Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтартай ярилцлаа.
-Ойрын өдрүүдэд таны талаар янз бүрийн мэдээлэл нийгэмд цацагдах боллоо. Авлигын хэргээр шалгагдаж байгаа С.Батдөлтэй хамаатуулж байх шиг. Түүний гэрээс олдсон 7.3 тэрбум төгрөгийг таных гэв үү. Энэ үнэн үү?
-Өдөөд байна уу, сөдөөд байна уу гэдэг шиг л юм болж байна шүү (инээв). Сүүлийн үед Б.Цогтгэрэл, Ц.Бат нар манай гэр бүлийн нэр хүндэд ноцтой халдсан, олон нийтийг төөрөгдүүлсэн гүтгэлгийн шинжтэй илт худал мэдээлэл тараасан. С.Батдөлийн хэрэгт миний бие болон манай гэр бүл ямар ч холбоогүй гэдгийг албан ёсоор хэлье. Хэрэв надаас уучлал гуйхгүй бол би хуулийн байгууллагад хандана гэдгээ ч мэдэгдсэн. Харин Б.Цогтгэрэл өөрийн сошиал хуудсаар дамжуулж уучлал гуйсан. Би сүүлийн хэдэн жилд Б.Цогтгэрэлийн элдэв гүтгэлгийг тэвчиж ирсэн. Одоо цаашид хязгаар гэж байхгүй гэдгийг дахиад хэлье. Над руу ирсэн дайралтуудыг харж байхад хаанаас, ямар зорилготой вэ гэдэг нь бүгд тодорхой байдаг.
-Яагаад тан руу ингэж дайрах болов. Ард нь хэн байгаа гэж?
-Хэзээ нэг өдөр энэ асуудлыг үнэн мөнөөр нь гаргаад ярих цаг ирж магадгүй л юм. Гэхдээ улс маань төртэй, хуультай юм болохоор хууль хяналтын байгууллага үнэн мөнийг тогтоож нэг талд нь гаргана гэдэгт итгэж байгаа. Тиймээс одоохондоо чимээгүй байя.
-Та сая Б.Цогтгэрэлд гүтгүүлсээр ирсэн гэлээ. Яагаад өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллагад хандаагүй юм бэ?
-УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлийн хэрэгтэй холбоотой миний бие болон манай гэр бүл хуулийн байгууллагад шалгагдаагүй. Дээр хэлсэнчилэн энэ хэрэгт ямар ч холбоогүй. Нэгэнт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагаа нь явж байсан учраас хууль хяналтын байгууллага үнэнийг тогтоон олон нийтэд бодит байдлыг мэдээлэх хүртэл хүлээцтэй хандсаар ирсэн юм.
-С.Батдөлийг орон нутгаас төмөр замд авчирсан хүн нь та юм биш үү?
-Арай өөр хүн байх аа даа. Энэ асуултад УБТЗ-ын удирдлагууд хамгийн сайн хариулах байх шүү. Та нар маань бас судлаад үзээрэй. Миний бие 2018 оны наймдугаар сард төмөр замаас ЗТХЯ-нд ирсэн. Тэгэхэд энэ залуу бодвол Дархан өртөөнд ажиллаж байсан байх. Би үнэндээ энэ залууг мэдэхгүй. Сүүлд Засгийн газрын гишүүн болоод ажиллаж байх үедээ яаман дээр төмөр замын ачаа тээвэр, чингэлгийн асуудлаар хариуцсан албаныхантай хуралдахад түүнийг нэг удаа л харсан юм билээ. Ер нь би энэ яамны хаалгаар орж ирчихээд хамт олондоо гурван зүйл амласан. Нэгдүгээрт, би тендертэй орооцолдохгүй. Хоёрдугаарт, танил тал, хамаатан садан төрлөөсөө нэг ч хүнийг харьяа байгууллагуудад шахахгүй. Гуравдугаарт, янз бүрийн бараа материал шахдаг зүйлд оролцохгүй. Харин ажлаар шахаж магадгүй шүү гэж хэлж байв. Би 2020 оны долдугаар сард Засгийн газрын гишүүнээр томилогдсоныхоо дараа болон өнгөрсөн жил С.Бямбацогт сайдад ажлаа хүлээлгэж өгөхдөө ч бас үүнийгээ хэлсэн. Хамт олон маань алга ташиж байсан. Бодвол Л.Халтар гэдэг хүн энэ зарчмаасаа үнэхээр хазайгаагүй шүү гэдгийг илэрхийлсэн юм болов уу даа.
-С.Батдөлийн өмнө ажиллаж байсан газрын даргыг таны гэр бүлийн хүнтэй холбож мэдээлээд байгаа шүү дээ. Та тэр хүнтэй таагүй харилцаатай байсан юм уу?
-Намайг УБТЗ-д ажиллаж байхад Батмөнх гэдэг залуу тэр албан тушаалыг хашиж байсан. Дараа нь төмөр замын шинэ дарга томилогдож очоод нэлээд олон хүнийг ажлаас нь чөлөөлсөн юм билээ. Тэр чөлөөлөгдсөн хүмүүс дотор Батмөнх байсан гэдгийг би бүр сүүлд нь мэдсэн. Түүнтэй миний бие болон манай гэр бүлийн хүн ямар нэгэн хувийн харилцаа байхгүй.
Нийгэмд Л.Халтар гэдэг хүнийг яаж ч харлуулж, гүтгэж болно. Төрийн удирдах албан тушаал хашиж байгаа хүмүүст түгээмэл тохиолддог зовлон энэ. Харин миний гэр бүлийн нэр хүндийг гутаан доромжлохыг зөвшөөрөхгүй. Худал хуурмаг мэдээлэл цацагдангуут нийгэм Л.Халтар гэж ёстой бүтэхгүй нөхөр байна гэсэн ойлголтыг авдаг байх. Тэр дундаа мэдээллийг байгаагаар нь хүлээж авдаг масс илүү итгэнэ. Харин намайг хамгийн сайн ойлгох, мэдэх хүмүүс бол төмөр замын салбарынхан. Би 30 жил энэ салбарт ажилласан хүн шүү дээ. Өнгөрсөн хугацаанд миний барьж ирсэн зарчмыг бүгд мэднэ. Тиймээс унаган хамт олон бол намайг юу юугүй ийм асуудал гаргахгүй гэдгийг нэлээд сайн гадарлаж байгаа. Нөгөө талаар би бол ханцуйдаа залбирч явдаг, буддын шашинтай гэдгээ хаана ч нуудаггүй. Буддын шашны гол зорилго нь хүн амар амгалан байхын асуудал. Ингэхийн тулд хүнд ямар нэгэн хэмжээгээр бодь сэтгэл төрж байх ёстой. Ихэнх хүмүүс миний тухай худал мэдээлэл цацагдахад түүнд итгэж ална, тална гэдэг байх. Харин миний баримталдаг зарчим бол мэдээлж байгаа шиг биш. Тэгэхээр өөрийнхөө барьдаг зарчимдаа итгэл төгс явах юм шүү гэж. Тиймээс би нэлээд олон асуудалд дуугүй өнгөрөөх тал байдаг.
-Та бол төмөр замын салбарт насаараа ажилласан хүн. Удирдах албан тушаал ч хашиж байсан. Энэ салбар асар их мөнгөний уурхай болчихсон газар уу. Хурган даргын гэрээс 7.3 тэрбум төгрөг гарч ирлээ шүү дээ?
-Чойроос нэг хэсэг нүүрс их ачигдсан даа. Одоо ч бас ачигдаж л байгаа юм билээ. Үүнтэй холбоотой хээл хахуулийн асуудал нэлээд газар авчээ гэж харсан. Тухайн үед ганц нэг улс иймэрхүү зүйлийн талаар ярьж эхлэхэд би төмөр замын удирдлагуудыг дуудаж байгаад анхааруулж байсан. “Ийм асуудал дуулдаж байна шүү, дотоод хяналтаа сайн ажиллуулаарай. Шаардлагатай гэвэл цагдаагийн байгууллагад хандаарай. Бүр шаардлагатай гэвэл АТГ-т хандаарай” гэдэг асуудлыг нэг бус удаа хэлж байсан.
-О.Цогтгэрэл, Ц.Бат нарын бичилцсэнээс харахад таныг чингэлгийн тээврээс босгосон мөнгөө С.Батдөлд хадгалуулсан гэсэн байна лээ. Цар тахлын үед таныг өөрийн хамаарал бүхий компанидаа давуу байдал олгохын тулд чингэлэг тээвэр зохион байгууллаа гэдэг хэл ам тасардаггүй байсан?
-Дахин хэлье. Нэгдүгээрт, надад С.Батдөл гэдэг залуутай холбогдох буюу холбоотой өчүүхэн ч юм алга. Хоёрдугаарт, тэдний хардаад байгаа чингэлгийн тээврээс авлига авсан зүйл огтхон ч байхгүй. Монголчууд юмыг амархан мартах юм даа. Ковидын хоёр жилд ямар хүнд нөхцөлд байсан билээ дээ. Хэдэн галт тэрэг л хоёр улсын хил рүү орж гардаг. Хааяа онгоц нисдэг байлаа. Автозам, боомт бүх юм нь хаалттай байсан дүр зураг ганцхан Монголд биш, дэлхий дахинд нүүрлэсэн. Тэр үед хүний харилцаа үүсгэхгүйгээр тээвэр яаж явуулах вэ гэдэг дээр ГХЯ, Бээжин дэх манай ЭСЯ, Эрээн, Хөххотод байгаа Консулын газраар дамжуулаад Хятадын талын тавьсан саналын дагуу дундын бүсэд талбай байгуулсан. Үдээс өмнө хятадууд чингэлгээ оруулж ирээд ариутгачихаад бүгд буцаад гараад явчихна. Тэгэнгүүт Монголын тал нь чингэлгээ татаж аваад ариутгал хийгээд гараад явна. Манайх хоосон чингэлгээ буулгангуут маргааш нь хятадууд ачаатай чингэлгээ буулгачихаад ариутгал халдваргүйжүүлэлт хийчихээд хоосныгоо аваад гараад явдаг. Хятадын талаас ийм байдлаар чингэлэг тээвэр явуулна гэсэн шаардлага тавьсны улмаас бид энэ асуудлыг Засгийн газар дээр нэлээд ярьж байж шийдсэн. Л.Халтар гэдэг хүн ганцаараа ярьсан шийдэл биш. Тухайн үед Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүртэл “Хэдийгээр хязгаарлагдмал ч гэсэн бид чингэлгийн тээвэр нээхээр боллоо” гэж мэдээлж байсан. Тэгээд ч Хятадын тал нь чингэлгээр явуулна гээд байхад бид үгүй заавал задгай машин явуулна гэж яаж зөрөх вэ дээ. Манайд ч нөхцөл байдал сайхан болчихоогүй байсан үе.Тэр дундаа Замын-Үүдэд ковидын тархалт хүндрэлтэй байсан. Тэнд БНХАУ-ын Консулын газар байдаг болохоор өдөр шөнөгүй нөхцөл байдлын талаар харж, мэдээлэл авч байгаа нь ойлгомжтой. Тэр үед Замын-Үүдийн тээвэр хийдэг жолооч нар дундын бүсээс Бүс нутгийн логистикийн төв хүртэл найм есөн км тээвэрлээд гаалийн бүрдүүлэлт хийдэг байв. Тэр хоорондын жолооч нарын тээвэр дээр замбараагүй үнэ гарч ирсэн. Манай жолооч нар бараг л найман саяас буудаггүй байв. Аргаа бараад бид сүүлдээ онцгой байдлынхантай ярилцаад хэдэн машин аваад жолооч нарыг нь тэнд байршуулж ажилладаг байсан. Ингэснээр дундын бүсээс Бүс нутгийн логистикийн төв хүртэл найман сая биш, 500 мянган төгрөгөөр ачаа тээвэрлэдэг болсон. Энэ хөрөнгийг нь Засгийн газар гаргаж байлаа шүү дээ. Тэгэхээр миний машин, компани гэж ямар юм байхав. Тухайн үед надаас энэ тухай асууж байсан сурвалжлагчдад би хэлж байсан. “Надад ачаа тээвэрлэдэг машин битгий хэл портертой хамаатан садан ч байна уу даа” гэж.
-Ингэхэд Б.Цогтгэрэл та хоёрын дунд ямар асуудал үүссэн юм бэ?
-Би Б.Цогтгэрэлээс 2018 онд ажлыг нь хүлээж авсан. Өөрөөр би тэр хүнд хийчихсэн муу зүйл ердөө ч байхгүй. Б.Цогтгэрэл гэдэг хүний өмнө гаргасан асуудлууд худлаа биш үнэн. Тэр нь өөр зорилготой байсан. Цаана нь ч ямар хүмүүсийн захиалга явдгийг би ерөнхийд нь гадарлаж байгаа. Тэрийг энэ удаа би хэлэхгүй өнгөрөөе.
-Тантай байнга холбогддог бас нэг асуудал бол нөгөө үйлийн үртэй Дарханы зам байна. Энэ жилдээ багтаж ашиглалтад орж амжих уу?
-Заримдаа хүнд үед “Ямар үйлийн үрээр би энэ замтай холбогдчихов оо” гэж үнэхээр бодогддог шүү. Дарханы замын ажил 2019 онд эхэлсэн. Мордохын хазгай гэдэг шиг эхнээсээ жаахан будлиантай. Тооцоололгүй явчихсан гэж хардаг. Тухайн үед би Налайхын зам дээр өдөр шөнөгүй зогсч байлаа. Гуравдугаар сард нь Ерөнхий сайд дуудаад энд ажлын хэсэг гарга гэсэн. Би тэр үед Зам, тээврийн хөгжлийн дэд сайд байсан. Аж ахуйн албанд олон жил болсон надаас ажлын туршлага харсан уу яасан энэ замыг арванэгдүгээр сар гэхэд дуусга гэсэн үүрэг өгөв. Миний хувьд 2019 оны дөрөвдүгээр сарын эхээс арваннэгдүгээр сар хүртэл амралт, баярын өдрүүдийг мэдэлгүй Налайхын замд зогссоор нэг мэдэхэд хавар, зун, намар болсон доо. Тиймээс Дарханы зам руу анхаарч чадаагүй. Тэгээд ч дээрээ сайдтай байсан хүн шүү дээ. Тухайн үед болчихно гэдэг бодлоор буруу технологиор явчихсан болов уу. Тэнд ажиллаж байсан компаниуд хариуцлагагүй ажилласан. Ялангуяа хоёр, дөрөвдүгээр багцийг сүүлд би Засгийн газрын гишүүн болоод гэрээг нь цуцалж, дахин сонгон шалгаруулалт зарлаад явсан шүү дээ. Одоо нэг үеэ бодвол амсхийгээд авсан. Ноднин аравдугаар сарын 30 гэхэд үндсэндээ иргэдээ шороогоор явуулахгүй хэмжээний болсон. Дарханы зам хийцийн хувьд хүндхэн. Монголд анх удаа аймгийн төвийг нийслэлтэй холбосон зам. Дөрвөн эгнээ, хийцийн хувьд урт зам учраас амаргүй. Хүмүүс 200-хан км зам барих гэж ямар их уддаг юм бэ гэж шүүмжилдэг. Нарийн яривал 408 км зам гэсэн үг. Жирийн орон нутагт тавьдаг замаас гурав дахин илүү хийцтэй. Орон нутагт тавьж байгаа замууд бол бутлуур чулуун суурь тавиад хучиж байгаа. Харин Дарханы зам бол 20 см-ийн зузаантай гурван үеийн цементээр тавьж индүүдээд нягтыг нь гаргана. Дахиад буталмал чулуун суурь зуурмагийн үйлдвэрт зуурч авчирч асгаж асфальт дэвсэж байгаа юм шиг 20 см-ийн зузаантай явуулна. Тэрийгээ индүүдээд дараа нь суурь хучилт, өнгө хучилт тус бүр тав, таван см тавина. Бүр нарийн тооцоод үзэх юм бол орон нутагт тавигддаг 1200 орчим км замын ажил хийгдэж байгаа. Үүнийг мэргэжлийн хүмүүс л ойлгоно. Бид ярьж байгаад дөрөвдүгээр сарын 15-наас талбайд ажиллах ёстой бүх хүнээ гаргачихсан. Ноднингийн хувьд нэлээд бороо хуртай байсан. Энэ жил бас тиймэрхүү янзтай байна. Хавар үе, үе цас орж ажил зогслоо. Сая нэлээд бороо орлоо. Зуны эхэн сарын бороо хөдөө аж ахуй газар тариаланд шар тос байдаг бол замынханд эсрэгээрээ байдаг. Бороо орж ажил зогсоно. Бороо намдсаны дараа норсон талбайгаа сэврээд эвэршүүлнэ гээд өдөр алдаж байх жишээтэй. Одоогийн байдлаар ажлын эрч дажгүй явж байна. Ямартай ч арваннэгдүгээр сар гэхэд дөрвөн урсгалаа хатуу хучилттайгаар нээнэ дээ гэсэн өөдрөг бодолтой байна.
-Дарханы зам ард түмний тэвчээрийг тасартал хүлээлгэж байна. Ингээд удаад байхаар төсөв зардал өсөхөөс эхлээд хүндрэл үүсч байна уу?
-Ямар ч байсан энэ жил шилийг нь үзчих санаатай зүтгээд л байна. Ирэх долоо хоногоос би өөрөө талбай дээр, Баруун хараад байрлаад хоёр тийшээ яваад ажиллана даа. Энэ жил цаг шахуу, нэлээд хүнд ажлууд үлдсэн. Эхний суурь хучилт таван см аа бүгдийг хучиж дуусгана. Дахиад өнгө хучилт таван см-д асуудал гарч ирж байна. Зарим хэсэгт өөр төрлийн битум хийгдэнэ. Нөгөөхийг нь ОХУ-д хийхдээ үйлдвэрээ зогсоож, зохих шугамаа сольдог гээд хүндрэл тоочоод байвал зөндөө байна.
Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкны санхүүжилттэй учраас юу юугүй мөнгө нь төсвийнх шиг дуусчихлаа гээд гацаж сандаргаад байх юмгүй. Нэг хэцүү юм нь олон улсын банк санхүүгийн байгууллагаас санхүүжиж байгаа болохоор шат дамжлага ихтэй юм. Олон төрлийн хяналтууд байна. Европын сэргээн босголтын банкны хувьд анх удаа Монголд хэрэгжүүлж байгаа дэд бүтцийн төсөл. Тиймээс европт ямар стандартаар зам барьж тавьдаг уу, ажиллаж байгаа хүмүүс нь яаж амьдардаг уу гээд тэр бүх шаардлагыг тавьдаг. Кэмп бариад ирэхээр бие засдаг газар, усанд ордог газар хаана байна гээд мөнгөө өгч байгаа газар шаардана. Манайх кэмп гэхээр хэдэн гэр л барина шүү дээ. Нэгэнт цаад тал шаардаж байгаа учраас гүйцэтгэгч биелүүлэхийн төлөө л хичээж байна. Аль юм болгон зовлон тоочоод байхав. Бид зүтгэж л байна.
-Боомтын сэргэлтийн хүрээнд автозамын нэлээд олон ажлууд хийгдэхээр харагдаж байсан. Ажил нь ямархуу байгаа вэ?
-Монгол Улсын Засгийн газраас баталсан Боомтын сэргэлт гээд том ажил өрнөж байна. Энд манайхны гол ажил бол хилийн боомтуудыг төмөр зам, автозамаар холбох асуудлууд байгаа. Энэ ажлууд аятайхан явж байна. Баян-Өлгийн Цагаан нуур буюу Улаанбайшинт боомтоос Ховдын Булган хүртэл баруун хэсэгт байгаа олон улсын транзит зам ноднин хучилтаа хийж дуусгасан. Зэлтэрийн боомт Шаамараас салаад энэ жил ашиглалтад орчихно. Концессоор хэрэгжээд явж байгаа. Зүүн тийшээ Ульханы боомтын ажил ирэх жил гэхэд дуусчих болов уу. Дөрвөн багц ажил өнгөрсөн жил эхэлсэн, нэлээд сайн явж байгаа. Мөн Чойбалсан-Хавиргын боомтын 124 км замыг хатуу хучилттай болгох ажлын тендер Төрийн худалдан авах ажиллагааны газарт зарлагдсан. Одоогийн байдлаар нэг багцийн гүйцэтгэгч шалгарчихсан. Гурав нь хэл амтай, маргаан гарсан юм шиг байна лээ. Сүхбаатар аймгийн төвөөс Бичигтийн боомт хүртэл концессын зам бий. Одоогоор хараахан зарлагдаагүй байна. Таван толгойгоос Хангимандал чиглэлийн 76 км автозамын концессын ажил ирэх жилийн өдийд бараг хонх дуугарчих болов уу. Дээрээс нь Таван толгой-Цагаан дэл уулын чиглэлийн концессын зам байна. Орон нутагт жаахан маргаантай байгаа юм билээ. Тэрнээс концесс эзэмшигч нь барихад бэлэн гэдэг зүйл яригдаж байна. Үндсэндээ гол гол боомтууд маань хатуу хучилтаар холбогдоод болчихно.
-Төсөвт орсон орон нутгийн хэд хэдэн хэл амтай замууд хэзээ дуусах вэ?
-Энэ жил замуудад их засварын ажлууд нэлээд явагдаж байна. Ялангуяа Өвөрхангай аймгийн Хүйтний хөндийн 57.5 км энэ жил бүрэн дуусна. Бас л хэл амтай зам байсан. Өнгөрсөн жил гүйцэтгэгчтэй нь ажлын талбай дээр нэлээд хатуухан яриа өрнүүлсэн. Тэд амласан ёсоороо өнгөрсөн жил замаа тавиад дууссан. Одоо жижиг ажлууд нь үлдсэн. Мөн Дорнодын иргэдийг бухимдуулдаг “тамын” 50 км гэж зам бий. Энэ жил их засвар нь явагдана. Багануураас цааш Хэнтий чиглэлд замууд нэлээд эвдэрсэн. Их засварууд хийгдэнэ. Дундговь-Төв-Улаанбаатар хоорондын эвдрэлтэй замуудад их засвар орчихно. Ингээд ерөнхийдөө замын ажлууд аятай болоод явчихна.
-Төмөр замын хувьд ямар бүтээн байгуулалтууд өрнүүлэх вэ?
-Сая Таван толгойгоос Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа улсын комисст авчихлаа. Таван толгойгоос Зүүнбаян чиглэлийн 416 км зам тун удахгүй улсын комисс хүлээгээд авчих болов уу. Гэрэлтүүлэг, холбооны ажлууд үлдсэн. Бусад нь бэлэн болчихсон. Энэ жил сайн шахаад санхүүжилт нь саатахгүй бол улсын наадмынхаа өмнө энэ төмөр замынхаа хонхыг дуугаргана даа. Өнөө жилдээ багтаад зүүн босоо чиглэлийн төмөр зам явчих байх. Энэ бол хамгийн өндөр үр ашигтай төсөл. Бас концессоор явуулна. Эзэмшигч компани тодорч байгаа байх. Газрын байршлын хувьд тал хээрийн бүс учраас таатай нөхцөлтэй.
-Мухар төмөр зам тавьчихлаа гэсэн шүүмж бий. Бид урд хөрш рүү олон гарцтай болж байж эдийн засгаа тэлнэ. Тэгэхээр хоёр дахь Замын-Үүд хэдийгээр нээгдэх вэ?
-Хэрэв бид Хятадын талтай хэзээ үүнийгээ тохироод хийх вэ гээд харж суусан бол Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян, Зүүнбаян-Хангимандал чиглэлийн төмөр замуудын аль нь ч байхгүй. Одоо энэ замуудаар тээвэр хийж байгаа. Тавантолгойгоос Гашуунсухайт, Зүүнбаян, Хангимандал чиглэл рүү галт тэрэг явж байна. Ер нь зүүн босоо чиглэлийн Бичигт-Зүүнхатавч-Хангимандал-Гашуунсухайт-Ганцмод-Шивээхүрэн-Сэхэ гэсэн дөрвөн төмөр замын хувьд хятадуудад асуудлаа тавьчихсан. Өндөр дээд хэмжээний айлчлалын үед санамж бичгээ байгуулаад үзэглэх болов уу гэсэн хүлээлттэй байна. 1956 оны нэгдүгээр сарын 3-нд Замын-Үүд-Эрээний галт тэрэгний хөдөлгөөн нээгдсэн түүхтэй. Үүнээс хойш 77 жилийн дараа дараагийн гарцууд нээгдэж эхлэх гэж байна. Ялангуяа Ганцмод-Гашуунсухайт чиглэл дээр Хятадын талынхантай санамж бичиг байгуулаад ТЭЗҮ боловсруулах ажил руугаа орчихсон явж байгаа. Хангимандал-Бичигт-Зүүнхатавч, Шивээхүрэн Сэхэ чиглэл дээр манай талаас Хятад руу явчихсан. Хил холболтын цэгүүдээ тохирчихсон. Одоо 1955 оныхоо Монгол Хятадын Засгийн газар хоорондын төмөр замын тухай хэлэлцээртээ дээрх дөрвөн гарцаа нэмээд өгчихвөл хүмүүсийн шүүмжилдэг мухар зам гэдгээсээ гараад явчихна гэсэн үг.