“Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх, түр хугацаагаар орж ирж буй тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчийг жолоочийн даатгалд хамруулах журам”-ыг өөрчиллөө.
Ингэснээр гадаадаас ирж буй авто тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нарыг хилийн бүсэд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд бүрэн хамруулах, энд байх хугацаандаа зам тээврийн осол гаргаж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчдын эрх ашгийг хамгаалах боломжтой болж байна. Мөн, хилийн бүс, зурваст ажиллах зөвшөөрөл авах шат дамжлага болон төрийн оролцоо багасах, хилийн бүс дэх даатгалын хүртээмжийг нэмэх зэргээр жолоочийн даатгалын хэрэгжилт сайжруулах давуу талтай юм.
Түүнчлэн “Хилийн боомтод даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах компанийг сонгон шалгаруулах журам”-ыг хүчингүй болгожээ. Үүний үр дүнд хилийн бүсэд зөвхөн нэг даатгалын зуучлагч компани ажилладаг байсныг халж, сонгон шалгаруулалт зарлахгүйгээр тухайн боомтод ажиллах хүсэлт гаргасан аливаа даатгалын зуучлагч компани хууль тогтоомжийн дагуу Хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөл авч, даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх боломжтой. Даатгагч, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах хүрээнд тухайн даатгалын зуучлагч компани нь хэд хэдэн даатгалын компанийг төлөөлөн ажиллах шаардлагыг тусган, холбогдох зохицуулалтыг бий болгожээ.
Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хил хамгаалах ерөнхий газар хамтран хилийн бүс дэх Жолоочийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэхийг сайжруулах, даатгалын хүртээмжийг нэмэх, даатгуулагч, хохирогчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор журамд дээрх өөрчлөлт хийснийг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.