Монголчууд Оюу толгой, Таван толгойн буянг хүртэнэ гэж мөн ч олон жил алгаа үрчин хүлээлээ. Бөөн мөнгө орж ирнэ, удахгүй баяжина, янзтай сайхан амьдарна гээд л. Гэвч бид өдийг хүртэл буяныг нь биш хэрүүл хараал хоёрыг нь хүртсээр цөхрөнгөө барж байна. Энэ хоёр толгой нээгдээгүй бол дээр байсан юм гэж захын хүн хэлж байна. Ингэтлээ бид хараалд нь өртөж цөхөрчээ. Магад ч үгүй, энэ хоёр толгой нээгдээгүй байсан бол төр нь төвшин, түмэн олон маань амгалан тайван амьдрах байж дээ.
Оюу толгойн ордыг ил болон далд уурхайн олборлолтоор 60 жил ашиглах боломжтой. 6,45 тэрбум тонн хүдэр, 45 сая тонн зэс, 1838 тонн алт, 157 мянган тонн молебдин, 12 мянга 49 тонн мөнгөний нөөцтэй. Энэ нь манай саалийн үнээ гэгддэг Эрдэнэтээс долоо дахин их нөөцтэй гэдэг. Таван толгойн нүүрсний ордын нөөц нь 6.5 тэрбум тонн, үүний гуравны нэг нь коксжих нүүрс юм. Тавантолгойн коксждог нүүрс нь дэлхийн хэмжээнд нөөцийн хэмжээгээр эхний 10-т багтдаг. Чанараараа Канад, Австралийн дэлхийн зах зээлд нийлүүлдэг нүүрснээс давуу гэж үнэлдэг.
Асар их нөөцтэй энэ их баялгийг бид ашиглаж чадахгүй байгаа нь монголчуудад эд баялаг зохихгүй байна гэсэн үг. Яагаад бидний гэдсэнд шар тос үл зохино вэ. Учир нь бид олон зуун жил ядуу дорой амьдарч иржээ. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялахаас өмнө Манжийн дарлалд 200 гаруй жил амьдарсан. Юун сэхэж баяжих, сөнөчихөлгүй яаж мэнд даван туулсан юм. 1921 оны ардын хувьсгалын дараагийн жилүүдэд сүм хийдийн хөрөнгийг хураасан л гэдэг. Одоо байгааг нь харж байхад хэдэн малаас өөр зүйл ховор л байсан бололтой. Сайндаа л хэдэн алтан зоос, мөнгөн ембүү тэргүүтэй мал хураагаа биз. Дараа нь байгаа жаахан зүйлээ цэрэг зэвсгийн төлбөр, дайны бэлэг сэлтэд өгөөд барсан. Бидэнд үндсэн хөрөнгө малаас өөр зүйл байсангүй. Мал нь одоотой харьцуулахад тун бага. Хоёр том орон биднийг үндсэн хөрөнгөтэй байлгахыг ч хүсээгүй нь тодорхой юм.
Нөгөөтэйгүүр социализмын үед хүн бүр, айл өрх болгон яг адилхан нэг түвшинд ядруухан амьдарч байв. Адилхан хувцас өмсөж, ав адилхан амьдарч, жаахан илүү гарсан нэгнийгээ үзэн ядаж, шийтгэж, тэгшитгэж байлаа. Тэд ёс төргүй, нүгэл хилэнц, үйлийн үр, хойд урд насны тухай ойлголтгүй амьдарч ирсэн. Тийм л ёс суртахуунгүй, увайгүй гуйлгачид зах зээлд хөл тавьцгаасан юм. Тэр хүмүүсийн төлөөлөл төрд гарч, одоо жаахан мөнгөтэй болчихсон тэнд сууж байна.
Ийм улсад, энэ цаг үед хоёр том толгой нээгдсэн нь хараал дагуулж ирлээ. Их мөнгө, эд баялаг Монгол Улсад шууд л хараал болон тусаж байна. Улстөрчид “манай бүлэглэл авахгүй бол танайх авахгүй, танайх авахгүй бол хэн ч авахгүй” гэсэн увайгүй үзлээр хоорондоо үзэж тарж байна.
Монгол жижигхэн орон. Жижиг орны зовлон маш их юм. Хүн ам ихтэй улс оронд бичиг үсэгт дөнгүүр нэг хэсэг нь улс төрөө хийгээд, нөгөө хэсэг нь үйлдвэрлэгч болж эдийн засгаа өсгөөд явж байдаг. Бүүр нөгөө нэг хэсэг нь мафийн бүлэглэл тэргүүлээд явж байх жишээтэй. Тэгэхэд манайд нэг хэсэг хүн улс төрд гарч ирдэг. Тэд улс төрөөс гадна бизнесээ ч хийнэ, мафиа ч толгойлно. Хоорондоо ялгарч гарч чаддаггүй, одоо бол бүр өнгөрсөн биз. Монголын төрд байгаа бүлэглэлүүдийг хараарай. Улс төрийн бүлэглэл үү, эдийн засгийнх уу, мафийн бүлэглэл үү гэдгийг хэн ч ялгаж чадахгүй, танигдахаа больсон.
Энэ бүхний үр дүнг хар даа. Шударга үнэний дуу хоолой болсон сэтгүүлч бүсгүйн үхэл дээрх бүлэглэлүүдтэй холбоотой. Шүүмжлүүлсэн нэг нь шоронд хийнэ, ална тална гэж айлгаж сүрдүүлнэ. Нөгөө хэсэг нь сайн байна энэ тэр гэж хөөргөнө. Сэтгэл санааны ачаалал, хар бараан зүгийн дарамт зэрэг зэрэг нөлөөлж хүнийг үгүй хийж байгаагийн жишээ энэ. Тэр Монголын шударга сэтгүүлчдийн нэг байсан юм. Монголын нийгэмд хортой, муу муухай бүхнийг мэддэг байсан юм.
Монголын төрд байгаа бүлэглэлүүд иргэний дайны хөлд нэрвэгдсэн Африкийн орнуудаас ямар ч ялгаагүйгээр төр засгийг хоёр хувааж, үгэн дайн хийж байна. Эцсийн дүнд үүнээс үгүйрэл хоосрол, үхэл хагацал, боолчлол, колоничлолоос өөр юу ч гарахгүй. Тэдний хэлэх, түрий барих дуртай ард түмнийх нь амьдрал тартагтаа тулж, эдийн засаг таг зогссон байна, өнөөдөр. Гуйвтлаа ядарсан байна шүү, энгийн олон түмэн чинь. Төр барьж байгаа бүлэглэлүүдэд ард түмний амьдрал огт хамаагүй гэдгийг тэд олон жилийнхээ үйлдлээр баталж байна.
Одоо бид юунд найдах вэ. Ард түмний мэргэн ухаанд л найдахаас өөр арга байхгүй.
Мөн хэвлэл мэдээллийн байгууллага, хувь сэтгүүлч бүр шударга үнэн, зөв зүйтэй бүхнийг мэдэрч дэмжин, хариуцлагатай байх бас нэгэн гарц харагдаж байна даа.