Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Төрийн өндөрлөгүүдээс хүсэх нь

СБД-ийн XIV хорооны ахмад настан Б.Чогсом

Энэ сарын 11-ний өдөр нүүрс тээврийн жолооч С.С “Би Таван толгойгоос гарч тав хоногт 100 км яваад түгжрэлд орж, Гашуун сухайтаас 20 км зайд зогсож байна. Гурав хоноод хил давах байх. Хятадын хил дээр лав хоёр хононо. Хятадын тал дөрвөн хаалганы гурвыг нь хааж, нэгээр нь нэвтрүүлэхдээ шалгалтын хугацааг долоо дахин удаашруулснаас 130 гаруй км-ийн түгжрэл үүсгэж, олон мянган жолооч нойр, хоолгүй зовж байна. Нүүрсний үнийг хямдруулах гэсэн оролдлого гэж бодно” гэсэн мэдээлэл өгсөн. “Энержиресурс” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан хэт нарийн цардмал замаар120 тоннын даацтай автомашинууд 50 см-ийн зайтай зөрөхдөө заримдаа шүргэлцэж маш эрсдэлтэй байдлыг бүрдүүлдэг байна. 2014 онд Зам тээврийн сайдын тушаалаар хятадын номертой автомашинаар хятад жолооч нүүрс тээвэрлэхийг болиулахад мөнгөтэй улс төрчид түргэн орж ирснээр одоогийн байдлаар нүүрс тээвэрлэх эрхтэй 92 аж ахуй нэгжийн 5900 авто тээврийн хэрэгслээс 82 аж ахуй нэгжийн 5600 гаруй автомашин 24 цагийн турш тээвэрлэлт хийж байна. Энэ чиглэлийн бизнест УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн 170 гаруй, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн 300 гаруй, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнийн “Таван толгой транс” хэмээх хоёр ч охин компанийн нийт автомашины 30 гаруй хувьтай тэнцүү тооны авто машинаар болон УИХ-ын гишүүн асан Д.Зоригт, Монгол банкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдоржийн хүү П.Хангал, “Модун” группын захирал Д.Хишигжаргал нарын баячууд өөрийн хүнд даацын олон авто машинаар оролцож нүүрс тээвэрлэлтийг атгадаг болжээ. Эрхэм улс төрчид жилд хамгийн багадаа 60 гаруй тэрбум төгрөгийн ашиг олдог гэнэ. Тэдний золиосоор олон зуун залуус авто тээврийн ослоор амь нас, эрүүл мэндээ алдаж, үнсэн саарал тоос тэнгэр баганадаж, малчид, ан амьтад дайжиж байгаа нь эмгэнэл. Улсын хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй төмөр зам, эрчим хүчний бүтээн байгуулалтын бэлэн төслийг яаралтай эхлүүлж эрчимтэй явуулахад шийдвэрлэх үүргийг гүйцэтгэж чадах хүмүүс нь сонгогдож томилогдсон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэж Монголын ард түмэн найдан хүсч байна. Нөхцөл байдлыг та хоёр хэнээс ч илүү мэднэ. Энэ ажлыг хийлгэж ч чадна.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *