ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ амбулаторийн тасгийн эрхлэгч Б.Саруул “Менингококкын халдвар маш төвөгтэй халдваруудын нэг. Агаар туслаар халддаг нянгийн халдвар байдаг. Маш өвөрмөц тууралт арьсан дээр туурдаг. Үүний улмаас тархины хаван болон халдвар хордлогын шокоор нас барах магадлал маш өндөр өвчинд тооцогддог. Улс даяар хийдэг тандалтын судалгаагаар 5-10 жилийн мөчлөгтэй тус өвчин дэгддэг гэж гарсан.
2025, 2026 оныг менигококкын дэгдэлтийн жил гэж үзэж байгаа. 3-9 насны хүүхдүүд ихэвчлэн өвддөг.
Налайх дүүрэгт гарсан тохиолдлын хувьд эмчлэх гэж, оношлох гэж цаг хугацаа алдсан байсан. Биеийн байдал нь маш муу нөхцөлд эмч дуудсан.
Менигококкын өвчний нян бактерийг тээж явж байдаг хүмүүс байдаг. Төвөнх залгиурын улаалттай, үрэвсэлтэй насанд хүрэгчид байдаг. Өөрөө өвдөхгүй, шинж тэмдэггүй халдвараа тараах эрсдэл өндөр байдаг. Менигококкын халдвараар хөнгөн өвдсөн тохиолдолд 40 хувь нь, халдвар хордлогын шокоор хүнд өвдсөн хүмүүсийн 95-100 хувь нь нас барах эрсдэлтэй” гэв