Categories
мэдээ улс-төр

Хотын даргыг огцрохыг шаардаж, жагсав

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг огцрохыг шаардан өнөөдөр хэлмэгдэгсдийн хөшөөний урд иргэд жагсаал хийлээ. Тэд Нийслэлийн Засаг даргын орлогч хэт олон байгаа нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30.1.2-г зөрчиж байна гэж үзжээ. Тиймээс энэ сарын 9-ний дотор зургаан орлогчоо ажлаас нь чөлөөлөхийг шаардан иргэдийн гарын үсгийг цуглуулж, суулт хийж байгаа аж. Дээрх дурдсан заалтад аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байна гэж заасан байдаг ч нийслэлд зургаан орлогч дарга, дүүрэгт хоёр байгаа нь иргэдийг бухимдуулж байгаа гэлээ. Одоогоор 7,000 иргэний гарын үсэг цуглараад байгаа бөгөөд өгсөн шаардлагынхаа хариуг өнөөдөр 16:00 цагаас авна гэлээ.

Харин Хотын удирдлагын баг УИХ, Засгийн газраас баталсан хууль, журмын дагуу ажиллаж байгаа. Зургаан орлогчийн нэгнийх нь дундаж цалин 800 мянга. 2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу орлогч бүр өөр өөрсдийн хариуцсан ажилтай. Иймээс тэднийг албан үүргээс нь чөлөөлөх боломжгүй гэсэн тайлбарыг Э.Бат-Үүл дарга өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *