ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС… 2013 ОНД ШИЛИЙН ГОЛООС ХИЙСЭН СУРВАЛЖЛАГЫГ ДАХИН НИЙТЭЛЖ БАЙНА.
-ШИЛИЙН ГОЛД ХИЙСЭН СУРВАЛЖЛАГА-
Өмнөд Монголын нутагт сайхан зун
болж байна. Нар, хур тэгшрээд таана, хөмүүл төө хэртэй ургажээ. Хавар эрт ногоондоо
цадсан мал сүрэг ногоон хөндийгөөр багширалдана. Мөн төв замаас холгүйхэн уулын
энгэрт бөмбийсөн цагаан гэрүүд ярайх ажээ.
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймаг руу томилолтоор явж байгаа нь энэ. Шилийн
голынхон зуны дэлгэр цагийн яг өдийд наадмаа хийж байгаа гэх сураг дуулаад хилийн
дээс алхаж, тэнд амьдарч буй Өмнөд монголчуудын аж амьдрал хэрхэн өрнөж байгааг
сурвалжлах зорилготой яваа. Эрээн хотоос чанх зүүн тийш засмал замаар туушиндуулж
өглөө. Өглөө эрт гарсан болоод ч тэр үү замд тааралдах мөөгний хүрээ шиг цагаан
гэрүүдийн яндангаар цагаан утаа дээш олгойдох ажээ. Хилийн зурвас дундуур нь татчихсан
болохоос биш энд Монголын нэгэн үндэстний үр сад аж төрж байгаа. Шилийн гол руу
хамт яваа жолооч Өмнөд монгол гарвалтай. Сүүлийн үеийн зохиолын дуучдын дуунууд
бүхий хуурцаг хөгжимдөө тавьчихсан, түүнийгээ дагаж чанга чанга дуулаад л давхиад
байх. Зам гэж толь, 140-160 километр цагийн хурдтайгаар давхив. Жолооч залуу
“Энэ зун Монголдоо очиж наадам үзэх санаатай. Наадмын гоё сайхныг тэнд очоод л
мэдрэх юм. Өнгөрсөн зун наадам үзсэн. Уяач нар нь морио үнэн сайхан уяна. Манайхан
тэгж уяж чадахгүй л байгаа юм” хэмээн яриа өдөх ажээ. Цаг гаруйхан давхиад Шилийн
гол аймгийн Сөнөт хошуун дээр очлоо. Энд хятад үндэстнүүд шавар дагзанд амьдарч
байсныг илтгэх хуучин суурин зурайна. Нэг хэвэнд цутгачихсан юм шиг улаан шавраар
өнгөлсөн жижигхэн цонхтой жижиг байшингууд ярайна. Хажууханд нь цэлийсэн том цонхтой
сүүлийн үеийн загварын өндөр барилгууд Сөнөт хошууны өнгө үзэмжийг чимэх ажээ.
Энд өмнөд монгол хүн олон бий. Үүнийг илтгэх
зүйл нь хаяг самбаруудын ихэнх нь монгол бичгээр зурайтал бичсэн байгаагаас
мэдэгдэх юм. Бүр Сүхбаатар, Дорнод аймгийн урд сумдаар явж байхад нутгийн иргэд
өмсчихсөн байдаг дээл өмссөн хөгшид гадаа нарлан сууж байх юм.
Сөнөт хошууныхан гялтганасан сортой
хар адуугаараа алдартай. Хар адууны үр удам энэ хавьдаа зартай хурдан байдаг юм
гэсэн. Сөнөт хошуунд амьдарч буй барга үндэстэн монголчуудын ихэнх нь малчин.
Хошууныхаа засаг захиргаа, сургууль цэцэрлэгт нэг хэсэг нь ажиллаж амьдарч байна.
Мөн Эрээнд таксинд явж амьдралаа болгодог залуус ч олон бий.
Сөнөт хошуунд амсхийгээд цааш давхилаа.
Энэ хошуутай залгаа Авга хошуу бий. Тус хошууныхан саяхан том тахилга хийсэн сураг
дуулдана. Авга хошууныхан Бэлгүтэйн тахилга гэж нөсөр том тахилга хийж, морь уралдуулж,
бөх барилдуулсан гэнэ. Түрүүлсэн адуунд арван бог, гурван бодоор байлсан гэнэ. Мөн
түрүүлсэн бөхөд хэдэн түмэн зоос өгсөн гэх мэдээлэл байна. Авга хошууныхан Алтан
ургынхан хэмээн өөрсдийгөө ярьдаг юм билээ. Бүр Чингис хааны дүү Бэлгүтэйн үр удам
хэмээн түүх ярина. Бас энэ хошуунаас олон бөх төрсөн байдаг юм билээ. Ойр хавийн
наадмуудаа Авга хошууны бөхчүүд хуваагаад авчихдаг гэсэн. Сүүлийн үед Заяа гэх
бөх сайн барилдаж байгаа гэсэн. Тус хошууныхан Төв аймгийн Баянцагааны илүү нугаламт
хонь шиг данхан сүүлтэй хонин сүрэгтэй аж. Өвс нь шимтэй байдаг учир намар эндээс
хонь худалдаж авах юм бол цавцайсан цагаан өөхтэй мах иднэ гэсэн үг. Хангай газраас
ирсэн хүн энд ирээд хонины мах идвэл хурцддаг тухай нутгийнхан ярьж байв.
Ийн өглөө эрт гарсан бид Шилийн гол
аймгийн Шилийн хотод бага үдийн алдад очлоо. Тэртээ харагдах талд өндөр барилгууд
сүндэрлэн харагдах ажээ. Шилийн хот руу ойртох тусам зам нь өргөсч дөрвөн эгнээ
болох аж. Замын тэмдэглэл тод шар өнгөтэй машинууд нь хурдлан давхих нь сүртэй.
Хотын баруун захаас орох ажээ. Замд тааралдах арав гаруй давхар өндөр барилга Шилийн
гол хотын Булган сумын Засаг захиргааны барилга гэнэ. Өмнөд монголчууд ажилладаг
газар. Хотын төв хүрэлгүй хойш эргэсэн замаар давхисаар Булган сумын малчдын амьдарч
буй Булган хороололд ирлээ. Том хашаанд зургаан давхар орон сууц олныг босгожээ.
Энэ орон сууцны хороолол мөн л өмнөд монголчууд амьдардаг газар гэнэ. Хүүхдийн
цэцэрлэгт хүрээлэнд хүүхдүүд тоглоод, хөгшчүүл хэд хэдээрээ нарлан сууж ажээ. Эндээс
баруун тийш давхисаар Баяннуурын гацаа орно. Хотын төвөөс 30 гаруй километрийн
зайд Дунгарынх гэх айл зусч байгаа юм. Тэнд шууд очих ёстой. Ингээд Шилийн хот оролгүй
баруун тийш салсан замаар давхисаар Баяннуурын гацаа орлоо. Тэртээ урд харагдах
уулыг Баянцогт хэмээн нэрлэдэг юм байна. Баянцогт уулын хойд хөндийд мэлтэлзэх
нуурыг Баяннуур гэдэг ажээ. Энэ нуурын хойд энгэр дээр Дунгар гуайнх олон жил болж
байгаа. Түүний эхнэр Ринчмаа энд мэдээ орсон цагаасаа нутаглаж ирсэн. Дунгар гуайн
гэрийн ойролцоо ирэхэд хоёр хар нохой араа шүдээ арзалзуулан ирж машин боргоод
явуулахгүй хорих аж. Гэрийн гадаа морины уяан дээр наадамд уяж байгаа бололтой
гэдсээ татаж хөнгөрсөн морьд уяатай байгаа харагдана. Хашаан дотор зээглэсэн эсгийтэй
гурван гэр байх. Мөн эхээс төрөөд удаагүй бололтой улаан хээр унага хүний бараанаар
тосч ирээд л гар даган шогших ажээ. Гэрийн хойд талын энгэрээр хонин сүрэг таран
идээшилж, морьтой залуу хонины хошууг эргүүлэн залж явна. Нас тогтсон махлаг бор
эмэгтэй гарч ирэн нохой хорьж өгсөн нь гэрийн эзэгтэй Ринчмаа байв. Гэрт оруут идээ,
цай болж “Дээшээ суу” хэмээн зочлох ажээ. Тэд “Танай нутгаар бороо хэр орсон. Зуншлага
сайхан байна уу. Наадам болох гээд айлууд морио уяж байгаа биз дээ” гээд мэнд мэдэлцлээ.
Сумынхаа хөдөөний айлд сууж байгаа юм шиг сэтгэгдэл төрөх юм. Биднийг ирэхэд тосч
ирээд байсан хээр унага гэрт орж ирээд гэрийн эзэд “хаая, хүүе” болоод гэрээс гаргалаа.
Хавар адуунаасаа сарничихсан гэрийнх нь ойролцоо гүйж явсан гэнэ. Эзнийг нь хайсан
боловч олдоогүй учир угж хөхүүлж, мал болгох гээд нэлээд эрхлүүлж байгаа нь энэ
аж.
Гэрийн эзэгтэй улаан хүрэн цай өтгөн
аягалаж өгөв. Тэд цай чанахдаа идээг нь их хийгээд богширтол нь буцалгаж, дээрээс
нь сүлсэн ч улаан хүрэн байх бөгөөд үүнийгээ уухгүй л бол цай уусан болохгүй толгой
нь өвддөг гэнэ. Ар монголчуудынхаар бол сүү амтагдсан сайхан цай нь юмдаг уу даа.
Мөн шуудайтай борц байшингаасаа оруулж ирэн алхаар түншиж, салбайлгаад “Борцтой
хоол хийж өгнө өө. Өвгөн маргааш шинэ шөл уулгах юм гэсэн” хэмээн ярьсаар хоолоо
бэлдэх ажээ. Гэрийн хойморт хуучны бор авдар байх. Мөн боронзоор эрээлсэн улаан
хүрэн модон ор, гэрийн баруун хатавчинд эмээл тавьчихсан хазаар, ногт, чөдөр ханын
толгойноос өлгөөтэй юм. Бүх л зүйлс хөдөөний малчин айл шиг. Хажууханд өнгөрөх цахилгаан
шонгоос цахилгаан татчихжээ. Телевизээр нь Монголын үндэсний олон нийтийн телевизийн
суваг гарч байв. Хоёр нүдний дуран, хулсан хусуур зэрэг зүйлс унинд өлгөөтэй. Гэрийн
эзэн хоймортоо суучихаад хятад янжуур татаад суугаад байх тэгснээ “Би хэдэн морь
уяж байгаа. Олигтой давхихгүй юм. Нөгөөдөр Хамар усны их наадам болно. Түүнд давхиулах
санаа байна. Манай хүү, бэр хоёр унаж байгаа” хэмээн яриа өдөх ажээ. Гэрийн эзэнтэй
хамт хоол болохоос өмнө уяан дээр очлоо.
Дунгар гуайн хүргэн Арслангийнх энэ зун айл зусч байгаа юм байна. Залуухан хосууд
дөрвөн ханатай гэрт аж төрдөг юм байна. Уяан дээр байгаа морьд бүгд хурдан шинж
агуулсан, цэвэрхэн хийцтэй юм. Монголын уяач нар эндээс сүүлийн үед адуу авчирдаг
болоод байгаа учир нь эндхийн барга адуу гүйцэгдэхгүй хурдан байдагтай холбоотой
тухай бид ярьж явав.
Очсон айлынх 600 гаруй богтой, 40 гаруй үхэртэй, 400 гаруй адуутай юм байна.
Энэ жил төл алдалгүй авсан тул 20 гаруй үнээ сааж, зуу гаруй гүү унагалжээ. Долоон
сарын дунд үеэс гүүгээ барих юм байх. Тэр үед айраг гарч нутгийнхан цуглардаг байна.
Тэд айргийг цэгээ хэмээн нэрлэх аж. “Намрын цэгээ ч хар тос унаад мөн ч сайхан шүү”
гээд л ярих. Мөн үнээгээ саагаад, сүүгээ хөөрүүлж, өрөм загсааж, тараг бүрээд тогоо
нэрж, шимийн архи гаргаж, аарцаар нь ааруул тавиад л цагаан идээгээ худалдаалдаг
байна.
Гэрийн эзэгтэй бидэнд хоол цай бэлдэж
өгөөд үнээндээ гарсан юм. Нар баруун уулын шилээр орж амжаагүй байхад дэлэнгээ
дааж явсан үнээнүүд эхнээсээ ирсэн юм. Хуванцар хувингаар дүүрэн сүү сааж зэлэн
дээрээ тавьсан том саванд юүлэх юм. Таана, хөмүүл, шувуун хөл зэрэг шимтэй өвс
ургадаг болохоор үнээний сүү их өтгөн аж. Гэрийн эзэгтэй “Сүүлийн жилүүдэд үхэр
сааж өгөх хүнгүй болчихоод үнээнүүдээ олигтой ч сааж хүчрэхгүй дэлэнг нь султгаад
л тугалд нь өгч байна. Тугал нь гэж бяруу шиг том болчихоод хүчирч дийлэхгүй хэцүүдэж
байна өө” хэмээн ярив. Сүүлийн жилүүдэд Өмнөд монголын залуус сургуулийн мөр хөөгөөд
малчид гэж хэдэн хөгшчүүл үлдээд байгаа гэнэ. Үүнээс үүдэн мал хариулдаг хүн цөөрөөд
байгаа аж. Ийнхүү орой болж мал хотлов. Одод ярайтал түгсэн тэнгэрт бүртийх ч үүлгүй
цэлмэг. Тэнгэрийн заадас тодоос тод. Ногоондоо цадаж махалсан хонь, ямаа тэрийгээд
хэвтчихсэн яраглаад, үхэр зэлнээс холдуухан хэвтчихсэн хэвэх нь тодхон. Мөн нохой чимээ авсан бололтой
“хөв хөв” хуцах, Монголын хөдөө гэдэг энэ. Гэвч энүүхэн хойгуур хятадын хил зурайн
байгаа.
Э.ХҮРЭЛБААТАР