Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Худал” үгүй социалист худалдаа

186(6552), 192(6558), 198(6564), 203(6569), 208(6574), 213(6579) дугаарт


Б.Цэнддоогийн шинэ бүтээл болох “Монгол: 11 үгээр” хэмээх номын хэсгээс үргэлжлүүлэн нийтэлж байна. Монгол хүний зан төрх, үндэстний хэв шинжийг 11 сэдэвт хураангуйлан хөгжөөн, наргиантайгаар өгүүлсэн энэ ном саяхан хэвлэлд шилжиж байгаа аж.


ХХ зуунд “дамын үнэ” гэдэг хэллэг үүслээ. Энэ бол нэгдүгээрт, улсын худалдаанаас гадуур борлосон барааны үнэ, хоёрдугаарт, эрэлт хэрэгцээнээс үүдэн зөвшилцдөг үнэ юм. Яагаад ч юм бэ, “иргэд хувийн хэрэгцээнээс илүү гарсан зүйлсээ борлуулах” нөхцөлтэйгөөр, барааны зах хотод нэг байхыг төрөөс зөвшөөрчээ. Тэдний үнэлгээг “хар зах”ын үнэ гэх. Улсын дэлгүүр бол “цагаан зах” болж байгаа хэрэг шүү дээ.

Хар зах дээр наймаа хийх битгий хэл түүгээр явах нь нам, эвлэлийн ажилтнуудад зохимжгүй. Намайг оюутан байхад МУИС-ийн хуулийн ангийн нэг оюутан зах дээр мөнгөн аяга зарах гэж яваад баригдаж, сургуулиасаа бараг л хөөгдсөн санагдана. Үзэн ядах цуглаан маягийн юм болж байсныг л санаж байна.

Намгүй, эвлэлгүйнүүд ч нэг их чөлөөтэй наймаа үсэргэсэн юм байхгүй. Захын байцаагч ирээд тасалбар шалгаад, юмыг нь хураах энүүхэнд. Тасалбар авах мөнгөө харамласан биш, бараг л бараа олсон эх үүсвэрээс эхлээд иргэний мэдээллээ мэдүүлэх тул зайлсхийж байгаа юм.

Ингээд л ховор зэвэр хувцас, бараа мөрөн дээрээ тохсон хүнээс “үнэ” асуувал хэлэхгүй. Харин “Зарахгүй ээ, өөртөө авсан чинь томдчихлоо (өмсөж үзэж авах нь ч яасан юм бэ). Ижилхэн мөртлөө арай жижиг өмсгөлтэйгөөр солих (ижил л тэр зах дээр байтугай манай улсад харагдаагүй бараа байх) санаатай” хэмээн дүйвүүлнэ.

Үнэхээр авах гэж байгаа хүнийг ч тэд андахгүй, нэлээн шалуулсны эцэст “Үгүй ээ, одоо ижил нь олдохгүй бол зарчихаад өөрийг авсан нь дээр ч юм уу” хэмээн эргэлзсэн царай гаргана. Тэгээд чиний ятгалганд арга буюу авсан, тэгээгүй бол ижлийг нь хайсаар насаа барах байсан дүртэй болоод наймаалцана даа.

Захын үнэ ханш ямар ч нүүдэлчний зэвүүг хүргэмээр л дээ. Улсын худалдаанд байтугай, улсын хил дотор дахиад байхгүй өмд цамц, цахилгаан бараа барьсан этгээд ч санаанд орсон үнээ хэлнэ л дээ. Хоолойных өнгө, нүүрнийх нь хэлэмжид, дээр өгүүлсэнчлэн “Үүнээс хямдханыг байтугай үүнтэй ижлийг олоод авахыг чинь харах юмсан” гэсэн тохуу шингээстэй.

Социалист худалдаа хомсдлоор дүүрэн ч тэр нь ихээхэн ардчилсан байдалтай нь хүмүүсийг тайтгаруулна. Хүмүүс улсын хоршооны хоосон лангуунд гомдохын оронд “Хэрвээ Худалдаа, бэлтгэлийн Яам байгаагүй бол яана” гэхээр айдас төрнө. Тэгвэл хамаг л юмаа хар захаас дамын үнээр авах байсан гэж бодохоос жихүүцэм.

Жам ёсны зах зээлгүй байснаас болоод жам ёсны зах зээлээс айх айдас, зөв үү? Эндээс болоод хар захын бараа илүү өндөр “худал үнэтэй”, харин дэлгүүр хямд “үнэн үнэтэй” гэж бид бүгдээрээ л итгэж байв.

1991 онд номын зохиогч Их Британийг үзэж, Лондон оров оо, чиминь. Анх удаа Зөвлөлтийг алгасч, алгасах алгасахдаа хөрөнгөт оронд хөл гишгэж байгаа минь энэ. Тэр үеийн дүрэм ёсоор Монголбанк надад 7.5 паунд сольж өгөв. Валютын чөлөөт арилжааг зөвшөөрдөггүй байсан тогтоц хараахан халагдаагүй үе. Гадаад явах хүмүүст Монголбанкнаас хязгаарлагдмал хэмжээний валют сольж өгдөг, хамгийн ихдээ 30 рублийг Зөвлөлт явах хүн авч болно.

Тэр үед нийслэлд гадаадын буюу гуравдагч орны хүмүүст зориулсан “Валютын дэлгүүр” хэд хэд байлаа. Тусгай үнэмлэх гэж байхгүй ч “үнэхээр юм авах” гэж байгаагаа нотлон доллар ч юмуу харуулах ёстой. Жирийн хүн тийшээ ороод байвал кока колагаас эхлээд хөрөнгөтний бараагаар нүдээ хужирлаж, барууны юманд татагдвал яана гэж тэр.

Ороод юм авлаа гэхэд таныг Аюулаас хамгаалахын төлөөлөгч “хөрөнгөтөн орны, ангийн дайсан этгээдтэй холбоотой байж болох этгээдийн жагсаалт”д бүртгэж авна. Ганц нэг доллараас хэтэрсэн юм авах, эсвэл дахин дахин үйлчлүүлбэл, байцаалтын өрөө рүү алхаад марш!

Валют гэснээс, ДЭМБ болон олон улсын байгууллагад томилолтоор ажилласан хүмүүс валютын орлогоо бараг бүхлээр нь хайрт нам засагтаа тушаах үүрэгтэй. Тэгэхээр жирийн хүн хуулийн хүрээнд валют олж авна ч гэж юу байх вэ. Хулгайгаар валют наймаалбал, олж авбал шоронд ордог, хэрэгт холбогддог байсан юм. Зөвлөлтөд Ян Рокотов нарын гурван хүнийг 1961 онд гадаадын иргэнээс валют авч зарсан хэргээр шууд буудчихаж байлаа. Зөвлөлтийн удирдагч Н.Хрушев тэднийг бусдад сургамж болохуйцаар яллах хэрэгтэй гэж хэлснээс шүүхийнхэн ямар нэгэн зүйл ангийг тэдэнд тааруулан найруулаад яллажээ.

Зөвлөлтийн туршлага бол БНМАУын дагаж мөрдөх заавар байсан тул, манай төр засгийн тэргүүн нар анхны гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч “Чонон” хэмээх Борисыг цаазалжээ. Тэрээр, хумсны хутгаар хүний гуяыг зүссэн хэрэг үйлдсэн ба тэр үедээ насанд хүрээгүй байсан гэдэг.

Өнөөдөр, валютын зах дээр чөлөөтэй наймаа хийж суугаа хүмүүс, цагтаа тэдний ажил мэргэжил нь цаазын ялтай байсныг төсөөлөх ч үгүй.

Миний валютын эрэл ч бас бөөн драма боллоо. Тэр үед Монголбанкны ерөнхийлөгч Жаргалсайхан дээр, сургуулийн найз бөгөөд шинэхэн байгуулагдсан ардчилсан хүчний төлөөлөл МСДНыг удирдагч нарын нэг А.Ганбаатарыг дагуулж орж гуйгаад ч солих валютын хэмжээг нэмж өгсөнгүй. Өөрийнхөө мөнгөөр худалдаж авах юм шүү дээ.

Ингээд яаж ийгээд олсон 10 доллар, Монголбанкаар солиулсан 7.5 паундтай этгээд хөрөнгөтний газрыг үзэхээр одлоо. Социализм байгуулж явсан надад бол анхны гадаад валютын яндашгүй хуримтлал тэр байлаа.

Лондоны Империал коллежид гэр бүлээрээ ажиллаж байсан Баабарынх Элчин дээрээ байр хөлслөн амьдарна. Намайг гэртээ суулгаж “Английг үзнэ үү” хэмээн урьсан билээ. Тэрнээс биш 8 паундаар Лондоны гудамжинд ч ганц хонохгүй биз дээ.

Британий музей, Вестмэнстрийн сүм, Трафелгерийн талбай, Парламентын ордон гоё ч гэсэн төсөөллөөс гадуур биш. Хол явсан монгол хүн хоосон харьж болохгүй учраас дэлгүүр хэссэн маань төсөөллөөс давсан юм. Баабарынхан эхлээд намайг “Сайнсбуурис” гэхчлэнгийн их дэлгүүрт оруулж, хорвоогийн дэлгүүр байдгийг харуулж алмайрууллаа. Бурхан минь, энэ хорвоо ямар баян юм бэ л гэж бодлоо. Гэхдээ төсөөллөөс давсангүй л.

Дараа нь намайг хар захаар дагуулж явлаа. Англи дамчдыг үзсэн хэрэг. Гэтэл, үзээгүй юмаа тэнд л үзэв. Юуны өмнө захын бараа дэлгүүрийнхээс хямд байхыг хоёр нүдээрээ үзэж мэл хөхрөв. Бас үнээ хэд хэдээр байтугай хэд дахин хямдруулж байхыг харж цэл гайхав. Бүүр хачин нь, эрзээнэн бохь мохихныг “Ах аа, эгч ээ наадахаа зарчих л даа” гээд аргадан гуйж өссөн миний араас нэг баривгар энэтхэг хүн салахгүй дагаж, юмаа авчих гэж шалсаар жижиг магнитофоныг бараг сул өгөхөд “Үгүй бас амьд явсных, ийм юм үзэх гэж байх аа” гэсэн шүү бодогдон итгэж ядлаа.

-Манайд ийм байдаг бол мөн гоёо хэмээн хүсэмжлэн бодох зуур, яаж ийгээд авчихмаар байсан жинсний үнийг буулгаж өгөөгүй хэд хэдэн дамчдын дүрс санаанд бууж “ Тал үнээр нь авчих л даа” хэмээн царайчлан дагаснаар төсөөлөгдөж ч байх шиг.

Баабар “баталгаагүй бараа зарж байгаа учраас хямд байдаг” гэж тайлбарлав. Юун баталгаа? Олдохгүй ховор юм олж өгчихөөд, араас нь батална гэж юу байсан юм бэ?

“Алтан сайхан үрийг авчихаад, юун мөнгө нэхэх” гэдэг онигоо ч санаанд орох шиг.

Тэр нь ийм учиртай онигоо. 1970аад онд, Засгийн газар, Гэр бүлээс гадуурх жирэмслэлттэй тэмцэх хүрээнд “Хүүхдийн эцэг тогтоох” кампанит ажил зохиосон юм. Нөхөргүй атлаа хүүхэдтэй эмэгэйчүүдийг байцаан, хэнтэй унтаж жирэмсэлснийг тогтооно. Төвөөс ирсэн болон сум орны хариуцлагатнууд ирээд хөөрхийсийг улалзтал байцаана шүү дээ.

Гэтэл олон хүүхэдтэй нэг авгай бэлгийн хамтрагчаа тас нуугаад хэлж өгдөггүй гэнэ. Аргаа барсан дарга нь сэнхрүүлэх санаатай “Таны мууг үзэх гэсэн хүн алга. Хүүхдийн чинь эцгээс тэтгэмж гаргуулж танд өгөх гэж байгаа юм. За, даргадаа үнэнээ хэлчих, хэнтэй унтсан гэлээ” хэмээн аргаджээ.

Мөнөөх авгай арга авах байтугай, дүрсхийн уурлаж:

-Алтан сайхан үрийг нь авчихаад, араас нь мөнгө нэхэх хүн, би биш ээ гээд гүрийсээр дуусчээ…

ОдОО авахгүй бОл хэзээ ч авахгүй

… Энэ түүхийг хуучлах шалтгаан, хуучин “Айпод”-оо олсноос эхэлсэн юм. Урьд намар нь далд хийсэн зуны малгайгаа хаврын сүүлчээр эрж байгаад түүнийг олсон хэрэг. Тэгэхээр, зуны малгайнаас, эсвэл намраас, байчихаад хавраас шалтгаацсан түүх гэсэн ч болно.

Хуучин Айподын цэнэглэгч олдоогүй учраас утасны зах оров. Хуучны хэрэгтэй, хэрэггүй утас, залгуур, зай хураагуур овоолсон лангууны дороос хайсан юмаа олох нь ч оллоо. Хэн ч билээ, нэг мэргэн хүн “хэрэгтэй юмаа хэрэггүй зүйлсээс хайж бай” гэж хэлсэн ч билүү, тэгж бодогдсон ч бил үү?

Харин яг гарах гэж байтал, чанх ард нэг эмэгтэй утсаар ярьж анхаарал сарниуллаа. Хүний яриа чагнаад явдаггүй ч гэсэн, чихэн дээр хашгичаад эхлэхээр яалт ч үгүй сонсов доо. Иймээс нэг эмэгтэй чанга ярьснаас сэдэвлэсэн түүх гэсэн бас болох юм байна.

Цаад хүний яриа бүдэг дуулдаад эхлэхээр наанаас хашгичдаг нь утсаар яригч бүх хүний шинж учраас гайхсангүй. Тантай утсаар ярьж буй этгээд дуугаа гэнэт өндөрсгөөд унавал чиний яриа бүдгэрснийх юм шүү.

Чанга дуутай бүсгүйн ярианаас танхим дүүрэн хүмүүс нэг зүйлийг мэдэв. Тэднийх машин авах гэж байгаа юм байна. Улмаар, авах машинаа олоод, эзэнтэй нь тохиролцсон болохыг мэдэж авав. Бараг л аятайхан серийн дугаар, мугаар ч зохицуулсан бололтой.

Эцэст нь нэг л юман дээр гацжээ. Тэр нь мөнгө. Авах машин бэлэн болсон ч машин авах мөнгө нь байгаагүй аж. Ингээд, амьтан ах дүүс рүүгээ утасдаад, зээлж хуйлан цуглуулсаар овоо барагласан бололтой. Одоо ганц хоёр сая төгрөг л сох дутаад, нэг хамаатнаа л шаналгаж байгаа нь тэр аж. Тунирхах, айлгах хосолсон яриандаа “Одоо л чиний тусыг авдаг цаг”, “өмнө нь чамаас юм гуйж байл уу, айн” гэхчлэнгийн дарамттай хэллэг дайгаастай. Ярьж ярьж, эцэст нь дансны дугаараа зарлаж, арай л пасс коодоо хэлчихээгүйг бодоход тэднийх гэдэг айл машинтай болох нь болжээ. Амжилт юм даа, тээ?

