Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Тэмүүжин: Үндсэн хуулийн хулгайч гэж түүхэнд нэрээ үлдээх гээгүй бол Цэцийн гишүүд давхар дээлийн маргааныг буцаах байлгүй дээ

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.


-Давхар дээлийг тайлах тухай асуудлыг удаан ярьж байж сая нэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хязгаартай оруулж ирсэн. Гэтэл буцаад болохоо байчихлаа. Бүр давхар дээлийг эсэргүүцэж байсан гишүүд “Давхар дээл хэрэгтэй юм байна” гээд явж байгаа энэ процессыг та юу гэж харж байна вэ?

-Давхар, дан дээлийн маргаан юунаас эхтэй байсныг эхлээд харах ёстой. Усны эхийг биш урсгалын төгсгөлийг, тунаж тогтсон үлдэгдлийг нь яриад эхэлбэл ул суурьтай яриа болж чадахгүй.

Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиар парламентын засаглал бүхий улс төрийн байгуулал сонгосон хэдий ч ард түмний төлөөллийг цөөхөн, УИХ-ыг давжаа, шийдвэр гаргалтанд нэг гишүүний дарах жин өндөр байдлаар хуульчилсан. Дээр нь УИХ-ын нөлөө бүхий 15, 16 гишүүн Засгийн газарт давхар ажиллахад УИХ нь Засгийн газраа хянах чадваргүй, Засгийн газар нь УИХ-ынхаа толгой дээр гараад суучих байдал ажиглагдаж эхэлсэн. УИХ Засгийн газрын хуулийн хэлтэс шиг, Засгийн газрыг юу хийнэ, юу хүснэ түүнийг нь баталж өгдөг. Эргээд Засгийн газар УИХ-ын гишүүдийг төсвөөр авлигадаж байдаг буруу зүйл бараг албан ёсны тогтолцоо шахуу юм болж хувирсан.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн харилцан хяналт тэнцэлтэй байх эрх мэдэл хуваарилалтын зарчим бодит байдал дээр үгүй болсон гэсэн үг л дээ. Эндээс гарах хоёр зам байсан. Нэг нь парламентынхаа давжаа байдлыг засч гишүүдийн тоог нэмэх, нөгөө нь Засгийн газарт давхар ажил эрхлэх УИХ-ын гишүүдийн тоог хязгаарлах.

Харамсалтай нь улстөрчид, тэр дундаа 2012-2016 онд УИХ-д байсан МАН-ынхан өрсөлдөгчийнхөө Засгийн газрыг унагах шалтаг болгож “Давхар дээл байх ёсгүй, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсарч хийхээ больё” гэж улс төр хийж, хэт пи-ардсан. Сүхбаатарын талбай дээр дээл өмсөөд жагсаж хүртэл сүржигнээд, бүр өөрсдийнхөө тэмцлийн уриа болгосон шүү дээ. Тэрэндээ өөрсдөө ороогдоод явж өгсөн л дөө.

-Тэгвэл таныхаар давхар дээлтэй байх нь хэр зохистой юм бэ?

-Хууль зүйн шинжлэх ухаанд давхар дээл гэдэг ойлголт байхгүй. Уран цэцэн ярьдаг улстөрчийн л үг байх. Монгол Улс парламентын засаглалтай юм бол давхар дээл гэж шоудаж байхаар парламентаа чадавхжуулах, давжаа байдлаас нь гаргах, Засгийн газрыг сонирхлын зөрчилгүй хянаж, мэргэжлийн түвшинд хууль тогтоох тал руу нь алхуулж хөгжүүлэх ёстой. Монголын парламент сул, давжаа байвал хоёр том хөршийн болон тэдний гадна байгаа янз бүрийн зөрчлийн шахалт хүндэрч, тэр сул жижиг цэг дээр илүү жинтэй л дарна.

