Хойд Америкт “COVID-19”-ийн шинэ хувилбар болох “омикрон”-оор халдварласан анхны тохиолдлууд Канадад илэрчээ. Тус улсад Нигериэс ирсэн хоёр иргэн уг хувилбараар халдварласан болохыг нь тогтоосон байна.
Өнөөдрийн байдлаар коронавирусний шинэ хувилбар Их Британи, Итали, Герман тэргүүтэй Европын хэд хэдэн оронд, мөн Израил, Хонконг, Австралид илрээд байна.
Ням гаргийн орой Францын Эрүүл мэндийн яам “омикрон” хувилбараар халдварласан байж болзошгүй найман тохиолдол илрүүлснээ мэдэгдсэн бөгөөд одоо оношийг батлах шинжилгээг хийж байгаа аж.
Ботсвана улсын Эрүүл мэндийн сайд Эдвин Диколоти “омикрон” хувилбарын 15 тохиолдол нэмж бүртгэгдсэнийг ням гарагт мэдээлжээ. Ингэснээр тус улсад илэрсэн ийм тохиолдлын тоо 19 болжээ.
Австралийн мэргэжилтнүүд Африк тивийн өмнөд хэсгээс ирсэн жуулчдаас хоёр хүн шинэ хувилбараар халдварласан болохыг тогтоосноо мөн ням гарагт мэдээлсэн байна. Энэ нь тус тивд бүртгэгдсэн анхны тохиолдлууд болжээ.
Мөн Нидерландад Африкаас ирсэн 13 зорчигчоос халдвар илэрснийг тус улсын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн мэдээлсэн байна.
“Омикрон” хувилбар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд олон улс орон Африкийн өмнөд хэсгийн орнуудад зорчих хөдөлгөөний хязгаарлалт тогтоогоод байна.
Тухайлбал, Австрали шинэ хувилбараар халдварласан тохиолдол илрэхээс нэг хоногийн өмнө Африкийн орнуудаас ирэх иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ. Үүнд Австралийн иргэд, байнгын оршин суугчид хамааралгүй байна.
Түүнчлэн Нидерландын эрх баригчид Африкийн өмнөд хэсгийн орнуудаас ирэх, очих зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосноос гадна оройн цагаар хөл хорио тогтоох гэх мэт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болсныг “New York Times” сонинд мэдээлжээ.
Үүний зэрэгцээ Японы Засгийн газар “омикрон” хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд Израил, Мароккогийн эрх баригчдын нэгэн адил гадаадын жуулчдыг хилээрээ түр нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргаснаа өнөөдөр мэдэгдсэн байна.