Тэнд байсан монголчууд бүгдээрээ л ингэж бодлоо. Хэн ч үйл явдалд гайхсангүй. Хэрвээ, япон ч юмуу, герман хүн тэнд байсан бол “Эхлээд мөнгөө бэлдээд, дараа нь машинаа хайдаггүй юм уу” хэмээн асуух биз ээ? Харин бид “яагаад болохгүй гэж” хэмээн өөдөөс нь асуух байх аа.

Зах зээлээс хол, үеийн үед бараа үйлчилгээний хомсдол дунд амьдарч ирсэн нүүдэлчдэд нэг онцлог байдаг юм. Энэ бол хэрэгцээт бараагаа мөнгө бэлдсэний дараа авах биш, бараагаа олдмогц мөнгөө бэлддэг зан юм.

Та өөрийгөө тал нутгийн малчин айлаар төсөөлөөд үз дээ. Нэг сайхан өдөр, танайх шинэ эмээл авна гэж төлөвлөөгүй сууж байтал, аян замын хос морьтой хүн танайд бууна. Хөтөлгөө мориныхоо “самбуу” эмээлийг зарвал ч зарчих бодолтой яваагаа яриан дундуураа дуулгаж. Их аятайхан шинэвтэр эмээл. Танай хүү эрийн цээнд хүрч, өрх тусгаарлах цаг ойртож байгааг энэ завшаанд санана. Ийм эмээл тэгж санаан зоргоор тааралдахгүй шүү дээ. Тааралдахгүйгээр барахгүй, хуучны сайн эмээлчингүүд үхээд дууссан, шинэ цагийн залуус эмээл урлахын оронд туйпуу цохиж сурч байгаа цаг. Ингэж бодохоор “Одоо, эсвэл хэзээ ч үгүй” гэдэг сонголт л урд байх аж.

Иймээс, байгаа мөнгөө шавхаад, дээрээс нь айл саахалтынхнаас зээлээд эмээлийн өртөг босгохос өөр замгүй. Айл аймгийнхан ч гайхахгүй, байгаагаараа тусална. Хожмын өдөр ийм сонголт өөр дээр нь ч ирж мэдэх учраас, боломжоо шавхана.

Гэтэл өнөө муу аянчин чинь бараг хоёр эмээлийн үнэ хэлдэг байгаа. Дээр нь мал идээ сонирхохгүй, бие мөнгөөр наймаалцаад, замаа хөөх бодолтой. Үнийг нь буулгах гэтэл хөдөлсөнгүй. Гийчин цайлж дуусаад “За, холын хүн, эртхэн замаа хөөдөг юм уу” гэсээр үүд рүү харах нь “авбал ав, байвал бай” гэдэг тулгалт. Ингээд ёстой “худал+даа”-ны үнээр л мөнөөх эмээлийг авна даа.

Муусайн дамчдын хажууд социалист худалдаа хичнээн шударга вэ? Олдох юм байхгүй ч гэсэн бүх юм ижил үнэтэй!

1988 онд Төв аймгийн театрт миний цомнолоор бүтээсэн хөгжимт драмын жүжгийг тоглов оо. Миний сайных ч биш Соёлын Яамын жүжиг, кино хариуцсан мэргэжилтэн Д.Батбаяр гуай санаачлан, залуу зохиолчдоор шинэлэг өнгө аястай жүжиг бичүүлэн орон нутагт тоглуулах ажил зохиосон юм. Өнөө “Цахилж яваа гөрөөс” зэрэг бүтээлээрээ алдаршсан, Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр гуай шүү дээ.

Жүжиг маань гайгүй үнэлэгдэж, 5000 төгрөгийн шагнал авлаа. Их мөнгө л дөө. Нэг мянгыг нэмээд орос мотоцикль авч болно. Ингээд шинэхэн айл болсон ч дутагдаад байсан, хөргөгч, зурагт радио, диван гурвыг хайлаа. Гэвч, мөнгө байвч БНМАУын хэмжээгээр хөргөгч, зурагт олдсонгүй. Хааяа нэг ирдэг нь ар, өврийн хаалгаар алга болох тул жирийн хүнд хүртээлгүй.

Харин диваныг бол мебелийн үйлдвэрийн дарга дээр биечлэн орж байж, нэгийг цохуулан авлаа. Ингээд нэг айлын хөргөгчинд жаахан мах гуйж хадгалуулдаг, нөгөө нэг айлд орой орж зурагт үздэг залуу хос хэвээрээ хэсэг явлаа. Мөнгө бол байгаа л байгаа шүү дээ. Өвөг дээдсийн туршлагаар, мөнгөнөөсөө өмнө авах юмаа олоогүйн л үйл лай юм даа.

Гэтэл аз болж, хамт ажиллаж байсан яруу найрагч С.Батмөнх маань дэвшиж Намын хянан шалгах хорооны дарга Ламжавын туслах болчихлоо. Болоод зогссонгүй, зөвхөн дарга сайд нар ордог 10 дугаар дэлгүүрээр үйлчлүүлдэг болтлоо дэвшив. Улс орныг удирдах баг болсон Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүний туслахын алба бол тийм өндөр зиндааных ажээ.

Ингээд л өнөө муу найзыгаа шаналгалаа даа. Яг л өнөө гар утасны зах дээр чанга ярьж, хэн нэгнийг мөнгө өгөхөөс өөр аргагүй болгодог эмэгтэй шиг.

Найз маань уриалгахан тусалж, одоо энэ гэрэл зурагчин С.Цацралтыг дагуулаад хамтдаа гарлаа. Цацаа бид хоёр Сайд нарын 10 дугаар дэлгүүрийн хашааных нь гадаа зогсож үлдэв. Энгийн хүнийг хашаанд оруулахгүй дүрэмтэй. Удсан ч үгүй Батмөнх маань дуудаж байна аа. Цагдаад нь “энэ хүнээр авсан юмаа хүргүүлэх учиртай” гээд дотогш оруулсан байдаг. Зөвхөн Сайд нар ордог тусгай дэлгүүрээс Зөвлөлтийн үйлдвэрийн “Рекорд” хэмээх хар цагаан зурагт дамжлан гарч буй фотог С.Цацралт дарсан нь манай альбомд бий.

Энүүхэндээ ярихад, Их Монгол гүрний үеэс Манжийг дамнаад, Зөвлөлтийн эринг залган үргэлжилсэн “нийлүүлэлтийн хомсдол”, “одоо л авахгүй бол хэзээ ч авч чадахгүй” гэсэн эрэлтийн дүрэм биднийг одоо болтол дагасаар байгаа юм.

Чөлөөт зах зээлд шилжсэний дараа манайд, зарим эрэлттэй бараа, ялангуяа үл хөдлөх хөрөнгийн үнэ хэтэрхий өндөр байгаа тухай гомдол, шүүмжлэл их гарах болсон. Ялангуяа орон сууц, хуучин машины үнэ хэрээс хэтэрсэн тухайд.

Ямар сайндаа л “Энд хоёр өрөө байр авах мөнгөөрөө Италид хаус авсан нь дээр юм байна. Ажлаас л жаахан хол юм даа” гэсэн онигоо хүртэл гарч байх вэ? Үнэхээр ч Америкийн зах зээл дээр зарагдаж буй сингл хаусаас давсан үнэтэй жирийн таунхаус цөөнгүй зарагдаж байлаа.

Нууц нь энгийн. Нүүдэлч удмынхны сэтгэлгээнд байгаа худалдааны тэнгэр Меркури “Одоо л авахгүй бол өөр хүн авчихна. Дахиад олдохгүй. Зээлээд ч болсон хамаагүй ав” гэж чихэнд шивэгнээд байгаа юм. Машин олчихоод, дараа нь машин авах мөнгөө цуглуулж яваа мөнөөх чанга дуутай хатагтайд ч бас тэгээд шивнэсэн хэрэг…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *