Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Нийслэл хотынхоо өнгө төрхийг сайжруулахад хувь нэмрээ оруулмаар байна

Сүхбаатар дүүргийн XIV хорооны иргэн Г.Ядамсүрэн

Би нийслэл хотынхоо өнгө төрх бас иргэдийнхээ амрах тухтай орчинг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсч байна. Эко орчинг хамгаалах асуудалд үргэлж санаа тавьж явдаг хүний хувьд нэг төсөл санаачилж, тэндээ бизнес үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн юм. Хөрөнгө оруулалт хийж, тохижуулах, иргэдэд амрах ая тухтай орчинг бүрдүүлэх санаагаар төсөл хийсэн. Сүхбаатар дүүргийн захиалгаар тохижуулсан Сэлбэ голын зуун айлаас урагш хэсэг, АНУ-ын элчингийн зүүн талын хэсэг газарт энэ төслөө хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хэсэг газар одоогоор лаг шавар, хог шороо, дүүрчихсэн, архичид цугласан нэг тиймэрхүү дүр зурагтай байна. Миний хувьд шороо хогийг хувийн хөрөнгөөр зайлуулаад, усыг цэвэршүүлээд цаашид эвдрэл гэмтлийг хариуцаад хамгаалаад, хүмүүсийн очиж амрах ая тухтай нөхцөлийг бий болгохыг хүссэн юм. Усанд завь тавьж хүмүүст үйлчлэх, усан хөшиг, өнгө өнгийн гэрлтүүлэгтэй сайхан орчин бий болгохоор хэсэг нөхдийн хамт төсөл боловсруулсан. Сүхбаатар дүүргийн зохих хүмүүст төслөө танилцуулаад сар гаруй болж байна. Гэсэн ч шийдэгдсэн юмгүй, нааштай хариу авч чадахгүй яваад байна л даа. Миний энэ хүсэлт, санааг маань дэмжээд, итгээд үйл ажиллагааны зөвшөөрөл өгөөч гэж хүсч байна. Тэгвэл цаашдаа энэ орчныг өөриймсөг сэтгэлээр тохижуулах бодолтой байна. Уг нь эхлээд дүүргийнхэн “Ямар гоё санаа вэ, сайхан төсөл байна” гэж хүлээж авсан. Хэд хоногийн дараа “Яг ийм төсөл хоёр, гурав байна. Тэгэхээр сонгон шалгаруулалтад оруулна” гэсэн хариу хэлсэн. Гэсэн ч “Дараа долоо хоног” гээд хойшлогдоод байгаа юм. Энэ орчныг тохижуулъя гэсэн сэтгэлтэй хүнд нь хариуцуулаасай. Танил тал, мөнгө харж битгий шийдээсэй гэж хүсч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *