.Баянсэлэнгэ нар асуулт асууж, саналаа хэлэв. Гишүүд, хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа хэдий ч чөлөөт худалдаанд ямар нэгэн хэм хэмжээ, шаардлагагүй зөвшөөрлүүдийг бий болгох, худалдааг хуульчилснаар төрийн оролцоо нэмэгдэж элдэв давхар хяналтыг дагаад хүнд сурталыг бий болгох зохицуулалт тусгагдсан эсэхийг асууж байв.

Гишүүдийн асуултад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Я.Содбаатар, Д.Дэмбэрэл нарын гишүүд хариулт өгөв. Д.Дэмбэрэл гишүүн, бид чөлөөт худалдааны зарчмаар 25 жил ажиллалаа. Өнөөгийн нөхцөл байдлыг судлаад худалдааны ерөнхий хууль гаргах нь зүйтэй юм гэж үзсэн. Бидний санаачилсан хууль бол ерөнхий хууль юм. Хуулийн төсөлд худалдаанд соёл, стандарт нэвтрүүлэхийг л зорьсон байгаа. Хоёр хуулийн төслийн үндсэн агуулга нь ерөнхий хууль гэдэг дээр нэгдэж байгаа. Хуулийн төслөөр худалдааг хязгаарлахгүй хэмээв.

Харин Д.Эрдэнэбат сайд, Худалдаа эрхлэлт дээр бүртгэлийн зохицуулалт хангалтгүй байгаа тул бүртгэлжүүлэх зорилгоор зарим заалтууд орсноос бараа бүтээгдэхүүн импортоор оруулж ирэх тал дээр иргэд, ААН гэж ангилсан зохицуулалт тусгагдаагүй. Ямар нэгэн зөвшөөрөл авах, өгөх гэхээс илүү бүртгэлжүүлэх тал руу нь анхаарч боловсруулсан гэв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, санал хэлж дууссаны дараа байнгын хорооны хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *