Хавдар судлалын үндэсний төв хавдрын туяа эмчилгээний шугаман хурдасгуур аппаратаа өчигдөр ашиглалтад орууллаа. Ингэснээр хавдрыг эмчлэх дэвшилтэт технологи нэвтрүүлж байгаа юм.
Энэ нь манай улсад анх удаа суурилуулсан, дэлхийн хэмжээний өндөр дэвшилтэт, орчин үеийн технологи бөгөөд хавдрын эхэн үед мэс засал хийлгүй, туяа эмчилгээ хийж хавдрыг эмчлэх бүрэн боломжтой.
Хавдар ямар хэмжээтэй байна, түүгээр нь цацрагийг хэлбэржүүлэн, бусад эд эрхтэнд сөрөг нөлөөгүй эмчилдэг онцлогтой аж. Мөн цацрагийн чадал, урсгалыг их, бага ямар ч хэмжээгээр тохируулах боломжтой. Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, доктор Ж.Чинбүрэн “Энэ аппарат 360 градус эргэж, хүний биеийн аль ч хэсэг рүү туяа цацруулна. Аппаратны толгойн хэсэг дэх ялтсууд тухайн өвчтөний хавдрын хэлбэрт тохируулан нээгдэнэ. Өндөр тунг нэгж талбайд өгөх боломжтой. Жишээ нь уушгины жижиг хавдартай хүний уушгийг тайрах шаардлагагүй.” гэв.
Манай улсад жилд 600 хүн туяа эмчилгээ хийлгэдэг. Харин одоо 1000 болно, энэ хэрээр эмнэлгийн ачаалал буурна гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл онцоллоо.
Хавдар судлалын үндэсний төв VARIAN хэмээх энэ аппаратны гаднах хүлээлгийн өрөөгөө ч тохижуулжээ. Тэд хүүхдүүдэд зориулан ханаа амьтны дүрсээр чимэглэн, тоглоомын өрөө бэлтгэсэн байна.
Шинэ аппараттай болсноор тус эмчилгээний эмч нарын олон жилийн мөрөөдөл биелж байна. Учир нь эрт үеийн хавдрын өвчтөнд мэс хүргэхгүй, өвтгөхгүй, зүсэхгүй, огтлохгүй атлаа мэс засалтай дүйцэх хэмжээний үр дүнд хүрэх юм байна.