Categories
мэдээ цаг-үе

ХИС-ийн эрдэмтэд, судлаачид олон улсын түвшинд судалгаа хийж байна

ХИС-ийн үүсгэн байгуу­лагд­саны 35 жилийн ой энэ өдрүүдэд болж байгаа билээ. Анх Орос хэлний багшийн дээд сургууль нэртэй бай­гуулагдаж, улмаар ГХДС болж, 1999 онд Хүмүүнлэгийн ухааны их сургууль болж өргө­жиж ирсэн тус сургуулийн төгсөгчид салбар бүртээ амжилт дагуулсаар өдийг хүрсэн. Бас энэ сургуульд үе, үеийн чадварлаг багш нар, эрдэмтэд ажилласаар ир­сэн байдаг. Боловсролын сал­бар дахь дэлхий нийтийн чиг хандлага нь их дээд сургуу­лиуд зөвхөн оюутанд хичээл заах бус харин сургалт судал­гааны төв болж байна. Манайд ч их дээд сургуулиуд энэ чиглэлд ихээхэн анхаарч ажиллах болоод байгаа би­лээ. Өдгөө ХИС-д багшилж буй эрдэмтэн багш нар, суд­лаач­дын тухай болон тэд­ний эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны талаар танил­цуулж байна.

ХИС-ИЙН ЭРДЭМТЭН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, УСНЫ БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА

ХИС-ийн Бизнесийн сургуу­лийн Экологи, аялал жуулчлалын менежментийн тэнхмийн эрхлэгч профессор Т.Навчаа Нидер­лан­дын UNESCO-IHE Усны Бо­ловс­­ролын Институтэд байгаль орчны бодлого төлөвлөлт, ме­неж­­ментийн чиглэлээр магист­рын зэрэг хамгаалсан, боловсрол судлалын ухааны докторын зэ­рэг­тэй. Аялал жуулчлалын бо­ловс­ролын чиглэлээр доктор хам­гаалсан анхны эрдэмтэн билээ.

Профессор Т.Навчаагийн “Ая­лал жуулчлал судлалын онол, арга зүй”, “Эко туризмын менеж­мент”, “Тусгай хамгаалалттай газар нутагт эко туризм хөг­жүүлэх арга” зэрэг ном сурах бичиг нь их, дээд сургуулийн сургалтанд тогтмол хэрэглэгдэж байна. Мөн 2006 оноос ерөнхий боловсролын сургуулийн 7-12-р ангийн газарзүйн сурах бичиг зохиох багийн гишүүнээр ажил­лаж байна.

Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын нө­лөөл­лийн нэгдсэн судалгааг про­фессор Д.Гансүх, профессор С.Эрдэнэтуул нартай хамтран хийж “ТХГН-т аялал жуулчлалын үзүүлэх нөлөөллийн суурь судал­гааны үр дүнгээс” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн нь Томсон Ройтерсийн индекс бүхий аялал жуулчлалын судалгааны сэтгүүлд хэвлэгджээ.

Профессор Т.Навчаа нь сүү­лийн жилүүдэд уур амьсга­лын өөрчлөлт, уур амьсгалын өөрч­­лөл­тийн боловсрол, усны боловсролын чиглэлээр судал­­гаа­ны ажлууд түлхүү хийж байна. Жишээлбэл, Мон­гол ор­ны уур амьсгалын өөрч­лөл­төд өндөр эрсдэлтэй гол мөр­нүү­дийн сав газарт усны нөөцийн нэгдсэн менежментийг экосистемд түшиглэсэн дасан зохицохуйн зарчимтай уялдуу­лан боловсруулах ажлын үр дүнгээс 2014 онд Европын Гео шинжлэх ухааны холбооны (EGU) ерөнхий чуулганд илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Энэхүү судалгаа нь Copernicus индекс бүхий Европын Геофизикийн судалгааны сэтгүүлд хэвлэгджээ. Түүнчлэн бусад судалгааны ажлын үр дүнгүүд нь ОХУ, Япон, Герман, Австри зэрэг оронд зохиогдсон олон улсын хуралд хэлэлцэгдэж хэвлэгдсэн байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол, тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд, ХИС-ийн сэтгүүл зүйн багш, доктор Л.Ариунтай хамтран “Эко системд түшиглэсэн да­сан зохицохуй” телевизийн нэвт­­рүүлэг бэлтгэж теле сувгуу­даар түгээжээ. ХИС-ийн профес­сор Т.Навчаа НҮБХХ-ийн болон ЮНЕСКО-гийн төсөл хөтөл­бөрүүдэд байгаль орчны менеж­мент, усны нөөцийн менежмент, эко туризмын менеж­мент, тогт­вортой хөгжлийн болов­сролын чиг­лэлээр үндэсний зөвлө­хөөр 2010 оноос хойш ажил­лаж байна. Мөн 2014 оноос Европын Гео шинжлэх ухааны холбооны (EGU) гишүүнээр элс­сэн. 2004 оноос Европын Аялал жуулчлал чөлөөт цагийн боловсролын холбооны гишүүн, 2010 оноос Даян дэлхийн усны түншлэлийн байгууллагын ХИС-ийн төлөөлөгч болсон аж.

ДОКТОР С.ЭРДЭНЭТУУЛ: СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ ТҮҮНИЙХЭЭ ҮР ДҮНГ ОЛОН УЛСЫН СЭТГҮҮЛД НИЙТЛҮҮЛНЭ ГЭДЭГ ИХ СУРГУУЛИЙН БАГШ ХҮНИЙ ҮҮРЭГ ЮМ

ХИС-ийн Бизнесийн удирд­ла­гын тэнхмийн эрхлэгч, док­тор (PhD), проффессор С.Эрдэнэ­туул нь “Монголын эдийн засгийн хөгжил дэх ажиллах хүч, хүн ам зүйн нөлөөллийн судалгаа” сэдвээр Японы Рейтаку их сур­гуульд эдийн засгийн ухаа­ны докторын зэргийг 2006 онд хамгаалжээ. Тэрээр хүний нөө­цийн менежмент, хүрээлэн буй орчны эдийн засаг, нөөцийн бодлого, төлөвлөлтийн асуудал зэрэг чиглэлээр судалгаа хийдэг. 2006 – 2008 онд Японд докторын дараах сургалтад хамрагдсаны зэрэгцээ Японы Нийгмийн хам­гаа­лал, хүн ам зүйн бодлого суд­лалын хүрээлэнд судлаачаар ажиллаж байсан юм.

Тэрээр сүүлийн жилүүдэд хүрээлэн буй орчны эдийн засаг, нөөцийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр судалгаа хийж байгаа бөгөөд аялал жуулчлалын бай­галь орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн шалгуур үзүүлэлтүүдийг тооцох аргачлал боловсруулах ажлыг профессор Д.Гансүх, профессор Т.Навчаа нартай хамтран гүйцэтгэж, судал­­гааны үр дүнгээр бичсэн хамтарсан өгүүлэл нь “Том­сон Ройтерс”-ийн индекс бүхий “Journal of Tourism Research and Hospitality” аялал жууч­лалын судалгааны сэтгүүлд хэв­лэгджээ. Түүнчлэн ХИС-ийн про­фес­сор Т.Навчаатай хамт­ран сав газрын нийгэм, эдийн засгийн судалгааны суурь мате­риалууд дээр тулгуурлан Улз голын сав газрын усны нөө­цийн нэгдсэн менежментийн төлөв­лөгөөг боловсруулан, усны нөө­цийн хэрэглээ, зарцуулалт, салба­руудын усны хэрэглээ, нөө­цийг хамгаалах арга замууд бо­лон үйл ажиллагааны оновч­той төлөвлөлтийг гаргасан бү­тээл нь “Copernicus” индекс бүхий сэтгүүлд хэвлэгдэж, уг судал­гааны ажлын үр дүнгийн талаар олон улсын эрдэм шин­жилгээний хуралд илтгэл тавьж, хэлэлцүүлсэн байна. Профессор С.Эрдэнэтуул нь Японы менеж­ментийн холбоо, хүн ам зүй су­далгааны хүрээлэнгийн гишүүн. Тэрээр сүүлийн таван жилд НҮБ, АХБ, ДБХС, ОУХБ зэ­рэг ОУ-ын байгууллагуудын 30 гаруй судалгааны төслүүдэд богино хугацааны экспертээр ажил­лахаас гадна төрийн байгуул­лага, яамдуудтай ч хамтран ажиллажээ.

ДОКТОР Б.БУЯНДЭЛГЭР: ЦАХИМ СУРГАЛТ НЬ СУРАЛЦАГЧДАД ЦАГ ХУГАЦАА, ОРОН ЗАЙН ХАМААРАЛ БАГАТАЙГААР МЭДЛЭГ ЭЗЭМШҮҮЛЭХ БОЛОМЖ ОЛГОЖ БАЙНА

ХИС-ийн Мэдээлэл, харил­цаа­­ны менежментийн сургуу­­лийн захирал доктор (Ph.D) Б.Буян­­дэлгэр. 2003 онд Москва хотын Лениний нэрэмжит Ул­сын Багшийн Их Сургуульд мате­матик заах арга зүйн чиг­лэлээр докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. Тестийн хэлбэрээр сурагчдын мэдлэг чадварыг шал­гах онол, арга зүйг судалсан энэхүү судалгааны ажил Мон­голын боловролын системд тестийн аргыг нэвтрүүлэх эх­лэл болсноороо онцлог юм. Математикийн хичээлийн сурал­цагсдын мэдлэг чадварыг сорих тестийн аргын талаар судалгаа хийдэг олон эрдэмтэн байдаг ч Б.Буяндэлгэр докторын ажил ерөнхий боловсролын сургуу­лийн математикийн мэдлэг, чад­ва­рыг шалгах тестийн аргыг нэвт­рүүлэхэд анхдагч болсон гэж хэлж болох юм. Тэрээр сүүлийн та­ван жилд цахим сургалтын онол арга зүйг боловсруулж, практикт хэрэглэх судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэж байна. Дэлхийн ихэнх улс орнуу­дад өрнөж буй даяаршлын эри­ний хөдөлмөрийн зах зээл нь боловсролоос шинэ ур чадварыг суралцагчдад цаг хугацаа, орон зайн хамаарал багатайгаар эзэм­шүүлэхийг шаардах боллоо. Цахим сургалтын цар хүрээ өр­гөн, өөрөөр хэлбэл хамрагдах сурал­цагсдын тоо хязгааргүй, сурал­цагчид хүссэн газартаа, тохи­ромжтой үедээ суралцах бо­ломж­той, бие даан суралцах чадвар эзэмших боломж олгодог гээд олон давуу тал байдаг. Гэхдээ цахим сургалт явуулахад эрх зүйн орчин, сургалтын орчин, боловсронгуй програм хангамж, мэдээллийн технологийн өндөр чадвартай багшлах боловсон хүчин, электрон хичээлүүдийн хө­төлбөр төлөвлөгөө, интернэ­тийн хурд зэрэг олно хүчин зүйл нөлөөлдөг. Иймээс Б.Буяндэлгэр доктор цахим сургалтын боловс­ролын чанарыг хангах үзүүлэл­түүдийг судалгааны ажлаараа тодорхойлж, цахим сургалтанд нөлөө­лөх хүчин зүйлүүд тэдгээ­рийн харилцан уялдааг гар­гаж, цахим сургалтын мөн чана­рыг илэр­хийлдэг үндсэн үзүүлэл­түү­дийг тооцоолох арга зүйг бо­ло­всруулаад байна. Мөн вэб технологид суурилсан программ хангамжийг боловсруулах төс­лийн ажлыг удирдаж, зарим тодор­хой хэсгийг нутагшуулж, зүгш­рүүлж байгаа.

ҮНДЭСТЭН ДАМНАСАН СУДАЛГААНЫ БАГИЙН ЭРДЭМТЭН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БУЙГ СУДАЛНА

ХИС-ийн Бизнесийн сургуу­лийн захирал доктор (PhD), профессор А.Амаржаргал нь Японы Кобэгийн их сургуульд магистр, докторын зэрэг хам­гаалж, 2012-2013 онд Америкийн Их Сургуульд докторын дараах хөтөлбөрт хамрагдсан байна. Тэрээр сүүлийн үед ядуурал, орлогын хуваарилалт, уул уур­хайн секторын орон нутгийн иргэдэд үзүүлэх нөлөө, хүний хүчин зүйл зүйл уур амьсгалын өөрч­лөлтөд хэрхэн нөлөөлж бай­гааг судалж байгаа юм. Бүтээлүүд нь гадаад, дотоо­дын сэтгүүлүүдэд олонтаа нийтлэгддэг. Тухайлбал АНУ-ын Мичиганы их сургуулийн эрдэм­тэдтэй хамтран “Divergences of Two Coupled Human and Natural Systems on the Mongolia Plateau” судалгааны ажлыг “BioScience” сэтгүүлд хэвлүүлжээ. Доктор А.Амаржаргал өнгөрсөн сарын 16-18-ны өдрүүдэд АНУ-ын Мичи­ганы Их Сургууль болон Италийн Альдо Морагийн их сургуулиас хамтран зохион байгуулсан уур амьсгалын глобаль өөрчлөлтийн асуудлаар эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьжээ. Энд “Уур амьсгалын өөрчлөлтөд хүн болон Экосистемийн үзүүлэх хариу үйлдэл” гэсэн нэгдсэн сэдвээр 100 га­руй эрдэмтэн чуулжээ. Тэрээр “Монгол улсын уул уур­хайн салбарын хөгжил орон нут­гийн шилжилт хөдөлгөөнд хэр­хэн нөлөөлж байна вэ?” сэ­дэвт илтгэлдээ манай орны уул уурхайн салбарын орон нутаг дахь шилжилт хөдөлгөөнд үзүүлж буй нөлөөллийг тооцохдоо PROBIT загварыг ашиглан 2008-2010 оны манай улсын ажиллах хүчний судалгаа, хүн амын шил­жилт хөдөлгөөний мэдээнд тул­гуурлан судалсан байна. Мөн орон нутгийн шилжилт хөдөл­гөөнд уул уурхайн салбар хүчтэй нөлөө үзүүлж байгааг харуулсан үр дүнгийн талаар хуралд орол­цогчидтой санал бодлоо солилц­жээ. Судлаач А.Амар­жар­гал 2013-2014 онд Дэлхийн Банк­ны санхүүжилтээр Орон нут­гийн эрүүл мэндийн анхан шат­ны тусламж үйлчилгээний сан­хүү­­жил­тийг боловсронгуй болгох арга замыг судалсан юм. Тэрээр үндэстэн дамнасан судалгааны багт ажиллаж байна. Мичиганы их сургуулийн профес­сорын баг Зүүн өмнөд Ази, Зүүн Ази, Хойт Азийн эрдэмтдийн хам­тарсан судалгааны баг бай­гуу­­лан ажиллаж байгаа ба түү­ний Монгол талын судлаач юм. Дээрх эрдэмтэд Америкийн тэр­­­гүүлэх сансар судлалын бай­­­гуул­­лага болох НАСА-ийн сан­­­­хүү­­жилтээр 2015-2018 онд шил­­жил­тийн эдийн засгийн ор­нуу­дын хотжих үйл явц болон глобал өөрчлөлтөд эдгээр орны да­сан зохицох асуудлыг судлах юм.

БИЗНЕСИЙН МАТЕМАТИК ЗАГ­ВАРЧЛАЛЫН СУДАЛГААНЫ ТӨВ /Р.ЭНХБАТ, Б.ЧИМЭД-ОЧИР, Ч.БАТ­ТҮВШИН/ ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИКИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮР АШИГТАЙ СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА

МУИС-ийн Математикийн хү­рээ­лэнгийн захирал, мате­мати­кийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Р.Энх­бат, ХИС-ийн КТХС-ний тэнхмийн багш, доктор /Ph.D/, профессор Б.Чимэд-Очир, ХИС-ийн Гадаад харилцааны албаны дарга, суд­лаач Ч.Баттүвшин нар Бизне­сийн математик загвар­члалын судалгааны төвийн эрдэм­тэн, судлаачид юм. Шинж­лэх ухаа­ны судалгааны бүтээл, ном хэвлэ­лүүдэд дэлхийн эрдэмтэд хамтран ажиллахыг илүүд үзэж байгааг тэмдэглэжээ. Энэ жишгээр манай эрдэмтэн, судлаачид ч мөн хамтран олон судалгааны ажил хийж байна. Тухайлбал, тэд хамтарсан “Solving Traveling Salesman Problem by Dynamic Programming” сэдэвт судалгааны ажлаа “International Journal of Research in Computer Application & Management” сэтгүүлд хэвлүүлжээ.

Төвийн судлаач Ч.Баттүвшин МУИС-ийн Математик, компью­терийн сургуулийн багш, доктор, дэд профессор С.Батбилэгтэй хамтран “Global Optimization Approach to Game Theory” илтгэлийг БНХАУ-д болсон “The 2013 World Congress on Global Optimization” олон улсын хуралд хэлэлцүүлжээ. Энэ ажилд хоёр тоглогчтой тэг-биш нийлбэртэй тоглоомыг D.C програмчлал болон хувиргаж түүнийг глобал оновчлолын бодло­год шилжүүлэн тооцоол­лыг хийсэн байна. Судлаач Ч.Баттүв­шин 2013 онд “The Fourth International Conference on Optimization, Simulation and Control” олон улсын хуралд “Application of Dynamic Programming to Cash Flow Process” сэдэвт илтгэл, мөн доктор Б.Чимэд-Очиртой хамтран “Application of Game Theory to Investment Decisions” судалгааны илтгэл тавьж, олон орны эрдэмтэн судлаачид уул­зан ярилцаж, өөрсдийн судал­­гааны үр дүнгийн талаар санал солилцжээ. Ч.Баттүвшин, Б.Чимэд-Очир нар 2013 оны арван­ хоёрдугаар сард Тайваны Шинжлэх ухаан, технологийн Үндэсний их сургуулиас зохион байгуулсан “The 9th International Conference on Optimization: Techniques and Applications /ICOTA 9/ олон улсын хуралд “Profit Maximization in Oligopoly Market with Uncertain Cost” илтгэлийг олон улсын эрдэмтдийн дунд хэлэлцүүлжээ. Мөн ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор Т.Баяртөгс, судлаач Ч.Бат­түвшин, профессор Р.Энхбат нар “Quadratic Optimization over a Polyhedral Set” илтгэлийг 2014 онд Олон улсын математикийн форумд танилцуулжээ.

Сүүлийн үед хэрэглээний ма­те­матикийн зарим чиглэлүү­дээр судалгааны ажлаа амжилттай хийж байна. Тухайлбал, суд­лаач Ч.Баттүвшин, Б.Чимэд-Очир, О.Цэрэнбат (МУИС-ийн Магад­лалын онолын тэнхмийн эрхлэгч, доктор, профессор) нар хамтран “Тодорхой бус зардалтай пүүсүүдийн ашигт ажиллагааны математик загвар” сэдэвт судалгааны ажил хийжээ. Энэхүү ажлаа олигополь зах зээл дээр авч судлан үзсэн байна. Эрэлтийн болон зардлын функцууд шугаман байх тохиол­долд Нэшийн тэнцвэрийг олох аргыг дэвшүүлжээ. Энэхүү үр дүн нь практикт нэвтрэх бүрэн боломжтой юм. Дээрх төвийн гурван судлаач мөн хамтран “Валютын ханшид нөлөөлөгч макро эдийн засгийн хүчин зүйлүүдийг тодорхойлох нь” сэдэвт судалгаа хийсэн юм. Энэхүү ажилд валютын ханшид шууд ба дам байдлаар нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлохыг зорьсон байна.

ДОКТОР С.БАТЧИМЭГ ХҮНИЙ БИЕИЙН ЭРХТНИЙГ ГУРВАН ХЭМЖЭЭСТ ОРЧИНД ШИНЖЛЭХ АППАРАТ ХЭРЭГСЭЛД ЗОРИУЛСАН ПРОГРАММ ХАНГАМЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ СУДАЛГААНЫ АЖИЛ ХИЙДЭГ

ХИС-ийн КТХС-ийн тэнхмийн эрхлэгч багш С.Батчи­мэг. 1997 оноос мэдээл­лийн технологийн компанид прог­рам хангамжийн инженер, сис­те­мийн шинжээч болон төс­лийн удирдагчаар 10 гаруй ажил ажилласан бөгөөд 2010 он Япон улсын Ивате их сургуулийг “Цэгэн үүлийг хурдасгасан аргаар дүрслэх алгоритмыг хялбарчлах аргачлал” сэдвээр докторын зэ­рэг хамгаалсан. Мэдээллийн тех­нологийн салбарт гадаадад эрдмийн зэрэг хамгаалсан хуруу дарам цөөхөн эрдэмтний нэг юм.

Тэрээр мэдээллийн техно­логи, компьютер график, түүн дотроо цэгэн олонлогийг оновчтой аргаар дүрслэх болон байгалийн үзэгдлийн загварчлалын асууд­луудын талаар судалгааны ажил хийсэн. Японы Засгийн газрын захиалга, санхүүжилтээр олон янзын төслүүдэд ажиллаж байсан бөгөөд энэхүү ажлын үр дүн болох “Evaluation of Important Points in Point Set Surfaces and Its Applications”, “Bilateral filtering for large scale point clouds”, “Simplification of Point Set Surfaces using Bilateral Filter and Multi-Sized Splats” зэрэг судалгааны ажлуудаараа Япон, Сингапур зэрэг гадны олон орны эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл тавьж хэлэлцүүлж, гадны эрдэмтэн судлаачдын хүртээл болгож байв. Мөн олон тооны өгүүлэл нь дотоод, гадаадын хэвлэлүүдэд нийтлэгдэж байв.

Энэхүү судалгааны ажлууд нь компьютер графикт дүрсийг гурван хэмжээст өгөгдлөөр хэрхэн хурдан дүрслэх аргыг математик томъёололыг тодор­хойлж гаргасан бөгөөд энэхүү аргыг ашиглан кино, компьютер тоглоом түүнчлэн эрүүл мэндийн салбарт ашиглах боломжтой юм. Жишээлбэл хүний биеийн эрхтнийг 3D орчинд дүрсэлж харуулах скайнерийг эрдэмтэд бүтээж байгаа бөгөөд түүнд зориулсан програм хангамжийг боловсруулахад энэхүү аргыг ашиглах бүрэн боломжтой юм. Энэхүү шинэ чиглэлээр Монголдоо судалгаа хийж буй ганц нь гэж хэлж болохоор эрдэмтэн ажээ. Сүүлийн үед зайн сургалтын технологийг сургал­танд ашиглах талаар судалгааны ажил хийж байгаа бөгөөд энэхүү технологийг нэвтрүүлснээр их дээд сургуулиудын сургалтын процест шинэчлэл гарч, үүнтэй уялдан суралцагчдад цаг хугацаа орон зайнаас үл хамааран цаашид суралцах боломжууд бүрдэх боломжтой болох юм.

ДОКТОР Г.БОЛДБААТАР МОНГОЛЫН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛЖЭЭ

ХИС-ийн Бизнесийн удирдла­гын тэнхмийн багш, доктор, про­фес­сор Г.Болдбаатар 2003 онд “Дээд боловсролын сургал­тын байгууллагын стате­гийн болон бизнес төлөвлөгөөг бо­ловс­­руулах арга зүйн зарим асуудал” сэдвээр боловсрол суд­­лалын ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалжээ. “Маrketing today” мэргэжлийн сэтгүү­лийн ерөнхий редактороор ажилладаг.

Тэрбээр сүүлийн таван жилд 10 гаруй судалгааны төслүүд дээр ажиллаж байгаа бөгөөд судалгааны чиглэл нь маркетинг менежмент (нейромаркетинг, брэнд менежмент), хүний нөөцийн төлөвлөлт, эдийн засаг, хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа ажээ. Г.Болдбаатар багшийн сүүлийн таван жилийн хугацаанд туурвисан номын тоо арваас давах бөгөөд цөөнгүй ном, сурах бичиг, гарын авлага редакторложээ. Мөн олон тооны бүтээл дээрээ зохиогчийн эрхийн патент авчээ.

2010 онд Ерөнхийлөгчийн Тамгын газраас хүсэлт, санхүү­жил­тээр Тамгын газрын стратеги төлөвлөгөөг боловсруул­сан нь хэрэгжиж байна. Төлөвлө­гөөг боловсруулахдаа Ерөнхий­лөг­­чийн тамгын газрын үйл ажиллагаа, бодлогыг хэрэгжүүлэх төрийн маркетингийн стратеги хөтөлбөрийг голчилж анхаарсан байна. Мөн Азийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Боловс­рол, соёл шинжлэх ухаа­ны яамнаас Монгол улсын боловс­ролын 2010-2020 оны стра­теги төлөвлөгөөг боловс­руулах­­даа судлаачаар ажиллажээ.

ПРОФЕССОР Э.ЭРДЭНЭЧИМЭГ ОЛОН УЛСЫН ТӨСӨЛ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

ХИС-ийн Бизнесийн сургуу­лийн Бизнесийн удирдлагын тэнхмийн маркетинг менежмен­тийн багш профессор Э.Эрдэнэ­чимэг нь 2004 онд ХИС-д “Монго­лын их, дээд сургуулиудын мар­ке­тингийн төлөвлөгөөг бо­ловс­руулах аргазүйн зарим асуудал” сэдвээр боловсролын марке­тингийн чиглэлээр док­торын зэрэг хамгаалжээ. Про­фессор Э.Эрдэнэчимэг нь 2005 онд ОХУ-ын Хаборовск хотын Эдийн засгийн хүрээлэнд докторын судалгааны ажлаараа илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Улмаар 2006 онд Монголын Залуу эрдэмтэн судлаачдын “Хүрэл тогоот 2006” эрдэм шинжилгээий бага хуралд илтгэл тавьж дэд байр эзэлж байсан. Профессор Э.Эрдэнэчимэг нь 2009-2013 онд Австри улсын Венийн Их сургуульд маркетинг менежментийн чиглэ­лээр мэргэжил дээшлүүлж, төслийн судалгааны ажлын статистик боловсруулалтын багт төслийн гэрээт ажилтнаар ажиллаж байжээ. Түүний “Маркетингийн үндэс”, “Марке­тингийн менежмент”, “Бор­луулалтын маркетинг”зэрэг ном, сурах бичгүүд нь их, дээд сургуулийн сургалтанд тогтмол хэрэглэгдэж байна. Профессор Э.Эрдэнэчимэг нь “Уур амьсгалын өөрчлөлт ба экосистемийн үнэлгээ” сэдэвт олон улсын төсөл дээр Австри Улсын “BOKU” их сургуулийн профессор Klaus Hacklander, профессор Boris Scheftel, ХИС-ийн багш Австри Улсын “BOKU” их сургуулийн докторант П.Цэрэндаваа нартай хамтран судалгаа хийж байна.

Энэхүү төслийн судалгааны ажлын үр дүнгээрээ 2014 оны есдүгээр сарын 1-5-нд Германы Giessen хотноо болсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Экосистемийн үнэлгээ ба нягтшлын судалгааны загварчлал”сэдвээр илтгэлээ хэлэлцүүлж ХБНГУ-ын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн байна.

СУДЛААЧ БАГШ П.ЦЭРЭНДАВАА ХОВОР АМЬТАН БОЛООД ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОЛБОГДОЛ БҮХИЙ МЭРЭГЧ АМЬТДЫН ПОПУЛЯЦИЙН ЭКОЛОГИЙН СУДАЛГАА ГОЛЛОН ХИЙДЭГ

ХИС-ийн Бизнесийн сургуу­лийн Экологи-Аялал жуулчлалын менежментийн тэнхмийн суд­лаач багш П.Цэрэндаваа 2000-2004 онд МУИС болон ХБНГУ-ын Гөттингэн хотын Георг Августын их сургуулийн бай­галь хамгаалах төвд экологи байгаль хамгааллын чиглэлээр судалгаа хийж магистрын зэргээ хамгаалсан. Тэрээр байгаль хамгааллын биологи, экологи, ховор амьтан болоод хөдөө аж ахуйн холбогдол бүхий мэрэгч амьтдын популяцийн экологийн судалгаа голлон хийдэг бөгөөд энэ чиглэлээрээ Австри Улсын Венна хотын “BOKU-Байгалийн Ухааны” сургуульд докторын судалгаагаа хийж байна. П.Цэрэндаваа нь ХБНГУ-ын Гөттингэн хотын Георг Августын их сургуулийн байгаль хамгаалах төвийн захирал профессор М. Мюленберг, МУИС-ийн профессор Р.Самъяа, Австри Улсын Венна хотын “BOKU-Байгалийн Ухааны” сургуулийн профессор Клаус Хакландер нартай хамтран Баруун Хэнтийн ой, ойт хээрийн бүсэд 1999 оноос судалгааны “Хонин нуга” сууринд амьтны экологийн олон жилийн суурин судалгаа хийж байгаа юм. Энэхүү олон жилийн судалгааны ажлын үр дүнгээрээ судлаач нийт гурван бие даасан эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж олон улсын сэтгүүлд, хамтарсан өгүүлэл нийтлэл нийт 5 тав, арав гаруй олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ хэлэлцүүлж хэвлүүлсэн байна. Судлаач нь 2009-2013 онд Австри Улсын Венна хотын “BOKU-Байгалийн Ухааны” сургуулийн профессор Клаус Хакландер болон ХИС-ийн профессор Э.Эрдэнэчимэг нартай хамтран “Уур амьсгалын өөрчлөлт ба экосистемийн үнэлгээ” сэдэвт олон улсын төс­лийн судалгааны багт судалгааны ажлын статистик боловсруулалт хийж төслийн гэрээт ажилтнаар ажиллаж байжээ. Төслийн судалгааны ажлын үр дүнгээрээ 2013 оны есдүгээр сард Чех улсын Прага хотод мөн 2014 оны есдүгээр сарын 1-5-нд Германы Giessen хотноо болсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Экосистемийн үнэлгээ ба нягтшлын судалгааны загварчлал” сэдвээр илт­гэлээ хэлэлцүүлж ХБНГУ-ын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүл­­жээ.

Д.ДАГИЙМАА

Л.АРИУН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *