Categories
мэдээ нийгэм

Хангарьд ордонд ажиллаж байсан алба хаагчдын 50 хувь нь Яармагийн шинэ байранд нүүж очжээ

НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагууд 2021 ондоо багтан Яармагийн шинэ байр луу нүүх болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр нөхцөл байдалтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн засаг захиргааны Хангарьд ордонд ажиллаж байсан алба хаагчдын 50 хувь нь Яармагийн шинэ байранд нүүж очжээ.

“Ковид-19” цар тахлын халдвараас шалтгаалан өнгөрсөн зургадугаар сарын 23-ны өдрөөс Яармаг дахь хотын захиргааны барилгад 300 хүнд үйлчлэх Яаралтай тусламжийн түр төв байгуулсан. Коронавирусийн халдвар хумигдсантай холбогдуулан тус төвийг буулган, ариутгал халдваргүйжүүлэлт хийж, арванхоёрдугаар сарын 25-наас нүүлгэн шилжүүлэх ажил эхлээд байна.

Хангарьд ордонд ажиллаж байсан алба хаагчдын 50 хувь нь Яармагийн шинэ байранд нүүж очжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тогтоолыг товлосон хугацаанд биелүүлсэн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон нийслэлийн төр захиргааны алба хаагчдад талархаж буйгаа илэрхийллээ. Тэрбээр “Төсөвт анх удаа 420 тэрбум төгрөгөөр Нийслэлийн түгжрэл, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр тусгаж Улсын Их Хурал, Засгийн газар нэгдмэл бодлогоор улстөрийн шийдвэр гаргасан. Өчигдөр УИХ-аар батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д хотын түгжрэлийг шийдэх хөгжлийн төслүүд тусгагдсан. Тухайлбал, Хөшигийн хөндийг түшиглэсэн дагуул хот байгуулж, эдийн засгийн хөгжлийн бүсүүдийг бий болгоно. Ирэх жилээс Богдхан төмөр замын ажил эхэлнэ. Энэ мэт Улаанбатар хотын түгжрэлийг шийдэх ажлуудыг он гараад эрчимжүүлэх хэрэгтэй байна. Цаашид Улаанбаатарт тэмүүлэх тусам үнэтэй, хөдөөд тэмүүлэх тусам дэмжлэгтэй байх бодлого барьж төвлөрлийг сааруулна. Хотын төв хэсгийн түгжрэлийг сааруулах ажилд Нийслэлийн удирдлага, алба хаагчид өөрсдөө үлгэрлэж буйд талархаж байна” гэв.

Нийслэл хотын төв хэсэг Их, Бага тойруу орчимд авто замын түгжрэл хамгийн их байдаг. Үүний нэг шалтгаан нь төрийн захиргааны барилга, байгууламжууд хотын төвдөө төвлөрсөнтэй холбоотой гэх судалгаа бий. Тиймээс хотын захиргааны зарим салбар, нэгжүүд эхний ээлжинд Яармагт байрлах нийслэлийн засаг захиргааны шинэ байр руу нүүгээд байна. Үүнтэй холбоотойгоор Яармаг орчмын автозамын ачаалал нэмэгдэхийг тооцож, түгжрэлийг сааруулах хэд хэдэн ажил эхэлж байгааг Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцууллаа.

Яармагт байрлаж буй нийслэлийн захиргааны барилга нь А, В, С гэсэн гурван блок, нийт 68 мянган ам метр талбай бүхий барилга юм. Өнөөдрийн байдлааар нийслэлийн 6 агентлагийн 400 гаруй алба хаагч А блокт байрлаж байна. Барилгын В, С блокийг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *