Categories
мэдээ цаг-үе

Хоёр туулай хөөсөн анчин хоосон хонодог бол гурван хөрш хөөсөн Монгол гурайтаж үлдлээ

Энэ цаг дор Монгол улс ямар ч сайн хөршийн харилцаагүй болох хамгийн тэнэг бодлого руу явж байх шиг байна. Гадагшаа айлчлал хийж буй төрийн өндөрлөг алга. Өнгөрсөн 100 жилийн Монголын түүхэнд, үе үеийн эх орончдын мөнхийн зорилго нь хоёр хөршөө давж гуравдагч орнуудтай харилцахыг зорьсон тэмцэл байсан. Энэ их хүсэл нь ерэн оны хувьсгалаар биелэлээ олсон. Монгол Улс 1990-ээд оны дунд үеэс эхлэн “Гуравдагч хөршийн бодлого”-ыг хэрэгжүүлэх болсон. Энэ нь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргүүдээ илгээж, гадаадын компаниудад татварын хөнгөлөлт үзүүлж эхэлснээс тод харагдана. Гуравдагч хөршийн бодлого хэрэгжиж эхэлсний баталгаа энэ. Дэлхийн улс орнуудын эрх ашгийг Монголд тэнцүү оруулж, дунд нь тоглолт хийх энэ бодлого эдийн засгийн салбарт лав өнөөдөртөө амжилт муутай болж эхэллээ. Том зургаараа Монголын гадаад бодлого алдагдаж, Монгол Улсын “Төвийг сахих” үзэл баримтлал хүртэл хор уршиг дагуулж мэдэх болсныг судлаачид, мэргэжлийн дипломатууд ярьж, бичиж эхэллээ. Тийм болохоор гадаад бодлогодоо анхаарах, эргэж харах цаг нэгэнт болжээ.

Хятад улс ирэх 2018 онд “Бүс болон Зам” төслөө танилцуулах юм байна. Монгол хаана нь явааг, энэ төсөлд хэрхэн багтаж буйг асуухад “Монгол Улс өөрсдийн судалгаагаа одоо болтол өгөөгүй” гэжээ. Аль эрт 2014 оны үеэс Монгол-Орос-Хятад гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах тухай яригдсан. Энэхүү том төслөө “Талын зам” гэж томьёолсон. Тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн айлчлалын хамтарсан мэдэгдэлд “Талууд Монгол Улсын “Талын зам” болон Хятадын “Бүс болон Зам” хөгжлийн стратегийг уялдуулах нь хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бий болгоно” гэж илэрхийлсэн. Энэ төслийн хүрээнд бүс нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад холбох томоохон төслүүдийг санхүүжүүлэх Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, “Торгоны замын сан” зэрэг санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаа явуулахыг дэмжсэн. Манай нутгаар дамжуулан Хятад-Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлнэ гэсэн том санаачилгууд яригдаж байсан ч өнөөдөр энэ талаар шууд хариулт өгөх хүн Монголын төр засагт хэдүйн байхгүй болжээ. “Хамтран ажиллана, харилцан дэмжинэ, идэвхтэй судална” гэсэн дипломат хариултууд л үлдсэн бололтой.

Харин бүр эсрэгээрээ Монгол Улс нь урд хөрштэй харилцаа муудлаа. Цагаан хадны боомтод нүүрс ачсан манай машинууд хэдэн мянгаараа, 150 км-ийн цуваа үүсгээд байж байна. Гашуун сухайт мөн адил ийм өрөвдөм байдал руу шилжлээ. Замын-Үүдийн боомтын дүр төрхийг манай сонины саяхны сурвалжлагаас уншсан байх. Урд хөршөөс ер нар харахгүй байдалд бүрэн шилжлээ. Шулуухан хэлэхэд энэ бүх царцанги байдал Далай ламын айлчлалаас болсон. Далай ламын айлчлал Монголд улс төр, эдийн засгийн ямар их хор хохирол дагуулав. Хамгийн эмгэнэлтэй нь өнөөдөр Монголын төрийн эрхэнд байгаа, байсан хэдэн том хүн өөрсдийнхөө хүүхдүүдээс Богд тодруулах лобби хийх гэж л Далай ламыг урьж залж авчирсан нь ийм байдалд хүргэсэн. Үр дагаварт нь Монголын орлогын ганц эх үүсвэр болсон нүүрсний үнэ шалдаа бууж, хятадууд бүр авахгүйдээ тулав. Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн гуайн “Өдрийн сонин”-д өгсөн нэг ярилцлага бий. “Монголчууд бид хоёр хөршийнхөө дунд мөрөөрөө амьдрах ёстой” гэсэн гарчигтай. Бид мөрөөрөө, дээр нь ухаалаг гадаад бодлоготой байсан бол урд хөрштэй ийм байдалд орохгүй байв. Сүүлийн 20 жилийнхээ явж ирсэн түүхийг бид хоолтойгоо холиод идчихэж. Эргэн санахад эдийн засгийн гуравдагчийг оруулж ирэх оролдлого бүхэн Хятад гэсэн том ханатай мөргөлдөж ирсэн. Ерэн оны дунд үеийн барууны хамгийн том хөрөнгө оруулалт болох Тамсагбулагаас нефть олборлож байсан АНУ-ын “Соко ойл” компани нь газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зөвшөөрөл авч чадалгүй, олборлолт хийх зөвшөөрлөө Хятадын хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг Монгол” гэх компанид зарсан юм. Зарахаас өөр аргагүй байдалд манай зарим нөхөд, урд хөршийнхөнтэй хамтарч оруулсан. Дараагийн асуудал нь Канадын “Хан Ресурс” байна. Хятад, Орос хоёулаа Дорнодын Мардайд олборлолт явуулах тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан уг компанийг худалдаж авахын төлөө тэмцэлдсэн. Эцэст нь хятадууд Оросын санал болгосноос хамаагүй илүү үнэ хэлсэн. Энэ мэт баахан үйл явдал үргэлжилсээр эцэст нь манай улс Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай хууль батлагдсаны дараа БНХАУ нүүрсний худалдан авалтаа зогсоосон. Хятадын хойд мужийн үйлдвэрүүдэд бол Монголын нүүрс хамгийн ойр, бас хямд. Тэд Өвөрмонголд эрчим хүчний шинэ бүс байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ бүсэд нь бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байгаа. Байдал ийм байхад худалдан авалтаа царцаана гэдэг урд хөрш асуудлыг эдийн засгийн талаас харахгүй байгаагийнх. Яг л тэр жил оросууд шатахууны цоргоо хаасан шиг.

Их гүрнүүд ийм шахалт үзүүлэхдээ өнгөн далдлалтыг чадмаг хэрэгжүүлж байна. ОХУ шатахууны цоргоо хаах үед Алтайн хязгаар зэрэг Монголтой ойр мужууд нь хязгаарлалтад өртсөн. Харин хятадууд үйлдвэрүүдийнхээ дэргэд их хэмжээний хуримтлал үүсгэж байгаад, Монголоос худалдаж авахаа болилоо. Худалдан авалтаа хязгаарласны дараа тус улсын төмөрлөгийн үйлдвэрүүд нөөцөө хэрэглэж эхэлсэн бөгөөд одоо бараг дуусгах дөхөж байгаа юм. Хятадын хувьд бол энэ асуудалгүй хугацаа. Харин дансаа улайлгасан Монгол Улсын хувьд бол хангалттай удаан тарчлалт юм. Тус улсын нүүрсний тээвэрлэлт хариуцсан нэгэн “бүдүүн” дарга “Нүүрсний үнийн уналт удахгүй тогтворжино. Гэхдээ бага чигээрээ нэлээд удаан хугацаанд байх болов уу” гэсэн мэдэгдэл хийсэн байна лээ. Манай улс дэлхийн зах зээлээс гурав дахин хямд нийлүүлдэг атлаа ингэж хясан боолгож байгаа нь эдийн засгийн асуудал мөн үү. Манай удирдагчдын мулгуу үйлдлийн үр дагавар шүү дээ.

Төмөр замаа барилаа гэхэд хоёр хөрш маань хясвал яах вэ. Нүүрсний үнийг хөөрөгдөж байгаад баахан өр тавиулж зам тавиулаад үнэгүйдүүлчихвэл яах вэ. Яривал их юм бий. Энэ бүгдийн эцэст юу хэлэх гээд байна гэхээр Монгол Улс төвийг сахих бодлогоо эргэж харах ёстой болсон юм биш үү. Геополитикийн байршлаа ашиглаж, батлан хамгаалах чиглэлээр гуравдагч хөршийг оруулж ирэх гэхчлэн юм ярьчихвал солиорчээ гэх байх даа. Уг нь бол олон улсад ийм асуудлыг манайх шиг жижиг оронтой холбож ярихдаа геоулстөрийн бодлого гэдэг юм. Энэ нь Монгол Улс аль нэг улсын цэргийн баазыг нутаг дэвсгэртээ байршуулна, эвсэлд нэгдэнэ гэсэн үг биш. Маш тодорхой хэлэхэд “Зүгээр л гурав дахь ч орнуудад Монгол Улс ямар ч тохиолдолд нээлттэй байх” гэсэн гадаад бодлогыг л хэлж байгаа хэрэг. Ер нь бол урд хөршийн өнөөдрийн харилцааг манай томоохон судлаачид маш сайн судалж “Энэ дэлхий дээр одоо юу болоод, ямар үйл явцууд өрнөөд байгаа, яагаад ийм “нээнтэг” хийгээд байгаагийн цаад геоулстөр, санхүү эдийн засгийн шалтгаан”-ыг олж, монголчууддаа нухацтай, ухаалгаар тайлбарлаж өгөх цаг болсныг хэлж байгаа хэрэг юм.

Одоо хойд хөршийнхөө талаар товч ярья. Бид хойд хөршөөсөө тоон хэлээр бол бензин, дизелийн түлшнийхээ 76 хувь, цахилгаан эрчим хүчнийхээ ихэнхийг авсаар байгаа. Ерөнхий экспортын үнийн дүнгээрээ хятад 90 хувь, Канадын 3.6 хувийг эзэлж байхад Орос дөнгөж 1.4 хувьтай л байна. Харин импортын үнийн зөрүү бага. Монголын импортын 27.6 хувь нь ОХУ-аас орж ирж байгаа. Монголчуудын хувьд Оростой хийх худалдааны татвар онцгой өндөр. Урьд нийгэмд махны экспортын гол түнш байсан оросууд одоо авахгүйтэй адил байна. Шалтгаан нь монгол мах эрүүл ахуйн олон улсын стандарт хангадаггүй гэж. Гэхдээ энэ жилээс оросууд манайтай адилхан зовлонтой болсон. Кланинград нь европ руу тахианы мах экспортоороо амжилттай байтал нэг мужид нь өвчин гарсан шалтгаанаар хоригт орсон. Яг л манайтай адил. Хаа хамаагүй өөр мужид гарсан тахианы өвчин нийт экспортод нь нөлөөлж байгааг оросууд ярих болж манайхны зовлонг ойлгож буйгаа Хөдөө аж ахуйн сайд нь Владивостокт хэлсэн. Дотоод дахь энэ мэт асуудалтай нь манайхан өөрсдийн махны экспортоо уялдуулан худалдааны дэд бүтцийн бодлогоо сайжруулбал ОХУ-ын зах зээл манайд илүү нээлттэй байх боломжтойг хоёр талын судлаачид ярьж бичиж байгаа юм. Гэхдээ өнөөдөр бодит үр дүнгээрээ бол ОХУ манай хоёрын харьцаа бас л царцсан. Баталгаа нь өчнөөн олон жил ярьж байгаа Эгийн голын станц урагшаа ахихгүй байна. Оросууд Бразилиас хэдэн сая тонн мах өндөр үнээр олон жил авч байхаар хаяанд байгаа Монголоосоо авахгүй өнөөдрийг хүрсний учир юу юм. Эрдэнэтийн 49 хувийг зүгээр өгөөд явчих хэмжээний 70 жилийн бат найрамдал харилцаа бий шүү дээ. Төмөр замаа яагаад өнөөдрийг хүртэл цахилгаанжуулахгүй байна. Хөвсгөл далай дээр хөрөнгө оруулалт хийгээд олон улсын зэрэглэлийн аялал жуулчлалын төв байгуулах саналыг манайх тавьж л байсан шүү дээ гэхчлэн байж болох наад захын боломжит олон санал, эдийн засгийн үр дүнтэй төслүүдийг ОХУ-д тавьсаар ирсэн ч биелэлээ олсонгүй. Энэ бол царцалт, энэ бол “Оросууд минь” гэж хоосон хөөгөөд юу ч үгүй үлдсэний нотолгоо юм.

Ийм байхад бид гурав дахь хөршөө ярихаас өөр ямар ч гарцгүй, замгүй. Гурав дахь хөршийн толгой нь мэдээж АНУ. Америкийг бусад улс орнууд бүгд харна. 2008-2013 оны хооронд Мянганы сорилын сангийн томоохон төсөл хөтөлбөрүүд манайд хэрэгжиж дууссан юм. Гэвч дахин хэрэгжүүлэх саналыг манай тал тавьсан. Ингээд 2018 оноос таван жил хэрэгжих хөтөлбөрийнх нь хүрээнд хамгийн том тусламж нь 350 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг нийслэлийн цэвэр усны хангамжийг шинэчлэхэд зориулж байна. Энэ нь нийслэлчүүдийг цэвэр усаар хангах, юутай ч зүйрлэхгүй үнэ цэнтэй төсөл юм. Америкчууд шийдээгүй юман дээр тоон дүн хэлдэггүй. Тэгэхээр 350 сая ам.доллар орж ирэхэд бэлэн гэсэн үг. Бусад томоохон хөтөлбөрүүд нэлээн бий. Ардчиллыг хөгжүүлэгч залуу манлайлагчид, Ирээдүйн манлайлагчдын солилцоо гэсэн боловсролын салбар, улмаар Монголын нийгмийн оюун санааны хөгжилд онцгой нөлөө үзүүлэх маш том хөрөнгө оруулалт байна. Мөн Америкийн Reach төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж 500 жижиг, дунд үйлдвэрт зээл олгож эхэлсэн. Ерэн оноос хойших АНУ-ын хандлага ийм аятай явж ирсэн байхад Монголын төрийн өнөөдрийн гадаад бодлого дампуурлын ирмэгт хэдүйн очлоо. Яг өнөөдөр юу болж байна гэхээр Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан байдал. Валютын сангийн болзол хатуу. Манай улсын татварын бодлого, халамжийн бодлогод шууд нөлөөлсөн. Үүнийг нь далимдуулаад монголчууд гуравдагч их хөрш болсон америкчуудыг зүхэж эхэллээ. Шууд утгаараа АНУ-тай муудах түвшинд орлоо. Учир нь Валютын сангийн хамгийн том хөрөнгө оруулагч нь америкчууд байдаг. Валютын сангаар дамжуулж АНУ нь улс төрийн бодлогоо буурай орнуудад тулгаж хэрэгжүүлдэг, тэр нь Монголд хэрэгжиж байна хэмээн манай их мэдэгчид ярьж байна. Тэр бүү хэл Америкийн талаас манай төмөр замын хүчин чадлыг сайжруулахын тулд 250 сая ам.доллар өгье гэхэд өмнөөс нь салаавч үзүүлсэнтэй адил үйлдлийг Оросуудын шахалтаар хийсэн нь саяхан. Өнөөдөр үнэндээ АНУ-ын зүгээс Монгол руу чиглүүлсэн бодлогоо царцаах байдалд орсныг судлаачид бичээд эхэллээ. Энэ бүхэн юуг харуулж байна гэхээр өнөөдөр Монголын төр засгийн толгойд буй хүмүүсийн мэдлэг боловсролгүй, алсын хараагүй, муйхар, харалган бодлогоос үүдэн гадаад харилцаандаа том алдаа хийснийг. Хоёр хөршөө хөөгөөд хоосон хоцорсныг, гурав дахь хөршөө хөөгөөд гурайтах замдаа орсныг харуулж байна. Ийм байдалтай энэ улс орон чинь цааш явах уу. Хоёр хөршдөө жийгдсэн, гурав дахь түншүүддээ гологдсон, шоовдор хүүхэд шиг Монгол Улс уг нь ойролцоогоор 1.3 триллион ам.доллараар үнэлэгдсэн байгалийн баялагтай эх орон юм шүү дээ. Ийм их баялгийн хажуугаар Америк, Азийн орнууд, Европын холбоо зүгээр өнгөрөх үү. Ёстой, Монголын төрийн ухаан мэдэх л асуудал юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *