Categories
мэдээ цаг-үе

Хорих ял биечлэн эдлэхийг 20-30 хүртэл хувиар бууруулна гэж үзжээ

-Гэрийн хорионд байлгах ялыг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан байна-

Эрүүгийн хуулийн шинэчлэн найруулсан төслийг УИХ-д саяхан өргөн барьсан билээ. Хуулийн төслийг шинэчлэн найруулснаар Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлсийг хуулиар хамгаалахдаа гэмт хэрэг, зөрчлийн шинжийг ялгамжтай байдлаар, өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчилж, хүний эрх, эрх чөлөө,халдашгүй байдлыг баталгаажуулахад Эрүүгийн хуулийн шинэтгэл чиглэж байна гэж салбарын зарим мэргэжилтэн үзэж байгаа юм. Мөн орчин үед гарч байгаа гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлж, бусдыг эрүүдэн шүүх, орон байранд нь хууль бусаар халдах, нэгжих, эд хөрөнгө хураан авах, битүүмжлэх, хүнийг зөвшөөрөлгүй мөрдөж мөшгих, хууль бусаар баривчлах, саатуулах, ялгаварлан гадуурхах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэрэг гэмт хэргийг хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан үнэт зүйлс болох хууль ёсны ашиг сонирхлыг гэмт халдлагаас бодитой хамгаалахын тулд хувь хүнээс гадна хуулийн этгээдийг гэмт хэргийн субьектэд тооцож, хариуцлага хүлээлгэх талаар зохицуулалтыг оруулснаар олон улсын гэрээ, конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна. Хуулийн төслийг боловсруулахдаа Зөрчлийн тухай хуулийн төсөлтэй уялдуулан авч үзсэн бөгөөд гэмт хэрэг, зөрчлийн шинж нь адилхан үйлдэл, эс үйлдэхүйг ялган авч үзэж, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Захиргааны хариуцлагын тухай хууль, Эрүүгийн хуульд заасан 18 төрлийн үйлдэл, эс үйлдэхүйг эрэмбэлэн, давхардал хийдлийг арилгахаар, урьд тусгаж байгаагүй 45 гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинээр, 182 гэмт хэргийн бүрэлдэхүүнийг өөрчлөн найруулж тусгасан гэнэ. Энэ тухай тоймлон хүргэе.

зөрчлийг материаллаг шинжээр ялган төсөөтэй байдлаар хэрэглэдэг байдлыг хална

Эрүүгийн хуулийн төсөлд гэмт хэргийн талаарх ойлголтыг өргөн хүрээтэй болгох, хүн, нийгэм, төрд учруулах хор аюулын шинж чанараас хамааруулан гэмт хэргийг зөрчлөөс үйлдлийн шинжээр нь тодорхой ялган зааглах юм. Түүнчлэн хохирлын хэмжээ гэсэн шалгуур үзүүлэлт бүхий, босго тогтоосон ойлголтыг байхгүй болгосноор гэмт хэрэг, зөрчлийг материаллаг шинжээр ялган төсөөтэй байдлаар хэрэглэдэг байдлыг хална гэж үзэж байгаа юм байна. Тухайлбал, Гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй бол гэмт хэрэг биш гэж шийдвэрлэж байгаа ньхуулийн зарчмыг гажуудуулахад хүргэж байна. 2000 оноос хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 13 удаа өөрчлөгдсөн. Иймд хор уршиг, хохирол шаарддаг зарим гэмт хэргийн тухайд их хэмжээ, ноцтой хохирол гэсэн шинжийг тодорхойлж, хүндрүүлэх нөхцөл байхаар тусгасан аж.

Баривчлах ял долоо хоногоос 20 жил хүртэлх хугацаатай

Одоо хэрэглэж байгаа баривчлах ял үр нөлөөгүй байгааг харгалзан үзэж хорих ялыг долоо хоногоос хорин жил хүртэл хугацаатай байхаар тооцож, иргэн, нийгэм, төрд шууд хохирол учруулахад чиглэгдсэн үйлдлүүдийг тодорхой тоочих замаар хуулийн төсөлд тусгажээ. Гэмт хэргийг ердийн болон хүнд гэмт хэрэг хэмээн хоёр ангилж, ялыг оногдуулахад харгалзан үздэг байхаар зохицуулсан юм байна. Хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж үзэн тэнсэх боломжгүй болжээ. Харин гэм буруугаа хүлээсэн, хохирлоо арилгасан тохиолдолд оногдуулсан хорих ялын хэмжээнээс хоёрны нэгээс дөрөвний нэг хүртэл хувиар хасахаж. Бүлэглэсэн, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай гэмт бүлэг, гэмт бүлэглэл гэсэн тодорхойлолтыг өөрчилж, томъёоллын зарчмыг нэгтгэж гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хуулийн төсөлд заасан ялын төрөл хэмжээ, хязгаарын хүрээнд хүндрүүлэн авч үзэх бодлого баримтлах юм байна.

торгууль төлөөгүй бол хорино

Хуулийн төсөлд ялын төрлийг дараахь байдлаар тусгажээ.Торгох ялаас хохирогчид учирсан хохирлыг төлүүлэх, ялтан торгох ялыг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд албадан биелүүлэх, албадан биелүүлэх ажиллагаанд саад учруулсан, оргон зайлсан тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих юм байна. Мөн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар эдлүүлэх, ялыг эдлүүлэх хугацаа нь нэг зуун хорин цагаас дөрвөн зуун наян цаг, уг ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солих гэнэ.Харин хөдөлмөрийн чадваргүй хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эх, эцэг, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэйд нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахгүй байхаар тусгажээ.

Гэрийн хорионд байлгах ялыг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан байна. Тодорхой хүн, хэсэг бүлэг хүн, тогтоосон замаар зорчих, хууль сахиулах байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх зэргээр эдлүүлэх бөгөөд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хоригийг зөрчвөл уг ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэх аж. Энэ нь шинэ төрлийн ял бөгөөд шүүхээс хорих ялыг оногдуулах явдлыг багасгах зорилгоор электрон гавны тусламжтайгаар цахим хяналт тавих гэнэ.

Хорих ял нь хугацаатай ба бүх насаар хорих гэсэн хэлбэртэй

Хугацаатай хорих ял нь долоо хоногоос хорин жил хүртэл хугацаагаар хэмжигддэг юм байна. Харинбүх насаар хорих ял нь хорин жилээс дээш хугацаагаар байх бололтой. Суллагдах үндэслэл нь хорин таван жилээс дээш хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлсний дараа үүсэхээроруулжээ.

Монгол Улс нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт II Протоколд нэгдэж орсонтой холбогдуулан цаазаар авах ялыг бүрмөсөн хална. Харин энэ онцгой ялын оронд бүх насаар хорих ялыг хуулийн төсөлд тусгаж, 25 жилийн дараа тодорхой болзол хангаж байвал ялаас чөлөөлж болох талаар зохицуулалтыг шинээр оруулжээ.

Өсвөр насны хүүхдэд оногдуулах ял

Ял шийтгэл хүлээлгэх насны хязгаарыг 16 наснаас, тодорхой төрлийн гэмт хэрэгт 14 наснаас байхаар хуулийн төсөлд тусгахдаа урьд уламжлан ирсэн долоон төрлийн гэмт хэргийг тусгасан байна. Эрүүгийн хариуцлага нь өсвөр насны хүн бүрт хорих ял оногдуулах зорилгогүй бөгөөд хүүхдийн хүмүүжил нас бие, сэтгэхүйн онцлогт тохирсон ял шийтгэл оногдуулах гэнэ. Хүүхдийг аль болох хорих бус хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх шинжтэй байх зохицуулалтыг тусгажээ. Өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахааргүй бол шүүхээс тодорхой хугацаагаар хүмүүжүүлж хянан харгалзах арга хэмжээг хэрэглэх аж.

нийт эдлэх ялын хэмжээг тогтооно

Түүнчлэн хэд, хэдэн гэмт хэрэгт болон хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах заалтыг нэгтгэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ялтан, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах, нэг гэмт хэргийг шийдвэрлэхгүйгээр нөгөө хэргийг шийдвэрлэх боломжгүй байдалд хүргэдэг шалтгааныг арилгах хэрэгтэй гэж үзсэн байна. Ингэхдээ шүүхийн практикт тулгамдаж буй асуудлыг судалжээ. Судалгаагаар хуулийн дээрх заалтаас шалтгаалж хэргийн шийдвэрлэлт удаашрах, “хэргээ задлах”, “хэрэг наймаалцах” зэрэг сөрөг үзэгдэл гарах болсон гэнэ. Тийм учир хуулийн төсөлдхэрэг бүрт оногдуулсан ялыг нэмэх замаар жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох, ингэхдээ хуульд заасан дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар хэргийг тусгаарлан шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Мөн уламжлагдан ирсэн зохицуулалтыг харгалзан үзэж ялтанд оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдвэл сүүлд үйлдсэн гэмт хэрэгт нь ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг, эсхүл заримыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохоор болжээ.

Сүүлийн гурван жилд хорих ял биечлэн эдлэгсдийн дундаж тоо 5000-5200 орчимд хэлбэлзэж байсан бол 2012 оны байдлаар 8000 хоригдол хорих ял эдэлж байгаа гэсэн дүн гарсан байна. Иймд хорих ял биечлэн эдлэх явдлыг багасгах чиглэлд анхаарч гэрийн хорионд байлгах ял, тэнсэх албадлагын арга хэмжээ, гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлага, өсвөр насны хүнд оногдуулах ял гэсэн шинэлэг зүйлсийг оруулсан гэнэ. Ингэснээр хорих ял биечлэн эдлэх явдлыг 20-30 хүртэл хувиар бууруулна гэж тооцоолж байгаа бөгөөд ялын үр нөлөө дээшилнэ гэж үзжээ. Түүнчлэн Эрүүгийн хуулийг хэрэглэдэг мөрдөн байцаагч, прокурор, шүүгчдийн түгээмэл шүүмжилдэг, хэрэглэхэд бэрхшээлтэй, зүйлчлэхэд эргэлзээ учруулдаг гэмт хэргийн бүрэлдэхүүн, түүний шинж байдлын ялгааг гаргах үүднээс гэмт хэргийн бүлгийг шинээр эрэмбэлж оруулсан байна.

Д.Маргад

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *