“Улаанбаатар эрдэм” их сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан Б.Цогзолмаа
Оюутан бидэнд автобуснаас өөр хямд төсөр, хурдан шуурхай унаа үгүй. Бараг л чиглэл, чиглэлийнхээ автобусыг харахаар танил дотно санагддаг гэхэд ч болно. Гэхдээ заримдаа автобусаа хүлээхэд маш их тэвчээр хэрэгтэй болдог. Би ХУД-ийн 19-р хороонд амьдран суудаг юм. Сургууль маань жаахан зайтай болохоор хичээл, чухал сургалт зэргээсээ хоцрохгүйн тулд аль болох л гэрээсээ эртлэн гардаг. Гэсэн ч автобус ирэхгүй бол бид гэрээсээ эрт гарсан ч гэсэн хоцрохоос өөр зам үгүй шүү дээ. Яахав хэдэн арван минут хүлээлгэсний эцэст хүсэн хүлээсэн автобус минь ирдэг л дээ. Гэтэл өнөөх автобус маань зорчигчдоо сууж амжив уу үгүй юу зэргэлдээх автобустайгаа уралдаад давхичихдаг. Заримдаа бүр түгжрэлтэй байгаасай гэж бодмоор санагдтал давхидаг шүү. Хажуудах автобус, машинуудтайгаа ёстой л сантиметрийн зөрүүтэй л явах нь бий. Оюутан бидэнд үргэлж таксидаад байх боломж нөхцөл байхгүй. Тиймээс яалт ч үгүй л хүлээлгэсэн ч, уралдаж хурдалсан ч автобусандаа суухгүй гээд яалтай билээ. Гэхдээ автобусанд такси шиг нэгээс хоёр хүн сууж явдаггүй. Суудлууд дүүрэн. Дээрээс нь хүмүүс зай завсар болгоноороо чихээстэй явж байдаг. Хэрэв муугаар бодоход айхтар аваар осол болвол хичнээн хүн бэртэж гэмтэж, хэр хэмжээний хохирол амсах вэ. Хүн бүхний ард гэр бүл бий. Тэгээд бодохоор аймшигтай санагдахгүй байна гэжүү. Гэтэл яагаад автобусны жолооч түүнийг ухамсарлахгүй байна вэ. Бас хэдий хэр хурдтай явж байгааг хянаж байдаг байгууллага гэж байдаг болов уу. Байхгүй учраас хүссэнээрээ хурдаа нэмээд уралдаж байдаг юм уу. Үүнийг хэлж чадахгүй маш олон хүн бий. Автобус хэт хурдлахад бариулнаас бариад зогсож байгаа хүмүүс хамгийн түрүүнд унах магадлалтай. Анзаараад байхад тэр хүн болгон л бухимдалтай байгаа нь царайнаас нь л илт харагддаг. Миний бодлоор төр засагт байгаа тэр хүмүүс автобусанд сууж үзээгүй олон жил болсон. Зарим нь мэдэх ч үгүй учраас энэ мэт зүйлст анхаарал хандуулахгүй байх л даа. Гэхдээ энэ бол яриад өнгөрөх асуудал биш гэж бодож байна.
“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.
Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН