Categories
мэдээ нийгэм

Хаягдал аккумлятор дахин боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийж байна

МХЕГ-аас энэ оны хяналт шалгалтын төлөвлөгөө, Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Заламт гол”, “Хос даль”, “Болор Аграмба” компаниудад хяналт шалгалт хийж байна.

Эдгээр компаниуд нь аюултай хог хаягдал болох автомашины аккумуляторыг дахин боловсруулж, хар тугалгыг ялган экспортонд гаргадаг. “Хос даль”, “Болор аграмба” компаниудын үйл ажиллагааг 2018 онд мэргэжлийн хяналтын байгууллагаас зогсоосон бол “Заламт гол” компанийн үйл ажиллагааг 2013, 2015 онд түр зогсоож байжээ. 2018 онд “Хос даль” компани нь БОНБҮ-гүй, холбогдох зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсныг НМХГ-аас зогсоож, хүхрийн хүчил хадгалсан тул цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. 2017 онд Хог хаягдлын тухай хууль шинэчлэгдэн, холбогдох журам 2018 оны тавдугаар сард батлагдаж, 2019 оны нэгдүгээр сараас эдгээр компаниуд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдсэн. “Заламт гол” компани тусгай зөвшөөрөл аваагүй байсан тул зөрчил арилгах хүртэл хугацаанд үйл ажиллагааг улсын байцаагчын актаар зогсоож, лацдав. Тус компанийн захирал Ц.Ууганбаярын хэлснээр үйл ажиллагаа явуулах хугацаандаа хаягдал аккумлятороос 600 тонн хүхрийн хүчлийн шингэнийг “Эрдмин компанид нийлүүлж, 4200 тн хар тугалга экспортолжээ. Швейцар Улсын Базель хотноо 1989 оны 3 дугаар сард “Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенц”-ийг баталсан байдаг. Монгол Улс 1996 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенцийг УИХ-аар соёрхон баталсанаар дагаж мөрдөх болсон. Энэ конвенци нь аюултай болон бусад хог хаягдал, тэдгээрийг хил дамжуулан тээвэрлэхдээ улс орнууд хүний эрүүл мэндийг хамгаалах, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалах зорилгоор олон улсын өмнө үүргээ биелүүлэх ёстой бөгөөд манай улсын хувьд хөрш улсууд аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, импортлох үйл ажиллагааг хориглодог. Иймд аюултай хог хаягдлыг өөрийн улсдаа байгаль орчинд ээлтэй технологиор устгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нөхцөл шаардлага бий болж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *