Categories
мэдээ цаг-үе

Хаврын ядлага, мөхөл дагуулдаг

Үртэй бүхэн үржиж, үндэстэй бүхэн цэцэглэх цаг. Хаврын улирал гэдэг амьтны аймгийн хувьд шинэ жилийн эхний өдрүүд нь. Шувууд, хоёр нутагтан, хэвлээр явагч, загас, буга гөрөөс, аргаль угалз, янгир гээд энэ хорвоогийн бүхий л амьтад бүл нэмэх үе. Шинэ ногоонд цадаагүй ч аль хэдийнэ амсчихсан байгаа. Нарлаагүй, төллөөгүй, их амар амгаланд умбаагүй амьтан Монголын талд лав байхгүй.

Яг өдийд Монгол орны хамгийн жижиг шувуу Шар түрүүт Элсэг хаа байсан Австралиас 20 мянган километр замыг туулан Буйр нуурт буудаллана. Тэндээ үүрээ засч, өндгөө дарна. Өвөг тогоруу, борцгор хотон, хэдхэн грамм жинтэй уран шувуу хүртэл дэлхийн хамгийн өндөр Гималайн нурууг давж ниссээр эх орондоо ирсэн байгаа. Монголчууд анх XIII зуунд дархалж байсан хун шувуу найман зууны дараа ч нутаг руугаа тэмүүлсэн хэвээрээ. Дэлхийд дэндүү цөөхүүлээ үлдэж улаан номонд орсон цасны хажир, явлаг сар, гангар хун, халбаган хошуут, хурагч бор, хурган тутгалжин, хар өрөвтас ч үржиж төлжихийн тулд Монголын хаварт буудаллаж байгаа болов уу.

Хорвоогийн хамгийн тэнэмэл нохой зээх хүртэл орхигдсон нүхэнд түр саатаж үр төлөө гэж, дэлхийд ховор Монголд л цөөхөн үлдсэн Уссурын Хандгай Нөмрөгийн наад хөндий рүү ирж Цагаан зээрийн сүрэгт холилдон чимэг нэмдэг үе. Ичигсэд аль хэдийнэ хөдөлж зурам зугаалж, тарвага нарлаж, баавгай хоол эрэн доншуучилж яваа. Голын эх загасаар хахаж, ус утгах зайгүй байгаа байх. Усны гүн, эргүүлэгтэй газрын ероолд жилийн ихэнх хугацааг үддэг хилэм загас хүртэл энэ л цагт бусад загасны адилаар гүехэн газарт хүрч түрсээ шахдаг. Нэг ёсондоо Монгол нутагт урин улирал ирж, Монголын амьтны аймгийн нэгэн шинэ мөчлөг эхэлж хөдөө нутагт зэрлэг амьтад хөлхөж байгаа.

Монголчууд эрт дээр үеэсээ зөвхөн хаврын энэ л цаг буюу үржлийнх нь үед ямар ч амьтны амийг таслахыг ихэд цээрлэдэг байсан. Хээрээс ан хайх нь бүү хэл хотноосоо мал нядалдаггүй цээртэй. Хавар өдийд амьтны амь бүрэлгэхгүй тааваар нь байлгадаг нь устаж алга болохоос сэргийлэх хамгийн шилдэг арга. Гэвч өнөөдөр цаг өөр болсон. Амьтай бүхнийг хэзээ ч хамаагүй хядах болж. Жишээлбэл, сүүлийн хэдэн жилийн хаврын хаварт монголчууд яргуй идсэн бор гөрөөсний цусанд шуналаа. Харамсалтай нь эцэнхий бор гөрөөсөнд аяга цуснаас нь өөр ашиглах зүйл огтхон ч байхгүй.

Үс нь гуужиж, арьс нь нимгэрч, мах нь улаан зовлого болсон учраас цусыг нь сороод үлдсэнийг нь хаяад явдаг. Үүний үр дүнд өнчирч хоцорсон янзага мөн хорогдоно. Ингэснээр бор гөрөөсний тоо толгой нь эрс багассан үзүүлэлт бий. Бор гөрөөсний ирээдүй Шарангад цөөврийн тавиланг давтах магадлал тун өндөр болсон нь энэ. Монголчууд малгай өмсөхийн тулд Шарангад цөөвөргүй болсон гашуун түүхтэй улс. Шарангад цөөврийн арьсан малгай нэгэн цагт Монгол орны говь нутагт моод болсон учраас хядлага эхэлж, мөхлөөр дууссан. Үүнтэй ижлээр яргуй идсэн бор гөрөөсний цус хүний биед тустай үгүйг нь мэдэхгүй атлаа сүргээр нь хядаж мөхлийг нь ойртуулж байна.

Хаврын хядлага үүгээр зогсохгүй. Ичээнээсээ гарсан баавгай их тарган, бас нойрмог байдаг гээд нэг чөтгөр нь цуурчихаж. Үүнийг сонссон хүмүүс энэ эгзгийг нь тааруулан баавгай унагаж өөх, соёо, доньд, саврыг нь нөөцөлж, махыг нь зулгаах санаархал бас л газар авчээ. Гэтэл өвөлжин өөхөө шатааж, өлөн зэлмүүн яваа өвс, махаар хооллогч хүрэн баавгай яаж өнөөдөр тарган байх билээ. Эцэж шуугдаад, үс нь гуужиж, арьс нь нимгэрсэн байдаг учраас амины гарз. Зарим орнууд заанаас зөвхөн соёог нь авахын тулд хядаж устгасан шиг Монголын аль ч улиралд хамгийн ихээр хулгайн анд нэрвэгддэг амьтан баавгай байсаар байна. “Ходоод руугаа хор чихдэг болсон учраас органик зүйл л тустай” гэж орчин цагийн монголчууд ойлгоод зэрлэг амьтад руу дайрч байгаа нь энэ. Гэвч зэрлэг амьтад ямар өвчин тээж явааг хэн ч мэдэхгүй. Анх ДОХ гэдэг өвчин сармагчингаас хүнд халдсан гэгддэгийг санаж явахад илүүдэхгүй баймаар.

Одоогийн АНУ, Англи, Орос, Франц, Испани зэрэг орнууд дайн байлдааны болоод их өлсгөлөнд нэрвэгдсэн үедээ дорго хүнсэндээ хэрэглэдэг байж. Бүр махных нь хэрэглээний дийлэнх хувийг эзэлдэг тохиолдол ч байсан байна. Харин манай улсын ангийн махаар өөрийгөө тордохыг хичээгсэд үүнийг буруугаар ойлгосон бололтой. Доргоны мах идвэл сайн гэсэн ганцхан бодлын дор устгал явуулж байна. Жилийн дөрвөн улиралд дорго хайсан “хүн цөөврүүд” мөн ч олон амьтны амь тасалдаг гэсэн. Ядаж хавар агнахаа болих шаардлага байна. Шалтгаан нь дээрх хөгжингүй орнууд хэцүү үедээ доргоны мах идэж байсан болохоос ямар нэгэн эмчилгээний зориулалтаар ашиглаж байсан тохиолдол байхгүй. Хүний биеийг сайжруулж, хууч өвчинг илааршуулах нь худлаа гэдгийг үүнээс харж болно. Нөгөөтэйгүүр дорго гэх амьтан хамгийн ихээр нян бактери тээгч хулгана, зурам зэрэг нэг нүхэнд сүрэглэж амьдардаг мэрэгчдийг барьж идэх нь сэжиг төрмөөр зүйл.

Хотон шувууны хувь тавилан мөн л мөхлийн ирмэгт байгаа. Их нууруудын хотгорт цөөн тоогоор ирдэг хотон шувууг Монголын моринд хорхойтой баячууд бараг устгасан. Наадмаас өмнө дөмөг хусууртай болохын тулд дөнгөж ирсэн хотон шувууг буудан хороож хошууг нь тас цавчин авч байна. Ингээд үүрэндээ үлдсэн өндөг нь хагарч амжилгүй хатаж хорчийн, хагарч бяцарсаар устаж байгаа юм. 2009 онд 40 гаруйхан хотон Их нууруудын хотгорт ирснийг судлаачид хэлж байсан. Түүнээс хойш олширч байгаа сайн мэдээ лав дуулдаагүй. Хятадуудаас улбаатай “хунгийн мах хамгийн тэжээллэг хүнс” гэсэн ойлголт байдаг. Үүнийг сонссон хүмүүс мөн л хун шувуун дээр бууныхаа овоо харааг тааруулах болсныг амьтан хамгаалагчид мэдээлэх болсон. Ятууны мах ядаргаанд сайн гэсэн үг бас бий. Энэ үг тухайн шувууг зүйл, аймгаар нь устгах сэдэл нь. Хойлгийн мах зүрхэнд сайн гэдэг. Хавар шувуу элбэг үед их хэмжээгээр агнан борцолж хатаах болсон гэж байгаа. Ийнхүү ашиг олох, арилжаа наймааны сэдлийн дор хаврын улиралд олон тооны шувууд өндгөө ч гаргаж амжилгүй хорогдож байна.

Гэвч бидний анхаарах зүйл бас нэг бий. Орон, орон дамжсан, сүрэг, сүрэг шувууд Монголын тэнгэрт л холилдон сүлэлдэж байгаа. Болгоомжлох ёстой зүйл зөвхөн энэ. Шувууны ханиад, халуун орны тахал, бусад шувуунаас хүнд, хүнээс хүнд дамжиж болох бүхий л өвчинг тэд тээж ирдэг. Тэгэхээр насаа уртасгах гэж зэрлэг амьтдын мах зулгааж байгаад энэ хаврыг ч өнгөрөөж чадахгүй болох эрсдэл бий. Үүний зэрэгцээ хавар өдийд нэг амины цаана дахиад хэд хэдэн амь байдаг гэж үзээд үргээж цочоохыг ч цээрлэдэг байсан эцэг өвгөдийнхөө уламжлалыг бид өнөөдөр тасалж байна.

Энэ бүхэн мөн л усны амьтдад хамааралтай байдаг ажээ. Зарим загас устахын зэрэгцээ хүний эрүүл мэндэд нэн эрсдэлтэй байдаг. Голын эх, гүехэн устай газарт Монголын бүх загас, төрөл хамааралгүй цугларч түрсээ шахаж байгаа болохоор элбэг, их хэмжээгээр нөөцлөх боломжтой үе байж магадгүй. Өгий нуур өөр бусад газарт ч үүнийг далимдуулсан загасчид дэгээгээ шидээд эхэлчихсэн сурагтай байна. Хувингаар хутгаж загас барьдаг үе гэж тодорхойлох нь ч бий. Гэтэл түрсээ шахаж амжаагүй загасыг их хэмжээгээр барьснаар тоо толгой нь цөөрөх улмаар ховордох магадлалтай. Харин хүний эрүүл мэндэд нэн эрсдэлтэй гэдэг нь мөнөөх нүүдэлчин, усны шувуудын тээж ирдэг томуу, тахал мөн л эндээс хүнд халддаг.

Зарах, ашиг хонжоо хайх, эмчилгээнд тустай эд эрхтэнг нь авах, цуглуулгаа арвижуулах зэрэг түмэн шалтгаанаар ангийн улиралд гэлтгүй, хаврын тарчиг цагаар ч зэрлэг амьтдыг хядаж байгаа жишээ үүгээр дуусахгүй. Эрт дээр үеэс монголчууд зарим зэрлэг амьтны эд эрхтэнг эмийн зориулалтаар ашигладаг байсан байх. Харин шинжлэх ухаан хөгжсөн энэ үед боловсруулж, ариутгаагүй элдэв ургамал, ангийн мах хэрэглэж байж шинэ төрлийн өвчин олохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулах болсон.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *