ЦЕГ-ын дэргэдэх Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хар тамхины хууль бус сүлжээнийхнийг илрүүлэн, баривчилжээ. Энэ сарын 27-28-нд шилжих шөнө буюу өнгөрөгч мягмар гарагт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс хар тамхи хэрэглэж, худалдан борлуулдаг гэх 4-5 хүнийг үйлдэл дээр нь баривчлан саатуулсан байна. Хэргийн газраас эд мөрийн баримтаар метафетамин буюу химийн аргаар гаргаж авсан мөс гэх нэршилтэй бодис,18 кадр гэрэл зураг, сэжигтэн этгээдүүдийн хурууны хээг бэхжүүлжээ. Дээрх этгээдүүдээс биологийн дээж авч шинжлэхэд, хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон тул ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэллээ. Бүлэг этгээдийн дунд “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит хувьцаат компанийн мэргэжилтэн Э гэгч байсан бөгөөд тэрбээр хар тамхи хэрэглэснээс гадна бусдад худалдан борлуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Сэжигтэн Э-гийн аав нь Монгол Улсын шүүх байгууллагад олон жил ажилласан нэгэн бөгөөд иргэний хэргийн шүүхэд Ерөнхий шүүгчээр ажилладаг тул хэрэгт нөлөөлж магадгүй аж. Хэргийг Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.