Хойд Солонгост энэ наймдугаар сар гарсаар 60 орчим хүнийг олон нийтийн өмнө цаазалсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Хойд Солонгосын төрийн эрхийг Ким Чен Ун залгамжлахаас өмнө жилд дунджаар 30 хүн цаазын ял шийтгэдэг байсан аж. Цаазын ялаар шийтгэгдсэн хүмүүсийн олонх нь “урвагч” хэмээн нэрлэгдсэн дүрвэгч иргэд бөгөөд тэдэнд тусалсан хүмүүс ч цаазлуулжээ.
Хойд Солонгосын цэргүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард иргэдийг Хятад руу дүрвэхэд тусалдаг 10 орчим хүнийг хилийн ойролцоогоос баривчилсан аж.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн гуравдугаар сард Пхеньяны эсрэг хоригоо чангатгаснаас хойш Хойд Солонгосоос дүрвэн зугтах иргэдийн тоо өсөхийн хэрээр цаазын ялаар шийтгэгдэх “урвагчдын” тоо нэмэгдэх болжээ. Хойд Солонгос дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийсний дараа Аюулгүйн зөвлөл Пхеньяны эсрэг хоригоо чангатгасан юм.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Хойд Солонгосын иргэд улсын төлөвлөгөөт ажлын төлөө өдөр, шөнөгүй ажиллаж байгаа ч цалин хөлс нь гар дээр нь ирэхгүй, амьдралд нь хүрэлцэхгүй байгаад гомдоллох болсон гэнэ. Хамгийн сүүлд л гэхэд Пхеньян “70 өдрийн тулаан” хэмээх кампанит ажлыг өрнүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг хичээсэн юм. Өмнө нь Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын их хуралд бэлтгэх үүднээс өнгөрсөн оны зургаагаас арванхоёрдугаар сарын хооронд 200 хоногийн кампанит ажил өрнүүлсэн байв.