Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе-тэй холбоотой хэргийн гол эзэн бизнес эрхлэгч Чуй Сүн Шил өнөөдөр гадаадаас эх орондоо очсон байна.
Түүнийг Сөүл хотын цагдаагийн газар мэдүүлэг өгөхөөр очиход 100 гаруй сэтгүүлч түүнийг отон хүлээж байжээ.
Бизнес эрхлэгч Чуй Сүн Шил нь автомашинаас буусан даруйдаа түүнийг тойрон бүчсэн сэтгүүлчдэд “Би маш их буруутай, намайг уучлаарай.
Би өршөөж болшгүй үйлдэл гаргасан” хэмээн хэлэхдээ эхэр татан уйлж байсан байна. Сэтгүүлчид түүний зургийг ойроос авахын тулд өөр хоорондоо түлхэлцэж байсан тул Чуй Сүн Шил-ийн өмсөж байсан “Прада” брэндийн гутал сугарч хоцорчээ.
Бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн өмгөөлөгч хэлэхдээ “Чуй Сүн Шил нь түүний тухай маш их ташаа мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсаны улмаас тэр сэтгэл санааны хүнд байдалд орсон байгаа. Ялангуяа түүний гэр бүлийн гишүүдэд халдаж, морин спортоор хичээллэдэг охиныг нь интернэтээр эрэн сурвалжилж байгаа нь зохистой үйлдэл биш юм. Гэхдээ Чуй Сүн Шил мэдүүлэг өгч, цагдаагийн ажилтны асуусан бүх асуултанд бүрэн дүүрэн хариултыг өгөх болно” хэмээн мэдэгдсэн байна.