Categories
мэдээ улс-төр

Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2017.05.09 ) хуралдаан 09 цаг 41 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэг уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2017 оны тавдугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхийн дэмжлэгийг авсан саналуудыг уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмж тусгасан байна. Тухайлбал, төслийн хоёрдугаар бүлэгт тухайн салбарын үйл ажиллагааны мэргэжлийн онцлогтой холбоотойгоор хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх журам боловсруулах, хог хаягдлын норматив хэмжээг тогтоох, мэдээллийн сан бүрдүүлэх, үнэ тарифыг тогтоох, санхүүжүүлэх, заавар, аргачлал батлах эрхийг төрийн захиргааны зарим байгууллагад тусгайлан зааж өгсөн болон, бусад хууль тогтоомжтой нийцүүлсэн өөрчлөлтүүдийг хийжээ. Мөн хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой зохицуулалтыг Газрын тухай хуультай нийцүүлэн нэгтгэж нэг заалт болгон төслийн зургадугаар бүлэгт нэмжээ.

Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. Эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын ИхХурлын нэр бүхий 13 гишүүний санаачлан боловсруулсан Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төсөл санаачлагчдыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл хууль санаачлагчийн илтгэлийг гишүүдэд танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд “Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөллөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүрэг хэрэгжүүлнэ” гэж заасан. Гэвч жил ирэх тутам нэмэгдсээр байгаа их хэмжээний хог хаягдлын улмаас газрын хөрс, ус, агаар бохирдож, халдварт өвчин гарах нөхцөл бүрдүүлж, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа учраас одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хог хаягдлын тухай хууль нь нийгэм, эдийн засгийн хурдацтай өөрчлөлтөөс шалтгаалж тухайн харилцааг бүрэн зохицуулж чадахгүй, өнөөгийн шаардлага хангахгүй байна гэж төсөл санаачлагч гишүүд үзээд энэхүү хуулийн төслийг боловсруулжээ. Мөн хог хаягдлын талаар баримталж буй НҮБ-ын бодлого, санал, зөвлөмжийг харгалзан үзэж, олон улсын нийтийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагад нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх зарчим баримталсан тухайгаа төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.

Хуулийн нэр томъёоны тодорхойлолт зэрэг зарим хэм хэмжээг байгаль орчны болон эрүүл мэндийн холбогдох мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн томъёолсон. Түүнчлэн Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын конвенцийн заалт, байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагын зөвлөмжийг үндэслэн иргэдийн байгаль орчны боловсрол, ухамсарыг дээшлүүлэх, хог хаягдлыг багасгах, дахин боловсруулах чиглэлд онцгойлон анхаарсан. Хог хаягдлыг саармагжуулах, хаях, цуглуулах, тээвэрлэх, устгах, дахин боловсруулах, импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, хог хаягдлын байгууламжийг дэмжих журмыг хуулийн төсөлд нарийвчлан тусгасан гэдгээ тэрээр онцлов.

Энэхүү хуулийн төсөл нь 6 бүлэг, 40 зүйлтэй юм. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо уг хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ талаарх тус байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Оюун чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул байнгын хорооны саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 75.0 хувь дэмжлээ. Иймээс хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *