СБД-ийн X хорооны иргэн П.Доржпалам
Өнө эртний уламжлалт түүхтэй нүүдэлчин ард түмний амьдрал эдүгээ туйлын хүнд хэцүү болжээ. Ард түмэн ядуурч, эрх мэдэлтнүүд нь дээгүүрээ улсын баялгийг хуваан идэж, гадаадад оффшор дансанд завшсан хөрөнгөө цуглуулж байна. Ард түмнийхээ төлөө гэсэн нэг ч хүн энэ улс төрд алга. Тэд энгийн иргэдийг өөрсдийн боол мэтээр үзэж, хөлс хөдөлмөрийг нь соёлтойгоор сорж байна. Татвар нэрээр иргэдийн халаасан дахь мөнгийг ховх авч, талх, усны мөнгийг нь үлдээж байх юм. Хэдэн ахмадуудынхаа тэтгэврээс хүртэл татвар авч байх жишээтэй. Өнгөрсөн сонгуулиар гарч ирсэн эрх баригчид татвар нэмэхгүй, оюутан залуусын тэтгэлгийг болиулахгүй, хөгшдийн тэтгэврийн мөнгийг нэмнэ хэмээн амлаж гарч ирсэн. Бид ч эдгээр хүмүүсийн худлаа хоосон үгэнд нь итгэж, сонгодог нь өрөвдөлтэй. Хамгийн гол санаа зовоож буй асуудал нь манай улс төрийн намууд хоорондоо нэгдэж, хуйвалдаж байна. Сүүлийн хорь гаруй жил МАН, АН гэх хоёр том нам МАНАН болж, энэ улсын хөгжил, иргэдийн амьдралаар тоглолоо. Ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх ёстой энэ сайхан улсынхаа газар нутаг, эд баялгийг энэ бидний үед ухаж, төнхөж, гадаад руу гарган, худалдаж дуусах нь. Өмнө монголчууд нүүдлийн соёл, малаа өсгөж, малынхаа үр шимээр, хөдөө аж ахуйн салбарт тулгуурлан хэнээс ч дутахгүй амьдарч болоод л ирсэн. Уг нь манай улсын хөгжлийн гол түлхүүр нь мал аж ахуй шүү дээ. Үүн дээр газар доорх баялгаа зөв зохистой, зохион байгуулалттай, олон түмэнд үр шимтэйгээр ашиглах аваас хөгжлийн манлайд хүрэх нь тодорхой. Харамсалтай нь энэ ажлыг яг ийм сэтгэлээр хийчих эрх мэдэлтнүүд гэж алга. Бүгд л хувьдаа хэдэн бор төгрөг завшчих санаатай байгаа нь үнэн. Миний бие жар гарч яваа ч хувийн газартай болоогүй л байна. Газар гэдэг ямар чухал баялаг болохыг зарим хүмүүс ойлгохгүй юм. Эцэст нь хэлэхэд монголчуудын амьдрал үнэхээр хэцүү байна эрх баригчид аа. Ахмадууд бид өнөөгийн төр засагт үнэхээр гомдолтой байна.
“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.
Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН