Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хорих ангиудад хүний эрх ноцтой зөрчигдөж байна гэв

Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан 461 дүгээр хорих ангид нас барсан нь хүний эрхийг ноцтой зөрсөн явдал гэж УИХ-ын гишүүн  Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар нар өчигдөр мэдэгдлээ. Тэд 2014 он гарсаар урьдчилан хорих 461 дүгээр төвд нийт таван хүн нас барсан тухай дуулгав. Талийгаач Д.Амарсайханаас өмнө тэнд ял эдэлж байсан дөрвөн иргэн амиа алджээ.  Нэг нь Малайз улсын иргэн байсан гэнэ. 

Д.Амарсайханыг шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хорьж, эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас амиа алдсан гэсэн мэдээлэл Хүний эрхийн дэд хороонд ирсэн байна. Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Ганбат ярихдаа “Талийгаач эмнэлгийн тусламж авч чадаагүй. Одоогийн байдлаар энэ хэргийг хууль, хяналтын байгууллага шалгаж байна. Ер нь хорих байгууллагад хүний эрх зөрчигдсөөр байгаа. Цаашид Гэмт хэргийн тухай хууль, Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг батлуулж хүний эрхийн асуудлыг цэгцэлнэ” гэлээ. Мөн тэрбээр Хүний эрхийн дэд хорооны тайланг удахгүй хэлэлцэнэ гэдгийг дуулгасан. 

 УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Хорих байранд хоригдож байгаа, нийгмээс тусгаарлагдсан, эрх нь хязгаарлагдсан сэжигтэн болон ялтнуудын эрхийг төр хариуцах ёстой. Гэвч тэдний эрхийг зөрчсөөр байна. Иймээс Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хороо, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран хүний эрхийн асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллана” гэв. 

Д.Амарсайханы хэрэгтэй холбогдуулан хорих ангийн эмнэлгийн даргад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Мөн албан үүрэгтээ хариуцлагагүй, хайнга хандаж хүний амь насанд хүрсэн албан тушаалтануудад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэдгийг дээрх гишүүд мэдэгдлээ.  

  Сүүлийн 10 жилийн судалгаагаар хорих байранд амиа алдсан хүний тоо 210-т хүрчээ.  2005 онд 35 хүн амиа алдаж байсан бол 2012 онд 12 хүн нас барсан гэнэ. Тэдний дийлэнх нь сүрьеэ, зүрхний шигдээс, бөөрний дутагдал зэрэг өвчнөөр хорвоог орхидог байна. Тиймээс хорих байгууллагуудыг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэхийн тулд хууль, шүүхийн шинэчлэлийг цаашид шат дараатайгаар авч хэрэгжүүлнэ гэдгийг УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ц.Оюунбаатар нар онцолж байлаа. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *