Засгийн газрын танхим өнөөдөр шинэ бүрэлдэхүүнтэйгээр хурлаа хийжээ. Уг хурлаар бүтэц, бүрэлдэхүүний тухай хэлэлцсэн асуудлыг танилцуулав.
Энэ талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын/ЗГХЭГ/ дарга Н.Учрал “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль өөрчлөгдсөн ч орон тоо нэмэхгүй байх зарчмыг баримталж байгаа. Шинэ хуулиар яам, сайдын тоо нэмэгдээгүй. Хамтарсан Засгийн газар учраас шадар сайдын тоо нэмэгдсэн, яам болон сайд нарын тоо огт нэмэгдээгүй.
Яамд орон тоогоо нэмэхгүй байх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Яамны чиг үүрэг нь өөрчлөгдсөн, нэгдсэнээс бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчид өөрийн хариуцаж байсан нэгжийг удирдах нөхцөлийг бүрдүүлнэ. Зарим яамны олон салбар нийлсэн хэдий ч ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагч нэмэлт үүргээ авч, ажлаа үргэлжлүүлнэ.
Ирэх долоо хоногт яамдын бүтэц, орон тоог нэмэхгүйгээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 100 хоногийн арга хэмжээний төлөвлөгөөний эхний төсөлтэй танилцана.
Хамтарсан Засгийн газрын гэрээ албажиж УИХ-ын тогтоол болсноор гэрээг зөрчсөн сайд нартай хариуцлага тооцох асуудлыг улс төрийн намуудын шийдвэр гаргадаг дээд байгууллага нь хариуцна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах талаар шадар сайдын мэдээллийг сонссон.
Тэргүүн шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд долоо хоног бүр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг Засгийн газрын хуралдаанд мэдээлж, үнэлгээ дүгнэлт хийх ажлыг хэвшүүлнэ.
Энэ удаагийн Засгийн газрын онцлог нь өнгөрсөн хугацаанд хүлээгдэж байсан олон төслийг урагшлуулна. Ямар нэг улс төржилтгүйгээр кабинетын зарчмаа баримталж, бодлогоос хэрэгжилтэд анхаарна. Хурдан, шуурхай, гаргасан шийдвэр нь иргэдийн амьдралд ойртсон, тэдэнд ойртож үйлчилсэн зарчмыг баримталж ажиллана” гэж ярилаа.