Хүн төрөлхтний үүсэл хөгжил,төлөвшил, боловсрол, улс орнуудын бүтэц зохион байгуулалт, дайн дажин, нэгдэл, задрал зэрэг түүхийн замналд гүн мөр үлдээж явсан сайн муу хүмүүсийн нэг нь яах аргагүй Уинстон Черчилль мөн бөлгөө. Тэр Үйлдвэрчний эвлэлийн томоохон төлөөлөгч болж чадах байсан ч гэлээ эцэстээ ажилчдын хөдөлгөөнийг нухчин дарах тавилан бүхий Ерөнхий сайд болон хувирсан. Дайнд ялахын тулд өчигдрийн заналт дайсныхаа сайн найз нь болж зүсээ өөрчилнө. Улс төрийн намуудад орж гарна гэдэг оймсоо солихоос ч илүү олон бас хурдан байсан гээч. “Худал гээч нь дэлхийн талыг ороогоод алхаж байх хугацаанд үнэн дөнгөж өмдөө өмсөж байдаг юм” эсвэл “Үзэл бодлоо өөрчилж чаддаггүй хүн бол хамгийн тэнэг нэгэн билээ” гэх үг түүнийх бөгөөд өөрөө ч тийм зарчмаар амьдарсан хоёр сүүдэртэй улстөрч бол Черчиль яалт ч үгүй мөн билээ. Гэвч ийм л хүний ачаар британичууд өнөөдөр түмэн улс болж задраагүй, дайнд ялагдаагүй, дэлхийн өнцөг булан бүрт хагас хараат ч гэлээ эзэмшилтэй, парламентын үлгэр болохуйц соёлтой улс болон үлдэж чаджээ.
Сэр Уинстон Леонард Спенсер-Черчилль бол Британийн үүсэл хөгжлийн түүхэн дэх хамгийн нэр нөлөө бүхий хүмүүсийн нэг яах аргагүй мөн юм. Тэрээр 1940-1945 онуудад Нэгдсэн Вант Улсын Ерөнхий сайд байсан бөгөөд 1951-1955 онуудад дахин ерөнхий сайдаар сонгогдож байсан, XX зууны үеийн удирдагчдын нэг гэж тооцдог. Черчиллийн үйл хэрэг зөвхөн улс төрийн үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй. Тэр Их Британийн армийн офицер, түүхч, зохиолч, зураач байсан юм. Черчилль утга зохиолын салбар дахь Нобелийн шагналыг авсан Их Британийн хамгийн анхны Ерөнхий сайд, АНУ-ын хүндэт иргэн болсон анхны хүн байлаа. 2002 онд хийсэн BBC телевизийн судалгаагаар Уинстон Черчилль Британийн түүхэн дэх хамгийн агуу иргэнээр тодорсон байна.
Уинстон Черчилль эрүүл мэндийн хувьд ч тэр, бие бялдрын хувьд ч тэр гайхуулаад байхаар зүйлгүй хүн байсан хэдий ч 90 насыг зооглосон бөгөөд “Хэрвээ надаас навчин тамхийг минь булаан авбал би та нарт дайн зарлана”, “Хэрвээ сонин хэвлэл тамхийг хаях талаар бичээд эхэлвэл би тамхийг бус сонинг уншихаас татгалзана”, “Би өөрийнхөө урт насалсан шалтгааныг спорт гэж үздэг. Учир нь би спортоор хэзээ ч хичээллэж байсангүй” гэх мэтчилэн нийтэд хэвшсэн үзлээс тэс ондоо үгсийг байн байн унагаадаг байлаа. Мөн тэрээр “Би залуу насандаа архи дарсыг үдийн хоолноос өмнө ууж болохгүй гэсэн итгэл үнэмшилтэй байсан бол одоо нас хэвийсэн үедээ өглөөний цайнаас өмнө ууж болохгүй гэсэн алтан дүрмийг баримталж байна” хэмээн нэгэнтээ хэлж эрүүл амьдралыг номлогчдын эгдүүцлийг хүргэж байв.
Их Британийн Ерөнхий сайд Уинстон Леонард Спенсер Черчилль 1874 оны арваннэгдүгээр сарын 30-нд Букингемийн ордонд, герцог Мальборогийн удмыг залгасан язгууртны гэр бүлд төржээ. Түүний эцэг лорд Рэндольф Генри Спенсер Черчилль улс төрийн карьертаа хамаг анхаарлаа хандуулан эх нь дээдсийн амьдралаар өөрийгөө зугаацуулан хүүдээ анхаарал хандуулах зав ховорхон гаргадаг байсан тул асрагч эх Элизабет Энн Эверест л эцэг эхийг нь орлож түүнийг өсгөсөн гэлцдэг. Тийм ч учраас эцэг эхийнх нь бус асрагч эхийнх нь зураг түүний унтлагын өрөөнд насан туршид нь өлгөөтэй байсан юм. Черчилль 12 настайдаа Итоны коллежид элсэн цэргийн эрдэмд суралцаж, сургуулийнхаа туялзуур жадны аварга болж байсан ажээ. 1893 онд Черчилль Сандхерстийн хааны цэргийн сургуульд элсэн орж, 1895 онд бага дэслэгч цолтой төгсөв. Тэр жил түүний амьдралын хамгийн хүнд жил байв. Тэрээр төрсөн эх, асрагч хоёроо үүрд алджээ. Түүнд цэргийн амьдрал төдийлөн таалагдсангүй, харин санаанд оромгүй тохиолдлоор түүний бичих авьяас тодорч, Кубад «Дейли телеграф» сонины цэргийн сурвалжлагчаар томилогдон ажиллав. Испанийн эсрэг ард иргэдийн тэмцлийн талаар бичсэн түүний тэмдэглэлийг өндрөөр үнэлж түүнд “Улаан загалмай” одонг гардуулсан байна. Кубад ажиллах хугацаандаа Черчилль энэ орны навчин тамхийг сонирхон татаж эхэлснээр энэ зуршил нь түүнийг насан туршид нь дагалдсан билээ. 1899 онд консерватив намаас улс төрд хүчээ үзэхээр шийдсэн боловч сонгуульд ялагдсаны дараа «Морнинг Пост» сонинд цэргийн сурвалжлагчаар ажиллаж байгаад олзлогдсон нь түүнийг Британид ихээхэн алдар хүндтэй болгов. 1901 оны хоёрдугаар сарын 18-нд Черчилль иргэдийн танхимд анх удаагаа илтгэл тавьсан бөгөөд бурчуудад сайн санааны тусламж дэмжлэг үзүүлэхийг уриалж байв. Черчилль 1905 онд засгийн газарт колоничлолын асуудал хариуцсан сайдын орлогч хэмээх албан тушаалын анхны томилгоог авчээ. 1908 онд Черчилль худалдаа аж үйлдвэрийн сайд, 1910 онд дотоод хэргийн сайд боллоо. “Энэ цагаас эхлэн түүнийг” давхар ёроол бүхий этгээд” гэж тодотгож байв. Тухайн үед гарч байсан бослого тэмцлийг тэрээр асар харгисаар дарж байв. 1911 онд Ливерпулийн усан онгоцонд гарсан бослого тэмцлийг дарахад галт зэвсэг хэрэглэхийг үүрэг болгож байж. Дэлхийн нэгдүгээр дайнд Черчиллийн үүрэг асар өндөр байсан. Тэрээр Британийн танкийн цэргийг байгуулах санаачилга анх гаргасан бөгөөд Засгийн газарт буцан ирсэн даруйдаа зэвсэг хариуцсан сайд, цэргийн сайдаар тус тус томилогдлоо.
Черчилль 1921 оны есдүгээр сард Консерваторууд эвслээс гарч, 1924 оны сонгуулиар иргэний танхимд ирж, Консерватив намдаа эргэн орсон бөгөөд Стэнли Бодуинын Засгийн газарт Сангийн сайдаар томилогдон ажиллав. 1929 оны сонгуульд Консерваторууд ялагдал хүлээсний дараа, 1931 онд тэрээр засаг төрөөс түр хугацаагаар хөндийрмөгц өөрийн элэнц Жон Черчиллийн тухай «Мальборо болон түүний амьдрал, цаг хугацаа» номоо бичжээ. Дэлхийн хоёрдугаар дайнд Их Британи улс татагдан орж, Уинстон Черчиллийг Нэгдүгээр лорд болон Цэргийн зөвлөлийн бүрэн эрхт гишүүнээр сонгов. 1940 оны тавдугаар сарын 10-ны өдөр улс орны онцгой байдлыг харгалзан Черчеллийг Англи улсын Ерөнхий сайдаар томилжээ. Черчилль батлан хамгаалах сайдын үүргийг хүлээж усан флот, арми, яамдын ажлын үйл ажиллагаанд хамаг анхаарлаа хандуулсан нь ард түмний дунд түүний нэр хүндийг өргөж, дайн дуустал энэ нь хадгалагдан үргэлжилсэн билээ.
1940 оны зургадугаар сарын дунд үеэс Германы цэргийн дайралт эрчимжиж цэргийн бааз, нисэх буудал, Английн хотуудыг бөмбөгдөж эхэлжээ. Черчилль дайны халуун цэг, бөмбөгдөлтөд өртсөн газруудаар явж радиогоор үг хэлснийг нийт британичуудын ихэнх нь шимтэн сонсож дэмжсэн. 1942 оны наймдугаар сарын 13-нд Черчилль Сталинтай Гитлерийн эсрэг хамтрах гэрээг үзэглэсэн бөгөөд 1944 оны аравдугаар сард Сталинтай дайны дараах Европыг хэрхэн хуваах асуудлаар санаачилга гаргаж “сахалтай гүржд танилцуулсан боловч дэмжлэг олоогүй.
Хэдийгээр 1945 оны Потсдамын хэлэлцээрт Черчилль чухал үүрэг гүйцэтгэсэн ч гэлээ дайны дараах Английн эдийн засгийн асуудал доройтсон шалтгаанаар 1945 оны тавдугаар сарын сонгуульд 71 настай Черчилль ялагдав. Ингээд улс төрөөс хөндийрсөн Черчилль энгийн амьдралд шилжин, уран зохиолд хүчээ дайчилж “Дэлхийн хоёрдугаар дайн” дурсамжаа бичсэн билээ. Черчилль урт насалж 1965 онд 90 насандаа таалал төгссөн бөгөөд түүхийг нь товч өгүүлэхэд ийм буюу.
1946 онд Америкийн Фултон хотод лекц уншихдаа анх удаа “Төмөр хөшиг” хэмээх хэллэгийг хэрэглэж “коммунизм бол хүн төрөлхтнийг булшлах өвчин, түүний эсрэг шийдэмгий тэмцэх хэрэгтэй” гэх санааг дэвшүүлж байлаа.
Нобелийн шагнал олгох хороо түүнд 1953 онд утга зохиолын төрлөөр шагналаа өгөхдөө “түүхийг гайхалтай харуулсан” хэмээн Черчиллийг үнэлээд “хүний мөн чанарыг хамгаалсан гайхамшигтай ярих урлаг” эзэмшсэн нэгэн хэмээн өргөмжилсөн байдаг. Өнөө цагт ч гэлээ хүн төрөлхтөн түүнийг төрийн зүтгэлтний хувьд өндрөөр үнэлж, түүний “Нэгдсэн Европын улс” санаа нь гайхалтай холч ухаан байсан нь нотлогдож, хамгийн агуу британи хүн хэмээн нутаг нэгтнүүд нь үзсээр байгаа юм.
Д.БАТ-ЭРДЭНЭ