Categories
мэдээ цаг-үе

Хануй голын ганган хүүхнүүдтэй хамт мартлаад…

Хөдөө очиж Мартын 8-ны баяр тэмдэглэх, хөдөөгийн эмэгтэйчүүд хэрхэн баярлаж байгааг сурвалжлахаар Арын сайхан хангай нутгийг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр зорин гарав. Хүрэх газар гэвэл хот, аймаг сумаас алс хол, уулсын бөглүүд орших Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй баг. Улаанбаатар хотоос 600 гаруй километрийн зайтай. Харин Архангай аймгаас 102, Өндөр-Улаан сумаас 90 гаруй километрийн зайд оршдог алслагдсан газар. Эрдэнэмандал, Чулуут сумын иргэд аймаг явахдаа дайран гарахаас өөр хөл хөдөлгөөн тэнд барагтай байхгүй. Бригадын төв дээр 40 гаруй айл өрх аж төрдөг юм байна. Нутгийн иргэд Хануй баг гэж ярихаасаа илүүтэй Хануйгийн бригад гэнэ. Бага сургууль, цэцэрлэг, улаан булантай, мянга гаруй хүн амтай, 400 орчим айл өрхтэй Монголын томоохон багуудын нэг. Архангай аймгийн төвөөс цасаар шуурч байхад Хануй руу хөдөллөө. Жолооч “Шөнөд оройгүй, Шөлөнд дээжгүй гэдэг биз дээ. Цасан шуурга намдаана” гээдбүрэнхий болсон хойно гарав. Ийн явсаар шөнө дундлаад Хануй бригадын төвд очлоо. Багийн төв гэж хуучны хөнд­лөн цагаан байшингууд, бан­зан хашаан дотор хүрэн дүнзэн байшинтай буйдхан газар харагдав. Бид багийн Засаг дарга А.Батдэлгэрийн гэрийг сурсаар хойд энгэрийн өвөлжөөнд байх гэрт нь очлоо.

ХООЛ ХИЙЖ ӨГСНИЙГ ХҮНД БИТГИЙ ХЭЛЭЭРЭЙ”

Нүүр нүдгүй цасаар шуурч байсан тэнгэр цэлмээд хоножээ. Хаашаа л харна цав цагаан цас, цэв цэнхэр тэнгэр. Хануй голын бургасны захаас бараан морьтой хүн бригадын төвийг чиглэн ирж яваа нь холоос цагаан цаасан дээр хар цэг тавьчихсан юм шиг л бүртэлзэн үзэгдэнэ. Бригадын төвийнхөн өглөө эртлэн босчээ. Айл болгоны гэрийн яндангаар цагаан утаа суунаглана. Багийн дарга А.Батдэлгэр саравчиндаа орчихсон өвлийн уралдаанд уясан хурдан морьдынхоо тэжээлийг өгч байгаа харагд­лаа. Харин саахалтын зайд өвөлжиж байгаа Ц.Болдбаатар үхрийнхээ хөл­дүү­сийг ганцаараа арилгаж байв. Мөн сургуулийн галч Д.Мөнхтөр ч өглөөнийхөө ажлыг хийж байгаа бололтой. Уулын суганд таран буусан айлуудын гадаа дандаа л эрчүүд өглөөнийнхөө ажлыг амжуулж, малаа аялуулж байгаа нь Хануй бригадын эрчүүд ямар ажилтай хүмүүс байдаг юм бэ гэж бодогдохоор. Тэр өглөө нэг ч эмэгтэй хашаа хороогоо цэвэрлэж, хөлдүүс арилгаж харагдсангүй. Мартын 8-ны өглөө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийнхан эрчүүд нь ажлаа хийж, эмэгтэйчүүд нь амралтын байдалтайгаар өглөөг угтаж байгаа нь энэ. Багийн төвийн эрчүүд эхнэр, охидоо баярлуулах гэж өглөөний уламжлалт ажлаа хурдан амжуулж, гарынхаа цай, хоолыг хийж эхэлсэн нь энэ аж. Эрчүүдхээр хоносон үхэр, адууныхаа сургийг гаргахаар бие биенийхээгар утас руу залгах юм. “Адуундаа явсан уу. Манай хээрийн адуу харагдаж байна уу. Тарлан монголтой хэдэн үхэр голын бургасанд хоносон байна уу. Гол дээр үхсэн гурван сарлаг хэнийх вэ” гэх.Мөн “Яагаад малдаа явахгүй байгаа. Эхнэрээ баярлуулж байна уу” гэжнэгнээсээ асуухаар нөгөөх нь тас нэрэлхэх. “Мотоцикль асахгүй байна. Унтчихсан байна. Одоо ингээд явах гэж байна” гээд лянз бүрийн шалтаг олж хэлээд гэргийгээ баярлуулж байгаагаа нуугаад байх юм. Харин гэрт нь шал өөрүйл явдал өрнөж байлаа. Ээжүүд үс зүсээ янзалж, тэр хавиархаа цэгцэлж, охид, хүүхдүүд цэвэрхэн хувцсаа өмсөж, аав нь орж гарахдаа зөөлөн зөөлөн дуугарах нь баярынх нь бэлэгний нэг гэл­тэй.

Хануйд ганцхан Жи Мобайл”-ын сүлжээ барина. Жи 20-ын нэгжээр утсаа цэнэглэчихээр сүлжээндээ үнэгүй ярьдаг. Хануй брига­дынхан хоорондоо бүгд үнэ­гүй ярина. Тийм болохоор бригадад болж байгаа үйл явдал нэгэндээ хурдан хүрнэ. Эрчүүд гэртээ хоол хийж байгааг, хоол хийх үйл явц хэрхэн өрнөж байгааг хүүхнүүд бие биендээ сонирхуулан гайхуулна. Сургуулийн захирал С.Монголмаад нөхөр Б.Гантөмөр нь банштай цай хийж өгсөн гэнэ. Харин бага ангийн багш Д.Буянхишигт нөхөр Д.Өлзий-Орших нь хуу­шуур хайрч өгсөн бол Д.Должинжавын нөхөр Г.Дамдиндорж мах шарж өгчээ. Багийн эмч Д.Батмөнхийн нөхөр Л.Тамир гараа гарган цуйван хийж байгаа сураг дуулдав. Хоолныхоо давсыг ихдүүлж шорвог болгочихоод дахиж хоол хийсэн хүн ч байгаа талаарх инээд наргиантай зүйлс яригдав. Бригадын хүүхнүүд “Нөхөрхоол хийж байна. Ойрд гал тогоонд орол­цоогүй юм. Намайг хоол хийж байгааг хүнд битгий хэлээрэй гээд байх юм. Хэнээсээ ичдэг байна аа” гээд л тас тас инээд алдах. Айл болгоны гэрт гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдэж, адуу мал гээд өглөө гараад орой ирдэг эрчүүд гэр бүлийн хүнээ баярлуулж байгаа нь цаанаа л сайхан санагдана. Хануй бригадын хүүнүүдийн баяр ингэж л эхэлдэг юм байна. Нөхрийнхөө гарын хоол, цайг зооглосон эмэгтэйчүүд өдөр нэгнийдээ цугларч, баяраа тэмдэглэх гэнэ. Харин залуус багийн улаан буланд болох цэнгээнт бүжигт орох гэнэ. Эмэг­тэйчүүдийн баярын үйл ажиллагааны талаарх урьдчилсан мэдээлэл ийм.

ЧИН СЭТГЭЛЭЭ ЗОРИУЛЖ ХИЙСЭН БОЛГОН БУСДЫН ЗҮРХ СЭТГЭЛД ХҮРДЭГ БУЮУ ГАРААР ХИЙСЭН МЭНДЧИЛГЭЭ

Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд баасан гаригт охи­доо баярлуулжээ. Цэцэр­лэ­­гийн хүүхдүүд ээждээ зориулж цаасан дээр зураг зур­­сан байна. Багш нь гараараа мэндчилгээ бичээд хүүхдүүдийн ээждээ зориулж хэлсэн үгийг нь цэвэрхэн, сайхан бичиж өгчээ. Хүүхдүүд “Аав шигээ машин унадаг хүн болно. Ах шигээ барилга барина. Хурдан морь унадаг хүн болно” гэж багшдаа хэлж бичүүлжээ. Цэцэрлэгийн багш нь хүүхдүүдийн мэнд­чил­гээний цаасан дээр ихэд хичээнгүйлэн зураг зураад, хажууд нь жижигхэн хиймэл цэцэг наасан байгаа харагдлаа. Харин сургуулийн хүүхдүүд ээж нартаа зориулан захиа бичжээ. Захиагаа ээж нартаа баярынх нь өдрөөр бэлэглэсэн гэнэ. Харин сургуу­лийн багш нартаа зориулан 4А ангийнхан ханын самбар гаргажээ. Хүүхдүүд өнгийн харандаагаар “Багш нартаа Мартын 8-ны баярын мэнд хүргэе” хэмээн бичээд, сарнай цэцгийн баглаа барьсан дээлтэй охины зураг зурж, үлдсэн зайг нь тэнгэр болгон цэнхэр өнгөөр буджээ. Мөн багш болгонд сурагчид нь мэндчилгээ хийж бэлэглэжээ. Зарим нь дөрвөлжин шугамтай дэвтрийн гол цаасыг дөрөв хувааж нугалаад, өнгө өнгийн харандаагаар сэтгэлийн үгээ бичсэн байхад зарим нь тууш дэвтрийн хуудсан дээр дөрвөн мөрт зохиосон харагдав. Гэхдээ мэндчилгээ бүрийн буланд ваартай, эсвэл газраас ургасан цэцэг зурсан нь улам чимнэ. Хүүхдүүд ямар ч алдаагүй, цэвэр ням­бай бичжээ. “Ээжээ таныг ганцааранг нь орхиод аав­тай хамт наадамд явсанд уучлаарай” гэж нэгэн хүү бичсэн байхад хоёрдугаар ангийн охин “Багшаа би таныг дуурайсан багш болно. Тэгээд сургуульдаа багшилна” гэж хүсэлмөрөөдлөө бичсэн байлаа. Чин сэтгэлээ зо­риулж хийсэн болгон бус­дын зүрх сэтгэлд хүрдэг. Хануй бригадын ээж, багш нар хүүхэд, шавь нарынхаа өгсөн бэлгийг аваад зөндөө их баярлаж, зарим нь баярын нулимс унагасан гэнэ.

МАРТ-8-НЫГ ТЭМДЭГЛЭХЭЭР ДЭЛ­ГҮҮР ЗОРИН ИРЭХ МАЛЧИНЗАЛУУС

Хануй багт Б.Ганчулууных л дэлгүүр ажиллуулдаг. Мөн аймгийн төвөөс шатахуун, дизель зэргийг 200 литрийн поошигт хийж авчраад зардаг юм байна. Өөрөөр хэлбэл, багийнхаа иргэдийг шатахуун түгээх станц, хүнс, бусад бүтээгдэхүүнээр хангадаг ганц газар нь энэ аж. Дэлгүүр рүү яваад орлоо. Жижигхэн дэлгүүрийн лангуунд юм бүхэн өрөөтэй. Гэрийн эзэн Б.Ганчулуун дэлгүүртээ зог­сож байна. “Манай багийн залуус өглөөнөөс хойш цувран ирж, эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэх зүйлсээ худалдаж аваад явж байна” гэлээ. Айл саахалт өвөлжиж байгаа залуус нийлж багийн дэлгүүрт ирэх ажээ. Ойролцоо өвөлжиж байгаа гурван залуу хонины бэлчээр дээр мотоцикльтой таарч нэгнээрээ хонио харуулаад хоёр нь ширээ засах зүйлс худалдан авахаар иржээ. Тэд чихэр, жигнэмэг, ундаа, дарс, пиво, хиам, өргөст хэмх зэргийг худалдаж аваад гарцгаав. Тэдний дараа үстэй дээлний гадуур хүрэм өмсөж, ноосон малгайг баг болгоод өмсчихдөг хэн болох нь танигдахгүй залуус орж ирэв. Дэлгүүрийн худалдагч тэднийг хэдийнэ таньсан бололтой мэнд мэдэлцэхэд залуус малгайгаа авч “За нөгөө хэдийгээ баярлуулах гээд л явж байна. Өдөр нэгнийхээ гэрт цугларчихаад, орой хонио хотлуулчихаад бүжгэнд ирнэ”гэж ярилцаад авах зүйлсээ худалдан авах юм. Б.Батбилэг гээд 20 гаруй насын залуу эхнэр Энхжаргалын хамт иржээ. Гадаа 20 гаруй хэмийн хүйтэн байсан ч баяраа тэмдэглэх зүйлс худалдан авахаар 30 гаруй километрийн цаанаас мотоцикльтой ирцгээжээ. Мөн Ц.Очирбат, Отгонтуяа нар ч ирж таарав. Багийн дэлгүүрт байх хамгийн үнэ­тэй чихэр, дарс, пиво зэрэг зүйлсийг худалдаж аваад цаасан хайрцагт хийн мото­цикль­доо ганзагалаад хөдөлц­­гөөв. Залуу хосууд их цасан дунд хүйтнийг үл ажран холоос дэлгүүрийг зоринирж байгаа нь мартын 8-ны баярыг найз нөхдийн хүрээнд тэмдэглэх аж. Тэдний дараа гурван залуу орж ирлээ. Дэлгүүрийн Жи-Мобайлын нэгж дууссаныг сонсоод “Өө, ахиухан авчихгүй. Нэг дөхсөн дээрээ овоо хэдэн нэгжтэй болоод авъя гэж бодсон юм. Тэгсэн 1000 ч байхгүй шүү. Та утсандаа байгаа нэгжээ явуулчих аа. Ээж, эгч нар руугаа ярьж, мэнд мэдмээр байна ш дээ” гэхэд худалдагч “Надад ч нэгж алга аа. Маргаашнаас ирнэ. Мөнгөө үлдээчих. Би чам руу залгаад кодыг нь хэлээд өгье” гэв. Залуус “Хотынхоншиг цэцэг навч өгөөд байж чадах биш. Байгаагаараа л, тэрүүхэн тэндээ цомхон тэмдэглэж байна. Мал төллөхөөс өмнө найз нөхөдтэйгөө уулзаж нэг оройг инээж, баярлаж өнгөрөөх гэсэн юм” гэж ярьж байна. Мөн хиам худалдаж авахдаа “Яанаа энэ хиамыг чинь нарийн хэрчиж чадахгүй байх. Идэх л юм чинь бүдүүн хэрчээд л өгчихнө биз. Цаад гурав чинь анзаарахгүй ээ” гээд инээлдэв. Мөн “Өнгөрсөн жил цаадуул чинь эмэгтэйчүүдийн баяраар та нар баярласан. Та нарын баяр болсон гэж гомдол мэдүүлээд байгаа шүү дээ. Уух зүйлсээ бага авсан нь дээр байх. Дарсаа харин ахиухан авчих” гээд авсан зүйлсээ хайрцагтхийж аваад, нэг ньгарч одов.

Их үдийн алдадХануй бригадын хүүхнүүд тал талаас цугларав. Бүгд л торгон дээл өмсөж, одон медаль зүүсэн байгаа харагдав. Бригадын төвийн хижээл насны хүүхнүүд жил бүрийн гуравдугаар са­рын 8-нд нэгнийдээ цуг­ларч, марталдаг уламжлалтай аж. Д.Үрчгэр, Багийн эмч, Д.Батмөнх, Л.Чимгээ, Д.Од­гэрэл гээд багийн хүүхнүүд цугларч эхэллээ. Торгон дээл өмссөн хүүхнүүд “Алдарт эхийн одонгоо зүүх газаролдохгүй юм. Төр засгаас өгсөн юм чинь ганц эрхийнхээ өдөр зүүе. Тэр болгон гангарч, гоё дээлээ өмсөөд байж чадахгүй юм. Нийллэгэнд ирэхдээ л үс гэзгээ будуулж, нүүрээ будаад ирж байна” хэмээн ярив. Хотоос ирсэн сонинысэтгүүлч нийллэгэндорно гэдгийгдуулаад санаа зовж байгаа бололтой байлаа. Д.Оюунбилэг, Д.Сувдмаа, Т.Цэнд-Аюуш, Л.Цэрэнлхам, Д.Хажид нар ирцгээлээ. Ин­­гээд Хануй бригадын эмэг­­тэй­чүүдийн баярыннийл­­­лэг эхэллээ. “1992 онд мартын баярыг ёстой мартагдахааргүй тэмдэглэж байсан шүү” гэлээ. Тэр үед сургуулийн багш нар мартын 8-ны баяраар хүрч ирээд айл саахалтын айлуудыг нэгнийд нь цуглуулж байгаад урлагийн тоглолт хийдэг байсан гэнэ. “Баасандолгор гэх багш гоё дуулдаг байлаа” хэмээн хүүх­нүүд ярилцах ажээ. Нийллэгт ирсэн хүүхнүүд дэлгүүрээс дарс, 300-400 грамм чихэр худалдаж авсан гэнэ. Хүн болгон энэ жишгээр явсаар арав гаруй шил дарс, чихэр, жигнэмэг зэрэг цугларав. Гэрийн эзэд бууз жигнэж өглөө. Тал талаас цугларсан чихэр таваг дүүрэн болох юм. Мөн набор ч төрөл төрлөөрөө цугларчээ.Арав гаруй шил дарсны үйсэн бөг­лөөг задлах болов. Дарс онгойлгогч байхгүй тэнд байсан багийн дарга, дэлгүүрийн эзэн Ганчулуун дээр миний бие нэмэгдээд өнөөхийг нь онгойлгох юм болов. Уруулын будгаар онгойлгох гэсэн болохгүй юм. Хүчтэй дарах гэхээр шил нь хагарчих гээд бид гурав хэрэндээл “юм” болж байж арай гэж хоёр дарс онгойлгож өглөө. Хаалганы бариул, автийрк зэргээр дарс онгойлгох багаж хэрэгсэл болгож авсан юм. Дарс уусан эмэгтэйчүүд хууч хөөрч “Манай багт Нэгдэл дундын үйлдвэр, худалдаа бэлтгэлийн анги байхад мөн л олон хүн байдаг байсан. Адилбиш захирал багийнхаа хүүхнүүдэд 1996 онд мэнд­чилгээ гараараа бичиж өгөөд уулзахад их сайхан нийллэг болсон шүү” хэмээн ярив. Тэгснээ түрүүчийн бид гурвын будилан байж онгойлгосон дарсны ижлийг нэг нь аваад, ядах юмгүй бөглөөг түлхчихээд “Ингэдэг юмыг та нар яагаад байв аа, түрүүнд” гээд тэрүүгээр нэг инээд болгов.

Төд удалгүй нийллэг дуу хуураар эхэлж“Хөөрхөн борлог мориороо хөндийг туулах сайхансан. Хөгшин буурал ээжийгээ хүндлэн асрах сайхан даа” гээд хоолой нийлүүлэндуулж гарлаа. Цомхон эхэлсэн нийллэг дэлгэр сайхан боллоо. “Хүрэн үнээгээ саах уу даа” гээд тас тас хөхрөлдөөд дэлгүүрээс 2.5 литрийн пиво нэмж авчруулав. Дэлгүүрийн агуулах буюу га­даах амбаарт хадгалаад хөлдчихсөн шар айргийг тэд савыг нь хагалж, доторхийг нь цагаан төмпөнд хийгээд гал дээр халааж жаврыг нь гаргаад аягалж уух юм.Хөгжөөн наргиан, дуу хуураар дүүрэн Хануй бригадын хүүхнүүдийн нийллэг үдэш болтол үргэл­жиллээ. “Хануй голын хүүхнүүд царайлгаараа алдартай шүү дээ. Ирсэн хүн хоргодоод байдаг сайхан нутаг шүү” гээд хүүхнүүд нь намжирдан биенээ тохойгоороо ёворч ирээд л хөхрөлдөх юм.

Бүрий болж одод түгжээ. Энд тэндээс гэрэл гарч байлаа. Багийн бүжигт оролцох залуус мотоцикльтой, поортертой гээд унаа унаагаа хөлөглөн ирж байгаа нь тэр.

Үргэлжлэл бий

Э.ХҮРЭЛБААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *