Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хамтдаа байгаадаа баярла, учир нь бүгд буцаж ирдэггүй

Хоолны ширээний ард нэгэн залуу ийм түүх ярьж байсныг би тод санаж байна. Тэр 40 гаруй насны хүн л дээ. Авлигын хэргээр хоригдоод гарч ирээд удаагүй байсан юм. Хэрэгт холбогдохоосоо өмнө залуухан бүсгүйтэй бараг л дэр нэгтгэхээр болсон байв. Эхнэрээсээ туурга тусгаар болоод хоёр жилийг үдэж байсан ч мөнгөөр бол тэр дутааж байгаагүй гэнэ. Харамсалтай нь түүнийг хоригдож байхад нөгөө бүсгүй нь битгий хэл найзууд нь ч зайгаа авсан аж. Эхнэрээс нь өөр хүн түүнийг эргэж тойрч байгаагүй бололтой. Суллагдахаасаа өмнө байнга эргэж ирж буй эхнэрийнхээ өмнө гэмшихдээ дэмий л “мөнгөтэй юу” гэж асуужээ. Эхнэр нь хариуд нь “Хамтдаа байгаадаа баярла, учир нь бүгд буцаж ирдэггүй” гэж хэлсэн байна. Тэгэхэд өнөөх залуу “Хайртай хүнээ олоход маш их цаг хугацаа хэрэгтэй ч алдахад ганц секунд ч хэрэггүй” гэдгийг тэр үед ойлгосон гэдгээ ярьж байсан юм. Хүний амьдрал богинохон. Гэвч энэ хооронд өөрийгөө мартталаа мөнгө, эрх мэдэлд шунаж хажуудаа байгаа үнэтэй зүйлээ гээтлээ амьдарсан энэ залуугийн түүх ухаарлаар төгссөнд олзуурхаж байсан юм. Амьдрал биднийг гоё сайханд төөрөлдүүлж уруу татдаг ч бас ухааруулах ямар нэгэн орон зай үлдээдэг нь гайхалтай. Тэгэхээр таны хэн болохыг мэдэж, бүх алдаа дутагдлыг тань тэвчиж, өөрөөс чинь алхам ч холдож чадахгүй, халамжилж хайрлаж байгаа тэр хүнийг хайрла. Тэр бол бидний дэргэд үргэлж байдаг хамгийн их үнэ цэнтэй зүйл билээ.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *