Categories
мэдээ цаг-үе

Хоригдлуудын эмчилгээг сэтгэл засалтай хослуулж байгаа нь өвчний эдгэрэлтэд эерэг нөлөө үзүүлдэг гэв

Манай Улсад хорих ялаар шийтгүүлсэн хоригдлуудын эрүүл мэндийг сахин хамгаалдаг ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги – Нэгдсэн эмнэлэг болон сүрьеэтэй тэмцэх эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжтэй, 429 дүгээр хаалттай хорих анги -Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг гэх хоёр томоохон эмнэлэг бий. Олон нийтийн дунд хорих ангийн эмнэлгүүдийн үйл ажиллагаа хангалтгүй гэх ойлголттой байдаг. Бидний сурвалжлах баг эхлээд 401 дүгээр хаалттай хорих анги – нэгдсэн эмнэлгийг зорилоо. Энэхүү эмнэлэг 2016 онд эмнэлгийн чанар стандартын дагуу баригдаж, улсын хэмжээнд ял эдэлж буй хоригдлуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг юм. Бид үүдэнд бүртгүүлж тус эмнэлэг рүү нэвтрэхэд хэвтэн эмчлүүлж буй хоригдлууд сэтгэл заслын эмчилгээнд орж байв. Эмчилгээний өрөөнөөс “Тэнгэр ээж минь өршөө” дуу эгшиглэх нь тодхон. Энэ нь хоригдлуудад сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байгаа ажил зохион байгуулж байгаа гэв. Тэдний дундаас нэг нь нулимсаа арчин суух нь нүдэнд зурвас үзэгдээд өнгөрөв. Энэ өдөр хорих ангийн сэтгэл зүйчид тус ангид ажиллаж байсан юм. Хорих анги бүр сэтгэл зүйчтэй байдаг бөгөөд хорих ангийн сэтгэл зүйчид явуулын байдлаар бусад ангиудад очиж, сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлдэг байна. Орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн барьсан тус эмнэлэг нь 2 дугаар шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг, энэ нь ч үүднээс нь харагдаж байлаа. 401 дүгээр хаалттай хорих анги – нэгдсэн эмнэлэгт жилд 2500-3000 орчим хоригдол хэвтэн эмчлүүлдэг байна. Тус эмнэлэгт одоогоор 40 гаруй хоригдол эмчлүүлж байгаа аж.

Тэднийг эмчилгээгээ хийлгэж байх хооронд тус ангийн дарга, хурандаа Д.Тулга эмнэлгийн үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. Тэрбээр “ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги- нэгдсэн эмнэлэг нь хорих ял эдлэгсдэд эрүүл мэндийн үйлчилгээг чанар стандартын дагуу түргэн шуурхай үзүүлдэг. Ял эдлэгсдийн дотроос гарч буй өвчлөлийг манайд хэвтэн эмчлэхээс гадна сэтгэл зүйн эмчилгээтэй хослон явуулдаг. Ял эдлэгсдийн дунд суурь өвчтэй хүмүүс их байдаг. Энэ нь ял эдэлж байх хугацаандаа сэдэрдэг гэж ойлгож болно. Манай эмч нар улирал бүр алслагдсан хорих ангиудаар урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол хийдэг.Нэн яаралтай хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хоригдлуудыг цаг алдалгүй шуурхай оношилж, эмнэлэгтээ хэвтүүлэн эмчилдэг. Хоёрдугаар шатлалын эмнэлэг ямар шаардлага хангасан байх ёстой, тэр бүх стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг.Манай эмнэлэг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдвар, Хавдар судлалын үндэсний төв, СЭМҮТ эмнэлгүүдтэй хамтран ажилладаг. Хувийн хэвшлээс эмнэлгийн чанар стандартыг өндөр хангасан Мөнгөн гүүр, Гранд мед эмнэлгүүдтэй шуурхай хамтарч ажиллахаас гадна нэн яаралтай хагалгаануудыг хийдэг. Хорих ялаар шийтгэгдээд ирсэн хүмүүсийг тухайн хорих ангид хүлээж авах комисс анги бүрт байдаг. Энэ комисст эмч багтдаг. Хорих ялаар шийтгэгдэн шинээр ирж байгаа хүмүүсийг бүх төрлийн шинжилгээнд хамруулдаг. Өвчнөө хүнд шатанд оруулчихсан хүмүүс ч их ирдэг” гэв.


Я.ОЮУНЧИМЭГ: ЖИЛДЭЭ2500- 3000 ОРЧИМ ХҮМҮҮЖИГЧ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛДЭГ

Хүмүүжигчийн эмчилгээ болон өвчлөлийн талаар тус эмнэлгийн Ерөнхий эмч, дэд хурандаа Я.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Эмнэлгийнхээ эмчилгээ, үйлчилгээний талаар мэдээлэл өгөөч?

-Манай эмнэлэг хоёрдугаар шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг хорих ял эдлэгсдэд үзүүлдэг. Энэ эмнэлэгтээ эмчлэх боломжгүй тусламж үйлчилгээг бид дараагийн шатлалын улсын эмнэлгүүдэд үзүүлдэг, хэвтэн эмчлүүлдэг. Манайх мэдрэлийн, мэс заслын, дотрын гэсэн эмчилгээний гурван тасаг, оношлогооны нэг тасаг, долоон кабинеттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

-Хүмүүжигчдэд ямар өвчин зонхилж байна вэ?

-Манай эмнэлгээс нарийн мэргэжлийн эмч нарын баг жилд 2-3 удаа төв, орон нутгийн хорих ангиудаар явж, урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг. Тэр үеэр бүх хүмүүжигчдийг эмчилгээнд хамруулж, хэвтүүлэх шаардлагатай хүмүүжигчдээ энэ эмнэлэгтээ хүлээн авдаг.120 ортой. Хоригдлуудын дунд зонхилж байгаа өвчнөөс шүдний өвчлөл их байна. Бид шүдний өвчлөлийг оношилж, шүдний бүхий л эмчилгээг хийдэг. Мөн дотрын өвчлөл болох хоол боловсруулах замын өвчлөлүүд, элэг цөс бөөрний эмгэгүүд давамгай байдаг. Ихэвчлэн хорих ял эдлэхээсээ өмнө урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагддаггүйгээс үүдэн өвчин нь тодорхой үе шатуудад хүрсэн, хүндэрсэн, суурь өвчлөлтэй хүмүүс их ирдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангиудад сэтгэл зүйчид ажилладаг. Хорих ял эдэлж байгаа хүмүүсийн сэтгэл зүй бусад хүмүүсийнхийг бодвол илүү тогтворгүй байдаг. Ялангуяа өвчтэй хоригдлуудын сэтгэл зүй маш эмзэг байдаг. Тиймээс бид дан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна сэтгэл зүйн үйлчилгээг хослуулан үзүүлж байгаа. Энэ нь үр дүнтэй байдаг. Өвчний эдгэрэлтэд эерэг үр дүн гардаг. Өнөөдөр манай эмнэлэг дээр ШШГЕГ-ын Нийгэм сэтгэл зүйн хэлтсийн алба хаагчид, хорих ангиудын сэтгэл зүйчид ажиллаж байгаа. Хэвтэн эмчлүүлж байгаа хоригдлуудад ганчаарчилсан зөвлөгөө өгч байна, сэтгэл зүйн бусад үйлчилгээг үзүүлж байгаа. Энэ нь их ач холбогдолтой, үр дүнгээ өгөх ажил.

-Эмчлэгдэж байгаа хоригдлуудын насны байдал ямар байдаг вэ?

-Бид эмнэлгийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай үзүүлж ирсэн. Ихэвчлэн 30-40 гаруй насныхан их ирдэг.Таслагдаж ирээд удаагүй хэрнээ аль хэдийнэ сүрьеэгийн халдвар авчихсан, хавдрын үүсвэр эхэлчихсэн өвчтөнүүд их байдаг.

-Нэгдсэн эмнэлэг учраас хөдөө орон нутагт хоригдож байгаа хоригдлууд ирж эмчлүүлдэг байх?

-Тэгэлгүй яахав. 429 дүгээр хаалттай хорих анги -Төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгтээ сүрьеэтэй хоригдлуудыг тусгаарлан эмчилдэг. Бусад халдварт өвчинтэй хоригдлуудыг Халдварт өвчин судлалын үндэсний төвд үзүүлдэг.

-Иргэдийн дунд хоригдлуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хангалтгүй үзүүлдэг гэх ойлголт байдаг?

-Иргэдийн дунд хоригдлуудын эрх чөлөөг нь хааж боогдуулж өвчнийг нь хүндрүүлчихлээ гэх ойлголт байдаг. Гэтэл тийм биш. Манайх 21 зөвлөх эмчтэй хамтарч ажилладаг. Ямар ч дугаар дараалалгүйгээр, түргэн шуурхай ажилладаг. Эмнэлгийн тоног төхөөрөмжүүд маань сүүлийн үеийнх. Энэ жилийн урьдчилан сэргийлэх үзлэгээр таслагдаж ирээд удаагүй байгаа зургаан хоригдлоос хавдрын шинж тэмдгүүд илэрсэн. Бидний үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг Эрүүл мэндийн болон бусад дээд шатны байгууллагууд байдаг. Бүх үйл ажиллагаа хууль журмынхаа дагуу явагддаг. Бид хүний л төлөө ажилладаг.

-Танай эмнэлэг дээр хийгдэхгүй хүнд хагалгаануудыг хувийн эмнэлгүүдэд хийлгэдэг гэсэн. Эмчилгээний төлбөр мөнгө нь хаанаас гардаг юм бэ?

-Манайд хэвтэн эмчлүүлж байгаа бүх л хүмүүжигчид эрүүл мэндийн даатгалаараа үнэ төлбөргүй эмчлүүлдэг. Улсын эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэхээс гадна хагалгаанд оруулдаг. Гранд, Мөнгөн гүүр эмнэлгийн компьютер эмра нь 24 цагаар ажилладаг учраас эдгээр эмнэлгүүдтэй хамтран ажиллаж байна.

-Хоригдлуудын хэдэн хувь нь суурь өвчлөлтэй ирдэг вэ?

-Судалгаагаар 68,7 хувь нь суурь өвчтэй ирсэн гэсэн тоо баримт бий. Хоригдлуудад эмийн эмчилгээг сэтгэл зүйн эмчилгээтэй хослуулан хийж байгаа нь үр дүнгээ маш сайн өгдөг” гэсэн юм.

СЭТГЭЛЗҮЙЧ Н.БОЛОРМАА: ХОРИГДЛУУДЫН ЭМЧИЛГЭЭГ СЭТГЭЛ ЗАСАЛТАЙ ХОСЛУУЛДАГ НЬ ҮР ДҮН САЙТАЙ БАЙДАГ

Хоригдлуудын сэтгэл санааны байдлын талаар бид Сэтгэл зүйч Н.Болормаагаас зарим зүйлсийг тодрууллаа.

-Хоригдлуудын сэтгэл санааны байдлыг хэрхэн тодорхойлдог вэ?

-Хорих ангид шинээр ирсэн хүмүүс орчин нөхцөлдөө дасан зохицох үйл явц явагдах тул сэтгэл санааны байдал тогтворгүй байдаг. Энэ хугацаанд нийгмийн ажилтнууд болон сэтгэл зүйчид ганцаарчилсан уулзалтыг их зохион байгуулдаг. Ингээд анхан шатны сэтгэл зүйн сорилуудыг авдаг. Тухайн үеийнх нь сэтгэл зүйн байдлыг тодорхойлж түүнд нь тохирсон сэтгэл зүйн үйлчилгээний төлөвлөгөө гаргадаг. Өвчтэй хоригдлуудын хувьд эрүүл мэндийн байдлаасаа шалгтаалж сэтгэл санаа тогтворгүйтэх,хямрах тохиолдол их. Ингээд ирэхээр аливаа асуудлыг сөрөг өнцгөөс харж эхэлдэг. Эмийн эмчилгээ хийж байгаа үед хамгийн чухал нь сэтгэл зүйн дэмжлэг. Энэ үед ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагын аргыг хэрэглэж, бүлгийн сургалт зохион байгуулдаг. Хоригдлуудын ихэнх нь ганцаарчилсан зөвлөгөө авах хүсэлтэй байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч,согтуурах, мансууруулах донтой хоригдлуудад албадан сургалт явуулдаг.

-Сэтгэл зүйн эмчилгээ хийлгэснээс хэдий хугацааны дараа үр дүн нь гардаг вэ?

-Тухайн хүний сэдэл зорилгоос хамаардаг. Ихэвчлэн 14 хоногоос сарын дотор маш их өөрчлөлт гарсан нь анзаарагддаг. Харилцаанаас нь мэдрэгдээд эхэлдэг. Хоригдлуудын эмчилгээг сэтгэл засалтай хослуулдаг нь үр дүн сайтай байдаг.

-Ганцаарчилсан зөвлөгөө авах хүсэл эрмэлзэл их байдаг гэсэн?

-Хоригдлууд ганцаарчилсан зөвлөгөөг түлхүү авах зорилготой байдаг. Гэр бүлийнхээ талаар санаа зовсон байдаг учраас гэр бүлээ маш их ярьдаг. Бид тэдний сэтгэл зүйн байдалд нь тохирсон сургалтуудыг зохион байгуулдаг.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 421 дүгээр ангийн хорих ялтан А “Би гурван жил 5 сарын ял авсан. Би Ховд аймгийн хорих ангиас ирж хэвтэн эмчлүүлж байгаа. Анх 2016 онд элэгний циррозноос үүдэлтэй венийн судасны өргөтгөл гэсэн оноштой ирсэн. Эмчилгээ сайн хийгдсэний үндсэн дээр биеийн байдал маань одоо сайжирсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сард хагалгаанд орж, дахин хоёрдугаар сард хагалгаанд орсон. Сар болгон эмчийн хяналтад ордог. Эмийн эмчилгээнээс гадна сэтгэл зүйн эмчилгээ бидний өвчинд маш их нөлөө үзүүлдэг. Манай эмч болоод сэтгэл зүйч нар сайн ажилладаг. Манай анги дээр Оюун гээд хошууч байдаг.Тэр хүн сэтгэл зүйн зөвлөгөөг маш сайн өгөхөөс гадна биднийг хараад сэтгэл санааны байдал ямар байгааг мэдэж, дуудаж ярилцдаг” гэв.

Бид тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Таширийн аманд байрлах 429 дүгээр хаалттай хорих анги -Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг зорьсон юм. Энэхүү эмнэлэг сүрьеэтэй хоригдлуудыг тусгаарлан эмчилдэг иж бүрэн тоног төхөөрөмж бүхий хамгийн сүүлийн үеийн лабораторитой. Уг эмнэлэг нь сүрьеэг илрүүлэх эмчилгээг хоёр цагийн дотор гаргадаг женэксперт аппараттай бөгөөд энэхүү аппарат нь манай улсын хэмжээнд 10 хүрэхгүй байдаг аж.2018 онд дөрвөн давхар эмнэлгийг барьж ашиглалтад оруулжээ. Энэхүү эмнэлэгт хэвтэж байгаа хоригдлуудын 90-95 хувь нь уушгины сүрьеэтэй гэсэн оноштой.

Биднийг эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахаар ороход хоригдлууд бүлгийн сэтгэл зүйн засалдаа орчихсон байлаа. Тэд нүдээ анин сэтгэл зүйн зөвлөгөөг анхааралтай гэгч нь төвлөрөн суусан харагдав. Сүрьеэ халдварладаг өвчин учраас халдвар тараах эрсдэлтэй гэдэг үүднээс маш нарийн хамгаалалттай, ариун цэврийн байдлыг дээд зэргээр ханган үйл ажиллагаа явуулдаг гэдгийг тус эмнэлгийн үүдээр ороход харагдаж байлаа.

429 дүгээр хаалттай хорих анги – Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дарга,хурандаа Б.Лхагважав “Манай эмнэлэг Таширийн аманд 2001 онд байгуулагдсан. Сүүлийн 18 жилийн турш хорих байгууллагад ял эдэлж буй хоригдлуудаас сүрьеэ өвчинтэй хоригдлуудыг тусгаарлан авчирч эмчилдэг юм.Энд эмчлэгдээд зургаан сар эм ууж, түүний дараа хоёр жилийн хугацаанд хяналтанд энэ ангидаа байдаг. Хоёр жил эмчлэгдээд хяналтанд орж байгаа хүмүүжигчид ч бий.Жилдээ шинээр сүрьеэгээр оношлогдож буй 50-60 хоригдол байна. Манайх 100 хүний ортой. Бусад хорих ангиудад жилд дөрвөн удаа сүрьеэг илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг. Улирал тутамд нэг удаа бүх хорих ангийг хамруулдаг гэсэн үг. Эмнэлэг дотроо шинэ номын сан байгуулж өгсөн.ШШГЕГ-аас випашяна бясалгалын төвтэй хамтран 2015 оноос хоригдлуудын дунд хэрэгжүүлж эхэлсэн бясалгалын сургалтад хоригдлуудыг тогтмол хамруулдаг гэлээ.

Сүрьеэгээр эмчлүүлж буй ялтан А “Би хоёр жил зургаан сарын ялтай. 2018 оны долдугаар сард сүрьеэгээр оношлогдсон. Дархан- Уул аймгаас нурууны сүрьеэтэй гэсэн онош тогтоогтоод хэвтрийн босч чаддаггүй ирсэн. Хагалгаанд орсон. Эмнэлгийн үйлчигээ хурдан шуурхай явагдсан учраас биеийн байдал маш сайн болсон. Эмчилгээ үйлчилгээний хүчинд явж чаддаг болсон. Бидэнд мөн сэтгэл заслын үйлчилгээ үзүүлдэг.Удахгүй манай анги дээр “Уураа тэвчье” нэртэй тэмцээн болох гэж байгаа. Бид тасаг тасгаараа өрсөлдөх учир тэмцээндээ бэлдэж байна” гэсэн юм. Түүнчлэн өвчний байдлаасаа болж сэтгэл санаагаар их унадаг байсан, сэтгэл зүйчид маань маш их дэм болдог хэмээн тэд хэлж байлаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *