Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэлмэгдүүлэлтийн үед монголчууд Монголоо аварсан тухай ямар ч тохиолдол түүхэнд тэмдэглэгдээгүй байдаг нь хачин DNN.mn

Өнгөрсөн сарын 10-нд “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болж өнгөрсөн. Ерөнхий сайд, Ардчилсан намын удирдлагууд тэргүүтэй хүмүүс тус хөшөөнд очиж цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж харагдана лээ. Энэ бол манай улсын түүхэнд хэзээ ч арилахгүй хар толбо, түүхийн үнэт гашуун сургамж болсон хар бараан үйл явдлыг эмгэнэн дурсаж, дахин ийм зүйл гаргахгүй байх тал дээр ирээдүй хойчис нь ухаарч байх ёстой өдөр. Манай улсын хувьд энэ хэлмэгдүүлэлт гээч зүйл 1922 оноос эхэлж, 1937 онд дээд цэгтээ хүрсэн байдаг. Гэвч янз бүрийн хэлбэрээр маш олон жил үргэлжилсэн гэдгийг өнөөгийн түүхчид хэлдэг. Хамгийн аюултай нь манай улсын хэлмэгдүүлэлт шууд нийгмийн сэхээтнүүдийг хамарсан явдал байдаг. Дандаа алтан ургийнхан, боловсролтой, угсаа гаралтай гэсэн бүхнийг Японы тагнуул гэдэг нэрийдлээр буудан хороож 45-55 мянга орчим хүн хөнөөгдсөн гэдэг тооцоо бий. Гэвч зарим сурвалжид 100 мянган хүн хүрсэн гэх нь ч бий. Тухайн үеийн Монгол Улсын хүн амтай нь харьцуулаад авч үзвэл энэ бол маш их тоо. Гэхдээ би хэлмэгдүүлэлтийн талаар хөндөх гэсэнгүй. Хэлмэгдүүлж байсан тэр хар бараан гунигт цаг үед монголчууд нэг нэгнээ аварч хамгаалж байсан тохиолдол одоо хүртэл уншиж үзээгүй талаараа санаа оноогоо хуваалцъя гэсэн юм.

Дэлхийн түүхэнд ч энэ мэт үй олноор нь хэлмэгдүүлж хядсан тохиолдлууд бий. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн еврейчүүдийг хоморголон устгаж байсныг бид бүхэн мэднэ. Гэвч нөгөө талдаа еврей хүмүүсийг аварч байсан олон сайхан түүхүүд ч өнөөдөр ил болсоор л байна. Уншигч олны хамгийн сайн мэддэг нь “Шиндлерийн бүртгэл” хэмээх уран сайхны кино байж мэднэ. Дэлхийн хоёдугаар дайны үед Польш дахь үйлдвэртээ ажиллуулах замаар 1200 еврей хүний амийг аварсан түүний эл үйлдлийг кино болгон мөнхөлсөн байдаг. Энэ бол зөвхөн сайн санаатай болохоороо, эсвэл өрөвдсөндөө ийм зүйл хийсэн хэрэг биш. Гагцхүү хүнлэг сэтгэл гэдэг ийм байдаг юм аа гэсэн хүн төрөлхтний уриа лоозон болсон тохиолдлуудын нэг. Сүүлийн үед дэлхий нийтээрээ ийм хүнлэг сэтгэл, хүн ёсны чанарыг сурталчлан таниулах нь ч их болсон байна. Мөн дэлхийн хоёрдугаар дайны үед Австрийн Вена хотод Хятадын консулаар ажиллаж байсан Хэ Феншань гэх эрийн тухай мэдээлэл хэдэн жилийн өмнө бас шуугиан тарьж байв. Тэрбээр энд ажиллаж байх хугацаандаа нийтдээ 5000 гаруй еврей хүнд виз олгож амийг нь аварч байжээ. Тийм ч болохоор “Хятадын Шиндлер” хэмээх нэрийг өгсөн байдаг. Энэ мэтчилэн олон сонирхолтой түүх бий. Харамсалтай нь хүн амынхаа бараг 20 орчим хувийг хоморголон устгаж байх үед буюу их хэлмэгдүүлэлтийн үеэр монголчууд монгол хүнээ аварсан тухай л огт дуулдахгүй юм.

Сэтгүүлч миний хувьд мэргэжлийн судлаач, түүхч хүн биш учраас сайн мэдэхгүй байна. Гэхдээ өдий хүртэл ийм түүх л огт сонсож, уншиж байсангүй. Яах вэ, уул, тайгад унаа морьтойгоо гарч амь аврагдсан хүмүүсийн тухай мэр сэр яриа бол сонсож байсан. Гэвч тэр олон хүн дотор яагаад нэг ч гэсэн монгол цэрэг багшийгаа, найзыгаа, нутгийнхаа хүнийг, аав ээжийгээ аваръя гэсэн бодол төрөөгүй хэрэг вэ. Хаанаас, хэдэн хүн баривчлах нь тодорхой. Тэр үеэр нь нутгийнхандаа сэм хэл хүргэж, наашаа цаашаа дүрвээрэй гээд хэл өгчихөж болох шүү дээ. Төв аймгийн сумдаас хэдэн мянгаар нь хоморголон устгасан. Тус аймгийн урд сумдаас бол бүүр ч их. Тэдэнд “Хөөе барих гэж байна. Мордоод урагш шогш” гэхэд л хил ч гэж юу байлаа, хот балгад ч гэж хаана байлаа. Шууд л хил гараад явчих шүү дээ. Ингэсэн тохиолдол ганц ч уншиж байсангүй. Эсвэл ийм бодит түүхийг нь социализмын үед устгаж, огт өөр үзэл суртлаар мунхруулсаар байгаад байхгүй болгочихсон юм уу. Мэдээж монгол хүн учраас сүүлийнхийг нь илүү бодит хардлага байгаасай гэж бодно. Хэрэв үнэхээр ингэж устгагдсан, дарагдсан бодит түүх байдаг бол манай судлаачид гаргаж ирэх хэрэгтэй. Түүнийг нь олон нийтэд сурталчлан таниулж, хүнд хэцүү цаг үед монголчууд монгол хүнээ ингэж аварч, хамгаалж байж гэдгийг ил болгох ёстой. Өөрт огт хамаагүй, нэг улс үндэстэн биш ч гэсэн хүмүүс нэгнийхээ амь насыг аврахын тулд ямар их хүч хөдөлмөр гаргадгийг харуулсан бодит жишээнүүдтэй тэнцүүлэн тавих хэрэгтэй. Тэд ингэж бусдын төлөө зүтгэснээрээ амь насаа эрсдүүлж байгаагаа маш сайн мэдэж байсан. Гэвч хүн төрөлхтөн нэгнээ ямар муу муухай байсан ч ингэж хядаж болохгүй гэдгийг ойлгож, хэр чадлаараа тэднийг аврахын төлөө зүтгэсэн ачтай хүмүүс. Монголчууд бид өөрсдийгөө өрөвч зөөлөн, нинжин сэтгэлтэй гэж их ярьдаг. Тэгвэл яг энэ тодорхойлолтод маань хүрэх түүх бидэнд байна уу. Харин ч эсрэгээрээ буудуулах хүмүүсийн тоо дутахад хүүхэд буудсан, жирэмсэн эмэгтэйг буудаж байсан гэсэн түүхийн баримт бишгүйдээ л нэг бий. Богд хааны хатан Гэнэпилийг таван сартай жирэмсэн байхад нь буудан хороож байсан тухай тэмдэглэл түүхийн шастирт ч бий. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр монголчууд ийм увайгүй, өөрийн аминаас бусдыг үл боддог, амиа хичээсэн гэсэн суртал ухуулга биш байгаа. “Шиндлерийн бүртгэл” шиг, Хятадын дипломат шиг хэдэн мянгаар нь биш гэхэд ганц нэгээр ч болтугай амийг нь аварсан явдал баймаар л юм.

Эс бөгөөс бид хэзээнээсээ л хүн алж, хүйс тэмтэрсээр ирсэн ард түмэн юм уу. Ийм үйлдэлд сэтгэл нь хөдлөхөө байж, хүнлэг сэтгэл гэдэг холдон одчихсон баймгүй юм. Дэлхий нийтээрээ их хаан Чингэсийг “Мянганы суут хүн” хэмээн өргөмжилдөг. Гэтэл нөгөө талдаа хоморголон устгагч гэх ч бий. Тухайн цаг үедээ ямар байсныг мэдэхгүй ч ийм хоёр талт үзэл өнөө ч байдаг.

За яахав, тэр алуулсан хүмүүсийг эсэргүү гээд итгэчихлээ гэж бодъё. Нөгөө бидний гэнэн итгэмтгий зан үүнд л нөлөөлөө биз гэж. Яаж ч бодсон багш маань дайсан биш дээ, тэр муу гавжийн эсэргүү гэж ч юу байхав гэж хэрсүүгээр хэн нь ч бодоогүй гэж үзэхэд мөн ч гашуун аа. Одооны сошиалд нэг нэгнээ “булдиж” байгааг харахад, үзэл санаа нэгтнээ хэн ч биш болгож байгаад салж байгааг харахад, заавал мууг нь үзэхээр нийтээрээ улайран дайрч байгааг харахад, өөрийг нь биш бол, өөрийн намынх нь хүмүүсийг биш бол хэдэн монголыг хөнөөсөн ч юм бодох хүмүүс биш ч юм шиг. Хэн нэгэндээ хүнлэг сэтгэл гаргах нь улам ховордсон тухай яриа улиг болтлоо л хэлэгдэж байна. Ер нь муу муухайг нь хэлээд байхаар хэн ч засарч сайжирдаггүй бололтой. Харин эсрэгээрээ бусдын сайн сайхны тухай бодит түүхийг уншиж, сонсож байж тэднээс урам зориг, сэдэл санаа авдаг байж болох юм. Хэрэв тийм бол их хэлмэгдүүлэлтийн үед монголчууд монгол хүнээ ингэж аварч байжээ гэсэн түүх байдаг бол гаргаж ирээд алга болж ховордоод байгаа хүнлэг сэтгэлийг сэргээвэл яасан юм бэ. Гэхдээ худал уянгалсан зохиолд бол хэний ч сэтгэл хөдлөхгүй, бас мэднэ. Зүгээр нэг шүлс үсэргэсэн төдий л юм болно.

 

One reply on “Хэлмэгдүүлэлтийн үед монголчууд Монголоо аварсан тухай ямар ч тохиолдол түүхэнд тэмдэглэгдээгүй байдаг нь хачин DNN.mn”

Матаж, хов зөөцгөөж л гүйсэн байдаг. Ногоон малгайтнууд Улаангомын хүрээнд иржээ. Тухайн үеийн болохгүй бүтэхгүй нөхдүүдтэй уулзаад тийм тийм эсэргүүнүүдийг өнөө шөнө барина. Та хэд мэддэгээрээ хашааных нь хаалган дээр ийм тэмдэг тавиадах гээд явуулжээ. Тэгтэл мань хэд хувийн өш атаархалаар тэмдэг тавиад гүйцгээсэн тухай өвөг эцэг маань халаглан ярьж байсан сан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *