Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэзээд үнэ цэнээ алдахгүй гоёл чимэглэлүүд

Гоёл чимэглэл, хувцас зүүсгэл нь нийгэм, соёлын салшгүй нэг хэсэг төдийгүй хүмүүсийг илэрхийлэх хамгийн анхны, хамгийн энгийн илэрхийлэмж болж байдаг учраас хүн төрөлхтөн эдгээр зүйлсэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө зориулсаар ирсэн. Дэлхийн улс орнууд хаад, хатдынхаа эдэлж хэрэглэж байсан гоёл чимэглэлүүдийг музейдээ дэлгэн тавьж, гайхуулан бардамнаж байдаг. Гэр бүлийн гишүүдийн удам дамжин хэрэглэж ирсэн ховор хийцийн эд зүйлс ч ийм төрлийн үнэт эдлэлд орно. Элэнц хуланцаас уламжилж ирсэн алмаазан шигтгээтэй бөгж, алтан цаг, шүр сувдан зүүлт зэрэг гоёл чимэглэл нь хуучирсан ч гэсэн үнэ цэнээ хэзээд алддаггүй. Мөнгө өвлүүлэхэд ханш нь хэлбэлзэнэ, газар үл хөдлөх хөрөнгө байлаа гэхэд хүний нүдэнд өртөхөөс авахуулаад өчнөөн асуудал бий. Хамгийн найдвартай, хялбар арга нь үнэт металлаар хийсэн жижиг хэмжээтэй эдлэл буюу гоёл чимэглэлийн зүйл юм. Ерөнхийдөө ийм төрлийн зүйлсийг үр хойчдоо хадгалуулан өвлүүлэх нь тэдний амьдралыг баталгаатай болгож байгаа гэсэн үг юм. Арга ядахад нэг алмаазан бөгж зараад л тулгарсан асуудлаа шийдчих жишээтэй.

Манай монголчуудын хэлж заншсанаар “хатуу эд” их ховор өвлөгдсөн гэж хэлж болно. Монголчууд эртнээс эрэгтэй хүүхдэдээ гол төлөв хөөрөг, гаанс, хэт хутга, мөнгөн аяга, эмээлийн чимгүүдийг, харин охиддоо сүүжин ээмэг, сувдан даруулга, оюу номин шигтгээтэй мөнгөн бөгж, бугуйвч өвлөж үлдээсэн байдаг. Юу ч өвлөж аваагүй хүмүүс ч бас бий. Алтан, мөнгөн, ховор хийцийн бурхад маш цөөхөн айлд хадгалдагдаж үлдсэн байдаг. Цэвэр үндэсний хэв шинжийг агуулсан эдгээр гоёл чимэглэл, эдлэлүүд нь зөвхөн монголчууд бидэндээ л үнэ цэнэтэй. Тухайлбал, Америкт явж байгаад гэнэтийн зүйл тохиолдоод мөнгөний яаралтай хэрэг гарлаа гэж бодоход эмээгээсээ өвлөж үлдсэн сүүжин алтан ээмгийг тайлаад зарах гэтэл авах хүн олдох нь юу л бол. Лондонгийн эртний эдлэлийн дэлгүүрт ороод эмээлийн мөнгөн баавар заръя аа гээд явж байхгүй болов уу. Харин дэлхийд алдартай “Tiffany & Co” брэндийн арван мянган долларын үнэтэй ээмэг, зүүлтний хослолыг та хэрэглэдэг байлаа гэж бодоход дэлхийн аль ч улсад явж байсан салбар дэлгүүрт нь ороод үүнийгээ заръя аа гэхэд үг дуугүй худалдаад авчихна. Роллсройсын бугуйн цагаа хаана ч явж байсан зараад өөрийгөө “аварчихаж” болно. Яагаад гэвэл эдгээр нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдчихсөн, эд мэддэг хүмүүс хараад л шууд мэднэ. Алтны тухайд бол хаана ч үнэт хөрөнгөд тооцогдох нь мэдээж.

Тэгвэл дэлхий даяар үнэлэгдэх, хаана ч үнэ цэнэтэй байх тийм эдлэлийг хэрэглэж, үр хүүхдэдээ өвлүүлж үлдээдэг байвал ирээдүйд нь маш том баталгаа болох нь ээ. Гэхдээ үндэсний хэв шинж агуулсан зүйлсээс татгалз гэж ятгах гэсэн юм биш, ийм зүйлс үнэ цэнэгүй, бидний үр хүүхдэд хэрэггүй гэж туйлширч байгаа ч хэрэг биш гэдгийг тэмдэглэе.

Дэлхийд алдартай үнэт эдлэлийн бизнес эрхлэгчид хүний хэрэгцээ шаардлага, тухайн цаг үеийн хандлагаа дагаж хэв загвар нь өөрчлөгдөх боловч орц, хийц, чансаагаа бууруулж муутгана аа л гэж байхгүй, илүү сайжруулж байдаг. Сонгодог загварын, алмааз, чулуун орц голлодог ээмэг, бөгжийг сонирхдог хэсэг байхад бүр энгийн загвартай, сайжруулсан ган титан бүтэцтэй, он цагийн шалгуурыг хамгийн сайн давдаг, хэзээ ч өнгө хийцээ алдахгүй гэдгийг нь бодолцож сонгодог хүмүүс ч бий. Гоёл чимэглэлийн брэндүүд нь ихэвчлэн удам дамжин өвлөгддөг, нарийн тансаг, мэдрэмж шаардсан, бизнесийн нэг төрөл юм. Ингээд дэлхийн хамгийн үнэтэй гоёл чимэглэлийн брэндүүдээс эхний тавыг нь танилцуулъя.

1. HARRY WINSTON

“Харри Винстон” брэндийн үүсгэн байгуулагч Винстон аавынхаа үнэт эдлэлийн дэлгүүрт ажиллаж байхдаа буюу 12 настайдаа хоёр каратын маргад эрдэнийн чулууг барьцаат зээлийн газраас 25 центээр худалдаж аваад хоёр өдрийн дараа 800 доллараар зарж байжээ. Ингэж үнэт эдлэл таних нүдтэйгээ мэдсэн хүү ааваасаа маш их зүйлийг суралцаж, 1932 онд өөрийн анхны дэлгүүрээ Нью-Йорк хотноо нээсэн гэдэг. Винстоныг үнэт эдлэлийн донор гэдэг байсан, учир нь хамгийн үнэтэй эдлэлүүдийг музейд нийлүүлдэг байж. Эдгээрээс хамгийн алдартай нь дөрвөн зууны түүхтэй, 45.52 каратын “Найдварын алмааз” юм.

Түүний цуглуулгад хамгийн сайн эрдэнийн чулуу, нарийн ширхэгтэй металл хэрэгслүүдийг ашигладаг. Эдгээр үнэт эдлэлүүд нь зөвхөн тансаг, чамин хэрэглээ биш, удаан эдэлгээтэй гэдгээрээ үнэ цэнэтэй. Хуримын болон гоёлын бөгж, цаг, хүзүүний зүүлт зэргийг алмааз, цагаан алт, үнэт металлууд ашиглан хийдэг. Одоогийн байдлаар АНУ-д долоо, бусад улс оронд 12 салбар салон ажиллаж байна. Гвинет Пэлтроу, Мадонна, Женифер Лопез, Анжелина Жоли нарын алдартнууд болон дэлхийн баячууд зүүж хэрэглэдэг байна. Үнэлгээ нь мэдээж маш өндөр, хамгийн жижиг хэмжээтэй алмаазан шигтгээтэй цагаан алтан бөгж л гэхэд 40 мянган доллараас эхэлнэ.

2. CARTIER

Үнэт эдлэл, цаг зохион бүтээдэг Францын тансаг зэрэглэлийн энэхүү үйлдвэр нь дэлхийд чансаа дээгүүрт бичигддэг. Луис-Франсуа Картье 1847 онд Францын Парис хотод Cartier-ийг байгуулжээ. Их Британийн хаан Эдвард VII эднийхийг “Үнэт эдлэлийн хаан бөгөөд хааны үнэт эдлэл” хэмээн өргөмжилж байсан гэдэг. Cartier нь дэлхийн 125 оронд 200 гаруй дэлгүүртэй бөгөөд Лондон, Нью-Йорк, Парис хотод түүхэн гурван сүмийг эзэмшдэг байна. Бугуйвч, бөгж, цаг үйлдвэрлэдэг. Дөрвөлжин дэлгэц бүхий өвөрмөц шийдэлтэй бугуйн цагаараа алдартай. Мөн “Пантер” буюу ирвэсийн дүрс нь хамгийн алдартай загвар нь. Эдгээр үнэт эдлэлүүд 1500-50000 долларын үнэ ханштай байдаг.

3. VAN CLEEF & ARPELS

Энэ нь сүрчиг болон гоёл чимэглэлийн франц брэнд юм. 1896 онд Альфред Ван Клиф ба түүний хадам эцэг Саломон Арпелс нар Парис хотноо байгуулжээ. Хятад болон Японд Францаас анх удаа эднийх үнэт эдлэлээ нэвтрүүлж, салбар дэлгүүрээ нээсэн гэдэг. Van Cleef & Arpels нь Ойрхи Дорнод, Зүүн өмнөд Азид салбар дэлгүүрүүдтэй бөгөөд бараа бүтээгдэхүүнээ бие даасан томоохон брэндийн дэлгүүрүүдэд санал болгон заруулдаг байна. Нэрийн дэлгүүрүүд нь Женев, Цюрих, Мюнхен, Лондон, Милан, Шанхай, Парис, Австрали, Канад хотуудад байрладаг. АНУ-д бол Нью-Йорк, Беверли Хиллс, Чикаго, Хьюстон, Лас Вегаст дэлгүүртэй. Ихэвчлэн цэцэг, амьтан, шидэт дагинын дүрсийг гол дизайнаа болгодог.

Түүхий эд материал нь шижир болон цагаан алт, сувд, байгалийн бусад үнэт чулуунууд. Үнийн хувьд жижиг кулонтой энгэрийн зүүлт л гэхэд 1500 паунд буюу монгол мөнгөөр бол таван сая орчим төгрөгөөс эхэлнэ. Орц, хэмжээнээсээ шалтгаалаад 50000 паундынх ч байна, тэрнээс үнэтэй нь ч бий.

4. BUCCELLATI

1919 онд Марио Букцелати гэгч анх үүсгэн байгуулсан. Мариог нас барсны дараа түүний таван хүүгийн дөрөв нь фирмээ удирдан ажиллуулж байгаад 2016 онд БНХАУ-ын Gansu Gangtai Holding Group нь Buccellati-ийн 85 хувийг худалдаж авчээ.

Парис, Лондон, Москва, Токио, Осака, Нагоя, Хонконг, Милан хотуудаар дамжуулан Монте Наполеоне, Коста Смеральда, Капри, Элба, Беверли Хиллз, Сидней зэрэг газруудад дэлгүүрийн салбар бий. Эртний Ромын үнэт эдлэлийн загварын элемент агуулсан, маш чамин, тансаг хийцтэй бөгж, бугуйвч, хүзүүний зүүлтийг өндөр зэрэглэлийн багаж технологийг алмааз эрдэнийн чулуу шижир алт, цагаан алтаар урладаг байна. Үнэлгээг доллараар яривал хамгийн хямд нь дөрвөн оронтой тооноос буухгүй, үнэтэй нь гэвэл 50, 60 мянгаар тогтохгүй.

5. TIFFANY & CO

Коннектикут мужийн Бруклин хотод 1837 онд Чарльз Льюис Тиффани ба Жон Б. Янг нарын байгуулсан бичиг хэрэг, гоёл чимэглэлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг дэлгүүр нь анхандаа “Tiffany, Young and Ellis” гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байжээ. 1853 онд Чарльз Тиффани нэрийг нь “Tiffany & Compa­ny” болгон товчилсон байна. Харин одоо “Tiffany & co” нэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Үнэт чулууг өнгө оруулж гоёл чимэглэлээ хийдэг. 1980-аад оны сүүлээс эрэгтэй, эмэгтэй хүмүүст аль алинд нь зориулсан анхилуун цэцэгсийн үнэртэй сүрчгийг үйлдвэрлэдэг болжээ. Мөн үнэт эдлэлээр чимсэн цайны хэрэгсэл, мөнгөн аяга, халбага, сэрээ, данх, цар гэх мэтийн тансаг зэрэглэлийн гэр ахуйн эд зүйлс худалдаалдаг. Гоёл чимэглэл, цагны хувьд энгийн, орчин үеийн хийц зонхилдог, зарим загвар нь зүгээр л төмөр зүүчихсэн юм шиг харагдах нь ч бий. Гэсэн хэдий ч сайжруулсан ган, титан, цагаан алт зэрэг металлаар урладаг болохоор маш бат бөх. Залуу охид бүсгүйчүүд сонгох нь элбэг байдаг юм билээ. Үнийн хувьд энгийн загвартай бөгж гэхэд 600, хүзүүний зүүлт 1500 орчим доллараас эхэлнэ. Сувдан бугуйвч 32000 доллар байхад цэвэр мөнгөн ус буцалгагч 5500 доллар байх жишээтэй. Шувууны дүрстэй түлхүүрний болор оосрыг 7500 доллараар авч болно. Манайхны хувьд хориод сая төгрөгөөр түлхүүрний оосор авах нь хэтийдсэн хэрэг болох ч ээмэг, бөгж, хүзүүний зүүлтийг нь авдаг хүмүүс зөндөө. Тиффанид эрчүүдэд болон бяцхан хүүхдүүдэд ч зориулсан загварууд байдаг.

А.МӨНХЗУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *