Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа. Өдөр бүр биднийг тойрон мянга мянгаар тоологдох мэдээллийн урсгал хуйлран өнгөрч байна. Тэр дундаас сэтгүүлчид ард түмэнд хэрэгтэй гэснийг шүүрдэн авч түгээдэг. Сүүлийн үед хэвлэлийн хурал хүртэл сэтгүүлчдэд халтай төдийгүй аюултай хэмжээнд хүрчихлээ. С.Эрдэнэ гэж нөхөр хэвлэлийн хурал хийж байхдаа өөрийгөө галдан шатаасан бол Монголын эдийн засгийн форумын үеэр Л.Наранбаатар УИХ-ын дарга руу оймсоо шидэн үймээн дэгдээх дөхсөн. Гэтэл өнгөрөгч даваа гаригт хэсэг хүмүүс МАХН-аас гарч буйгаа мэдэгдэн хэвлэлийн хурал зарласан. Энэ үеэр МАХН-ын ахмадууд хэвлэлийн хурал хийж байсан хүмүүс рүү живх шидэн үймээн дэгдээлээ. Үйл явдлуудын процессыг хараад байхад цаашид ер нь юу ч шидэхэд бэлэн болжээ гэдэг нь үүнээс тодорхой харагдаж байна. Одоо хэвлэлийн хурал зарлаж байгаа хүмүүс болон хурал зохион байгуулж буй албан байгууллага нь сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангасны дараа хурлаа хиймээр болчихож. Хэвлэлийн хурлын үеэр гэнэтийн ийм зүйлс гарлаа гэхэд сэтгүүлчдийг хамгаалах наад захын хамгаалалт юу байна вэ гээд асуухад л хариулт өгчих хүн олдохгүй байна. Тэдэнд хамгаалалт хэрэгтэй. Хэвлэлийн хурлын үеэр ямар нэгэн асуудал гарч сэтгүүлч гэмтлээ гэхэд “Энэ муусайнууд өөрсдөө л гүйж очиж байж гэмтээ биз” гэсэн яриа гарна.
Зарим хүмүүс ач холбогдолгүй хэвлэлийн хурал хийж элийрч, балайрч байдгаа болимоор юм. Хэвлэлээр л гарч байвал яасан ч яахав гээд дэмий донгосдог хүмүүс нь ч олширчихож. Хэвлэлийн хурал зарлаж байгаа нөхөд нь урьд шөнийнхөө хар дарсан зүүдийг ч хамаагүй ярих гэдэг болж. Өөрийгөө нийгэмд таниулах гэж эсэн бусын тэнэг зүйл ярьсныг нь ч гэсэн хэвлэлийнхэн шүүрээд авчих юм. Хамгийн сүүлийн жишээн дээр гэхэд л хэдэн хүн нэг намаас нөгөө намд орж байгаагаа зарлах нь тийм чухал байв уу. Үүнийгээ гайхуулж хэвлэлийн хурал зарладаг нь илүү зан л даа. Нам сонгоно гэдэг чинь таны, чиний, миний өөрийн эрхийн асуудал. Иймэрхүү тогоон доторх хэрүүл, дов тойрсон асуудлаар хэвлэлийн хурал хийх гэж байгаа бол төлбөрийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Хэвлэлийн хурлын үеэр живх шидэж, сэтгүүлчид рүү орилж, хашгичаад байгаа харагдсан. Үнэндээ сэтгүүлчид хэлмэгдэхээр нөхцөл байдалд тулж очсон нь ч үнэн. Түмэн олонд мэдээллээ хүргэе гэж байгаа бол хэвлэлийн хурлаа хэвийн зохион байгуулахад нь анхаарах хэрэгтэй. Ялангуяа сонгууль дөхсөн энэ үед живх байтугайг “нүүлгэхээр” шийдсэн нөхөд хэвлэлийн хурал руу дайрч орж ирэхэд бэлэн байгаа.
НҮБ-аас гаргасан сэтгүүлчдийг хамгаалах эрх зүйн орчинд тухайн улс орны Засгийн газар анхаарал тавих хэрэгтэй талаар өмнө нь яригдаж байсан. Хэрэв ингэж чадвал Монгол Улсын Үндсэн хуулийн 13 дугаар зүйлд заасан Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ гэсэн заалтаа баталгаажуулж байгаа нэг хэлбэр мөн. Монгол Улсын хувьд байг гэхэд сэтгүүлчдийг тусгайлан хамгаалсан дүрэмтэй болчихмоор байна.