Categories
мэдээ улс-төр

Хошууч генерал А.Ганбатыг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилох саналыг Ерөнхийлөгч дэвшүүлсэн байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны арваннэгдүгээр сард зарлиг гаргаж Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Г.Давааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Удахгүй түүнийг өөрийнхөө Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөрөө томилсон. Харин түүнээс хойш гурван сар орчмын хугацаа өнгөрч байгаа ч Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилсонгүй. Зэвсэгт хүчний тухай хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг УИХ-тай зөвшилцөн томилно” гэж заасан байдаг юм. Үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох тухай тогтоолын төслийг энэ сарын 2-нд буюу УИХ-ын намрын чуулган завсарлах өдөр өргөн барьсан. Тухайн өдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Зэвсэгт хүчний жанжин штаб бол удирдлагагүй удаж болдоггүй алба. Уг нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг нь чөлөөлсөн өдрөө дараагийн даргыг нь томилж байх ёстой. Зэвсэгт хүчинд харамсалтай үйл явдлууд тохиолдсон. Тиймээс Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг яаралтай томилох нь зүйтэй. Зэвсэгт хүчний хариуцлагыг сайжруулах, эзэнтэй болгох шаардлагатай байна” хэмээн санал гаргасан боловч УИХ-ын дарга оройтож өргөн барьсан учраас хэлэлцэх боломжгүй хэмээн хойшлуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу хошууч генерал А.Ганбатыг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилох саналаа зөвшилцөхөөр УИХ-д өргөн барьсан юм байна. УИХ-ын дарга Г.Занданшатар битүүний өдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг хуралдуулахдаа “Ээлжит бус чуулганаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилохгүй бол болохгүй. Сүүлийн үед цэрэг арми дээр болж байгаа асуудал олны анхаарлыг татаж байна” гэсэн юм. УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх гуравдугаар сарын эхээр хуралдуулна гэсэн мэдээлэл бий. Тэр болтол Батлан хамгаалахын сайд асан Ж.Энхбаяр гишүүний хэлснээр нэг өдөр ч эзэнгүй байж болохгүй энэхүү албан тушаал хоосон байх бололтой.

Энхийн цагт цэрэг эрс амиа алдсан тохиолдол гарч зэвсэгт хүчний удирдлагуудаас хариуцлага нэхсэн өдрүүд үргэлжилж байна. Яг энэ үед зэвсэгт хүчнийг цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах үүрэгтэй дээд байгууллага албан ёсны удирдлагагүй байж таарлаа. Олон нийт Батлан хамгаалах яам, тус салбарын сайдаас хариуцлага нэхэж байгаа ч жинхэнэ хариуцлага хүлээх байгууллага, албан тушаалтан бол Зэвсэгт хүчний жанжин штаб, түүний удирдлага юм. Батлан хамгаалахын сайд бол Зэвсэгт хүчний тухай хуульд заасны дагуу зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлдэг. Хэрэв Зэвсэгт хүчний жанжин штабын дарга үүргээ гүйцэтгэж байсан бол хоёр ч зэрэг амиа алдсан энэ тохиолдолд хариуцлага хүлээх байсан биз. Энэхүү харамсалтай үйл явдалтай холбоотойгоор зэвсэгт хүчний нэр хүнд унаж буй таагүй цаг үед хошууч генерал А.Ганбат Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилогдох бололтой. А.Ганбат нь одоо тодорхой алба хашдаггүй бэлтгэл хошууч генерал юм. Тэрээр 1979 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургуульд элссэн цагаасаа хойш зэвсэгт хүчинд алба хааж, хашиж иржээ. Хамгийн сүүлд Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч даргаар ажиллаж байгаад 2010 онд албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөс хойш бэлтгэл хошууч генерал болжээ. А.Ганбат албан тушаалаасаа чөлөөлөгдсөнийхөө дараа тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал бичсэн байна. Тэрээр захидалдаа “Эх оронд хэрэгцээтэй цагт өргөсөн тангарагтаа үнэнч байж зэвсэгт хүчиндээ эргэн ирж үүрэг гүйцэтгэхэд би бэлэн байна” хэмээн бичиж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *