Categories
мэдээ цаг-үе

Хэт их анхаарч, бөөцийлөх нь хүүхдийн сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг

2016 оны эхний дөрвөн сарын байдлаар өсвөр насныхан дунд амиа хорлох үзэгдэл улсын хэмжээнд 11, үүнээс нийслэлд тав, орон нутагт зургаа ногдож байна” гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, хошууч Т.Ариунтуяа мэдээлсэн юм. “Туушин” зочид буудалд болсон “Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах нь” зөвлөгөөний үеэр өсвөр насныхны дундах амиа хорлох үзэгдлийн тухай ихээхэн яригдсан. Эрүүл мэнд спортын яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран зохион байгуулсан уг зөвлөгөөнд орон нутгийн Эрүүл мэндийн газрын төлөөлөл, нийгмийн ажилтнууд, сурагчдын төлөөлөл оролцов.

Эрэгтэй хүүхдүүд стресс бухимдлаа тайлж чаддаггүй

“Өсвөр үеийнхний сэтгэцийн эмгэгт өртөж буй байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдвээр илтгэл тавьсан Улаанбаатар хотын цагдаагийн газрын ахлах байцаагч Т.Ариунтуяагаас энэ талаар тодрууллаа.

-Та илтгэлдээ малчин хүүхдийн сэтгэл гутрал, амиа хорлолтын тухай дурдсан. Малчдыг хөдөө эрүүл агаарт, стрессгүй байдаг гэж хүмүүс боддог. Гэтэл малчин хүүхдүүд амиа егүүтгэх нь их байгаа тухай яригдлаа?

-Гэмт хэргийн судалгаанаас ингэж харагдсан. Амиа егүүтгэх гэмт хэрэгт өртөж байгаа хүүхдүүд маань ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байдаг. Орон нутгийн тухайд малчин хүүхдүүд их байдаг юм байна. Хүйсийн хувьд аваад үзэхээр эрэгтэй хүүхдүүд амиа егүүтгэж байна . Эрэгтэй хүүхдүүд стресс бухимдлаа тайлж чаддаггүй. Эцэг, эхтэйгээ төдийлөн сэтгэлээ нээж харьцахгүй байх нь түгээмэл. Охид бол ямар нэгэн байдлаар асуудлаа ярьдаг болохоор стресст орох нь харьцангуй бага юм болов уу гэж бодогдсон. Мал малладаг хүүхэд амиа егүүтгэж байна гэдэг тухайн гэр бүл, орчинд ямар нэг дарамт хүчирхийлэл түлхүү байна гэсэн үг. Яагаад гэвэл мал маллаж байгаа хүүхэд гэдэг сургууль завсардсан, мал маллах үндсэн ажилтай. Гэтэл тухайн гэр бүлд хойд эцэг, эх гэр бүл салалт, эдийн засгийн асуудал, ганцаардал гэх мэтээр хүүхдэд янз бүрийн асуудал тулгарсан байж болно.

-Хэт их анхаарч халамжлан, бөөцийлөх нь бас сөрөг үр дагавартай байгаа тухай та дурдсан. Хүмүүс ихэвчлэн эмзэг, ядуу өрхүүдийг илүү асуудалтай гэж боддог?

-Хүүхдийг мөнгө төгрөг эд зүйлсээр хэт их хангалуун байлгах нь сөрөг нөлөөтэй. Хүүхдийг амьдрах ухаанд сургахгүй, зөвхөн мөнгө төгрөг, эд зүйлсээр хангаад орхих нь амьдрах утга учир, зорилгогүй болгоход хүргэдэг. Нөгөөтэйгүүр хүүхдийг мөнгө төгрөгөөр дутаахгүй мөртлөө хайраар дутаадаг, хүүхдэдээ цаг гаргадаггүй, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалгүй байх нь хүүхдийг ганцаардахад хүргэдэг. Ийм нөхцөлд орсон хүүхэд асуудлаа шийдэж чадахгүй учраас амиа егүүтгэх асуудал гардаг.

-Таны дурдсан тоо баримтыг харахад өсвөр насныхны дундах амиа хорлох үзэгдэл их байгаа юм биш үү?

-Цагдаагийн байгууллагад ирж байгаа дуудлага, мэдээллүүдэд ажиглалт хийхэд насанд хүрсэн хүн амиа егүүтгэх үзэгдэл хоногт нэгээс хоёр, энэ дунд хүүхдийн тоо харьцангуй бага. Гэхдээ бага гэж болохгүй. Хүүхэд амь насаа егүүтгэх учиргүй шүү дээ. Хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах учиртай байгууллага, эцэг эхчүүд, иргэд хүүхэдтэйгээ харилцан ярилцаж, энэ талаар ойлгуулж мэдрүүлж байх учиртай. Өсвөр насны хүүхдийг өнөөдөр тоормосгүй машинтай зүйрлэж байна. Хүүхэд, эцэг эхийн харилцаа муу болчихжээ. Энэ нь хүүхдийн хүмүүжилд маш их нөлөөлж байна. Эцэг эхчүүд, хүүхэд рүүгээ чиглэсэн харилцааны, сэтгэл зүйн сургалтууд үгүйлэгдэж байна. Цэцэрлэг, сургуульд хүүхдийг монгол ёс заншил, стрессээ зөв тайлах, бусадтай харилцах амьдрах аргад сургах хэрэгтэй байна.

-Сургуулиудад мэргэжлийн сэтгэл зүйч ажиллах ёстой гэсэн таны дүгнэлт дэмжүүштэй санал байна лээ?

-Мэргэжлийн сэтгэл зүйч маш их хэрэгтэй байна. Хэн ч байсан сэтгэл зүйчид хандаж, стресс бухимдлаа тайлах арга ухаанд суралцах шаардлага бий. Нийслэлийн хэмжээнд дөрвөн сургуульд сэтгэл зүйч ажиллуулж туршиж байгаа юм билээ гэв.

Хүүхэд, өсвөр үеийн клиниктэй болжээ

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Б.Баярмаа өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн талаар хийж байгаа ажлаа танилцуулсан. Тус эмнэлэг Хүүхэд өсвөр үеийн клиниктэй болсон гэнэ. Тэнд нь гурван эмч, зургаан сувилагч ажиллаж буй. Түүнээс тодруулах зүйл цөөнгүй байлаа.

-Хөдөө орон нутагт амиа хорлох тохиолдол илүү байсан бол хотод амиа хорлох оролдлого их байсан гэж та хэллээ. Энэ тухай тодруулж яриач?

-Амиа егүүтгэх нь эрэгтэй хүйснийхэнд илүү тохиолдож байгаа. Амиа хорлож байгаа арга нь ихэвчлэн өөрийгөө боомилдог, судсаа ханадаг, өндрөөс үсэрдэг. Хөдөө өндрөөс үсэрье гэхээр өндөр байшин байхгүй, эм тариа олноор нь уух гэхээр эмийн хүрэлцээ бага, тэгэхээр гэр орондоо боомилсон тохиолдол их байсан. Ихэвчлэн эрэгтэйчүүд, сэтгэлээ чангалах зорилгоор архийг бага тунгаар уугаад, амиа хорлосон тохиолдол олон. Хотод болохоор захын эмийн сангаас эм авчихна. Хэчнээн ч ширхгээр авч болно. Өндөр байшин олон. Айлын эрх танхил хүүхдүүдэд аав ээж, үе тэнгийнхэн нь дарамт үзүүлэхээр хариу урвал үзүүлж, амиа хорлох аргыг сонгож байгаа юм. Гэхдээ амиа хорлох хариу урвал уу, амиа хорлохоор оролдох зан үйлийн эмгэгтэй болчихоод байна уу гэдэг ялгаатай. Судалгаанаас харахад харьцангуй эрүүл хүүхдүүд ийм оролдлого хийж байгаа. Харьцангуй эрүүл хүүхэд өөрт нь нийгэм сэтгэл зүйн таагүй орчин нөлөөлөхөд хариу урвал үзүүлдэг. Тэр хүүхдүүд эцэг, эхтэйгээ муудалцах, үе тэнгийн найз нөхөд нь үерхэхгүй ч гэдэг юм уу, дарамт үзүүлэхэд ингэж амьдарч байхаар амиа хорлож үхье, амьдрах ямар ч сонирхол алга. Эргэн тойрны бүх юм харанхуй бүүдгэр харагдаж байна, ингээд үхье гэсэн бодол сэтгэхүйгээр ийм үйлдэл хийгээд байгаа юм.

-Ямар гэр бүлд ийм асуудал тохиолдож байна вэ?

-Гэр бүлийн өв тэгш бус харилцаатай гэж бид хэлдэг юм. Өөрөөр хэлбэл аав ээж нь хараа хяналт султай, аавгүй, эсвэл хойд аав ээжтэй, аав ээжийнх нь аль нэг нь салаад явчихсан байдаг. Салж сарних нь ядуу, баян гэр бүлд аль алинд нь байна. Тухайн хүүхдийн хувьд юу үнэтэй байна. Үнэт зүйлд нь хүрсэн тохиолдолд стресс үүсгэдэг. Үе тэнгийн найз нөхөд нь хамгийн их нөлөөлдөг учраас найз нөхдийн дарамт шахалт амиа хорлоход хүргэдэг. Эцэг эх нь салах, байнгын хэрүүл шуугиантай амьдрал, архи уудаг байдал нь тэр хүүхдийг амьдралаас залхахад хүргэж болно.

-Эцэг, эхчүүд хүүхэд нь асуудалтай байна гэдгийг яаж ажиглах вэ. Түрүүн та багш нар хүүхдийг бодитой тодорхойлдог, эцэг эхчүүд доогуур үнэлж байсан гэж хэлсэн?

-Бид Өсвөр үеийн сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх судалгааг 2013-2014 оныг дамнуулаад нийтдээ 2200 хүүхдээс авсан. Сургуульд суурилсан судалгаа байсан юм. Олон улсын аргачлалаар хийгдсэн. Мэдээж монгол хүний сэтгэл зүйн онцлог хөрсөнд буулгахын тулд зөвхөн асуулган дээр гэхэд л хоёр жил ажилласан. Судалгаагаа аваад үр дүнгээ боловсруулаад харахад эцэг эхээс авсан асуулгыг багшийнхтай харьцуулахад багшийн мэдээлэл илүү ач холбогдолтой байсан. Эцэг эхчүүд дарангуйлагч маягаар хүүхэдтэйгээ харьцдаг юм уу гэж ажиглагдсан. Манай хүүхэд уйлаад аз жаргалгүй байна, гутранги байна, юм хийж чадахгүй байна гэх мэтээр хүүхдээ байгаа бодит байдлаас нь доогуур үнэлэх хандлага ажиглагдсан л даа.

-Өсвөр үеийнхний сэтгэцэд нийгмийн байдал нөлөөлөх үү?

-Мэдээж. Нийгэм гэдэгт өрхийн орлого, ажил эрхлэлт, боловсрол, ам бүлийн тоо, бүх хүчин зүйл нөлөөлдөг. Нийгмийн тогтворгүй байдал ч нөлөөлнө. Баахан дуулиан шуугиан, мэдээллийг хүүхэд оюун санаандаа хэр тусгаж авч байгаагаас шалтгаалдаг. Сайн талаас нь хүлээж авч байна уу, сөрөг талаас нь хүлээж авч байна уу, шууд дуурайж байна уу гэдгээрээ ялгаатай. Даган дуурайх хандлага дээрээ тулгуурлаад анализ хийхгүйгээр шууд хүлээж аваад байгаа. Интернэт рүү ороход янз бүрийн дүрс, зураг үзэж болж байна. Амиа хорлох оролдлого хийх шалтгаан юу байсан гэхээр бүтээгүй үерхэл, хүсээгүй жирэмслэлт, бэлгийн харьцаа ч нөлөөлдөг.

-Сэтгэцийн тулгамдсан асуудал гэдэгт юу илүү жин дарж байна вэ?

-Стресстэй холбоотой бүхэн жин дарж байгаа. Хүүхдийн архи тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх гэх мэт бүхий л эмгэгүүд сэтгэл зүйн тулгамдсан асуудал болж гарч ирдэг гэв.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга Т.Хулан хүүхдийн 108 утсанд ямар дуудлага зонхилж байгааг дурдсан юм. “Бэлгийн харьцаанд орохтой холбоотой асуудлууд, бэлгийн замаар дамжих халдвар, сэтгэл зүйн зөвлөгөө авахыг хүссэн хүүхэд их ханддаг. Бас нэг санаа зовоож байгаа асуудал нь утсаар залгачихаад 20-иод хувь нь юу ч ярихгүй чимээгүй байгаад байдаг. Магадгүй ямар нэг хүчирхийлэлд автчихаад хэлж чадахгүй айгаад байж магадгүй гэж таамаглаж байгаа. Хүүхдэд ганц нээлттэй байгаа утас 108. 2013 онд 100-гаад мянган хүүхэд хандаж байсан бол 2015 онд бараг 1,5 дахин нэмэгдсэн. Гэхдээ хангалттай биш. Илүү олон хүүхдэд тусалмаар байна. Дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх кабинетууд ажиллаж байгаа гэдгийг өсвөр үеийнхэн маань мэдэхгүй байна” гэж тэр ярьж байлаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *