Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, тээвэрлэхийг түр хориглох, хүн даацын авто машины тээвэрлэлтэд тавих хяналтыг эрчимжүүлэхээр боллоо.
Захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашиглаж буй аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр технологийн хатуу хучилттай автозам, ложистикийн төв байгуулах хүртэл олборлолт хийх, нийслэлийн нутаг дэвсгэрээр тээвэрлэлт хийхийг түр хориглож хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныхад үүрэг болгосон байна. Мөн технологийн хатуу хучилттай авто зам, ложистикийн төв байгуулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг нийслэлийн Авто замын газарт даалгажээ.
Түүнчлэн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулж, эвдэгдсэн газрын хэмжээг тогтоож тухайн талбайн 75-аас доошгүй хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдээр нөхөн сэргээлгэх ажлыг зохион байгуулах, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэхийг үүрэг болгосон байна.
Тус захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй цемент зуурмагны үйлдвэрүүд, барилга барьж буй барилгын компаниудыг хашаан дотроо болон засмал зам руу нийлэх хэсэгт тээврийн хэрэгслийн дугуйг цэвэрлэх зориулалтын хоёр талбайтай болгож, шаардлагыг биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохгүй байхаар боллоо.