АН энэ бүгдийг тооцож 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр пропорциональ сонгуулийн тогтолцоо оруулж ирэх, парламентын давжаа байдлыг засах санал тавьж байсан. Харамсалтай нь саналыг үл хэрэгсээд, өөрсдөө бараг л хамгийн ариун гэгээн, үнэн зөв шийдвэр гаргачихлаа гэж зарлаж байгаад өнөөдрийн өөрчлөлтийг оруулсан. Тэр хүмүүс нь өнөөдөр буцаад давхар дээлээ өмсөхгүй бол болохгүй байна. Засгийн газар чадавхгүй, сул дорой байна гэж байгаа харагдана лээ. Засгийн газрын энэ гишүүд эрх барьж буй намын өөрсдийнх нь байж байгаа царай, олж томилсон боловсон хүчнийх нь нөөц шүү дээ. Монголын ард түмний асуудал биш, МАН-ын өөрсдийнх нь дотроо багталцахгүй шахцалдаж, эрх мэдлээ булаацалдаж байгаа, би биш бол чи биш гэсэн тамын тогооны үлгэрийн л нэг эмгэнэлт хувилбар.

Ичсэн хүн хүн ална гэгчээр өөрсдийн хийснээ буцаах аргаа олж ядаад хүний гараар могой бариулах санаатай Цэцэд мэдээлэл гаргаж байгаад шийдчих гээд амьдаад яваа харагдана. Могой баригчаар “тендер зарлаж” байгаад аль нэг намын мөнгөнд дуртай, гар хөлийн үзүүрт зарагдчих авлигачдыг худалдаж аваад гүйлгэчихлээ.


-Цэц гомдлыг хүлээж аваад маргаан үүсгэхээр болчихсон нь асуудлыг улам хурцдуулчих шиг боллоо, тийм үү?

-Үндсэн хуулийн Цэцээс сонин ааш аяг цөөнгүй гарч байгаа. Тухайлбал, Үндсэн хуулин дээр маш тодорхой заагаад, цагаан дээр хараар биччихсэн байгаа. Иргэний үндсэн эрхийг шууд үйлчилдэг эрх зүй гэдэг утгаар нь хамгаалаад хэрэгжилтэд нь хяналт тавиад өгөөч ээ гэхээр “Энэ бол Цэцийн хяналтын обьектод байхгүй, манай Цэцэд энэ эрх мэдлийг Үндсэн хуулиар олгоогүй байна” гэх мэт юм ярьдаг.

Тэгсэн атлаа Үндсэн хуулин дээр огт байхгүй, Үндсэн хуулийн Цэцийн бүрэн эрхэд шилжүүлж өгөөгүй асуудлаар гомдлыг хээв нэг хүлээгээд авчихаж байна. Улс төрийн үүрэг даалгавар эздээс нь ирвэл нүдээ аньж байгаад юуг ч хийж болдгийг харуулж байна.

-Захиалгатай хөдөлж байна гэж та хэлэх гээд байна уу?

-Хэн ч харсан ил тод өрнөж байгаа тоглоом. Нуугаад байх юм байхгүй. Хүсч байгаа хүмүүс нь эрх баригчид. Буцаад хатгачих гээд байгаа учраас могойгоо хүнээр бариулах гэж байна.

Эцэст нь тэд, бид биш Үндсэн хуулийн Цэц шийдсэн учраас давхар дээл өмсөхөөс өөр аргагүй байдалд орлоо гэж хэлэх гэж байгаа юм. Яг сонгуулийн холимог тогтолцоог Цэцээр дамжуулж унагасан шигээ ажиллах гэж байгаа нь тэр. Ийм ил цагаан тоглоомын зам дээр Цэц өөрөө тоглоом болж Үндсэн хуулийг хулгайлахад нь туслах гэж байна.

-Зарим улстөрчид Цэцэд захиалга өгөөд давхар дээлийн заалтыг хөндөх саналыг гаргуулж аваад түүн дээрээ дөрөөлөөд Үндсэн хуулиа хөндөх гэж байж болзошгүй гэж Цэцийн дарга асан Н.Жанцан гуай саяхан ярьсан. Таны байр суурь ч үүнийг л хэлээд байна уу даа?

-Яг өнөөдөр бол УИХ-ын гишүүд маш их ууртай байна. Тэд Засгийн газрын ажилд оролцож мөнгө шийддэг, хүн томилдог, ажил хийсэн болж харагддаг байсан, Тэрийгээ хийж чадахаа байчихаж. Зарим нь үүнийгээ ил цагаан хэлж байна лээ. Мөнгө төгрөгөө үрээд бөөн юм болж сонгогдчихоод хэн ч биш болж байна. Гэтэл хэн ч биш нөхөр сайд болоод толгой дээр гараад суучихлаа, бид нар хэн юм бэ гэж ирээд уурлаж байна лээ.

Ялсан баатрууд хоолондоо орох гэтэл Үндсэн хууль саад болохоор бүр ч их уурлаад байх шиг байна. Сонгуулийн өмнө дан дээлтэй байх нь шударга ёсонд нийцнэ гэсэн нөхөд одоо юун шударга ёс, больё, баталсан Үндсэн хуулиа өөрчилье гэж хэлэх гэхээр ичгэвтэр санагдаад байгаа. Тэгээд нөгөө намаасаа жаахан юманд дуртай, эрх баригчдад тал засаад, бөхөлзөөд гүйчихдэг, амьдралынхаа туршид авлига хээл хахуулийн асуудалд холбогдсон, ёстой нөгөө “мөнгө улаан нүд цагаан” гэж явдаг зарим нөхдийг уургалж аваад, тохироод, өөрсдийнхөө бичсэн цаасаа бариулаад Цэц рүү гүйлгэчихсэн юм уу даа.

Цэц дээр эрх мэдэлтэй хүчтэй хүмүүсийн улан дор сөхөрч явдаг, алх цохиход бэлэн зарим нэг гишүүн түүнийг нь “Та хэд минь тушаал буулгаж байгаа бол би бүгдийг нь биелүүлье” гээд хүлээгээд авхуулчихаж байгаа юм уу. Нэг ийм ил цагаан процесс явж байна. Түүхэнд Үндсэн хуулийн хулгайч гэж нэрээ үлдээх гээгүй бол Цэцийн гишүүд ичих байлгүй дээ.

-Хэрэв энэ шийдвэр гарвал төр хямарч, намууд талцахаас эхлээд Үндсэн хуулийн хямралт байдал үүсэх эрсдэлтэй гэх юм?

-Энэ процессын үр дүнд ямар аюултай хаалга нээгдэж байна вэ гэдгийг зарим туршлагатай хүмүүс хэлээд байгаа. Хэрвээ ингэх юм бол Үндсэн хууль чинь Үндсэн хууль биш болно шүү. Үндсэн хуулийн Цэцийн дээр Үндсэн хууль өөрөө байх ёстой байтал одоо Үндсэн хуулийнхаа дээр Цэц нь гараад суучихлаа. Манах ёстой юмныхаа дээр гарч суучихаад бусдад хулгайлахад нь туслаад эхлэхээр Үндсэн хуулийн шүүх жинхэнэ утгаараа алга болох нь ээ гэж. Яг үнэндээ тэд Монгол Улсын Үндсэн хуульт байгууллагын эсрэг зохион байгуулалттай гэмт хэрэг хийж байна шүү дээ.

-Үнэхээр тийм бол УИХ-ын гишүүний ёс суртахууны хувьд ч тэр таагүй явдал болж таарах нь?

-Сонгуулиар сонгогчид руугаа очиж санал авахдаа Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт орууллаа, Монгол Улсыг хөгжүүлэх алтан түлхүүрийг атгаад авлаа гэх шахуу юм ярьсан байгаа, тэд. Дараа нь идэж уухад нь садаа болоод эхлэхээр хийснээ устгая, буцаая гэх утгатай юм ойр зуураа шивнэлдэж, ханцуй дотроо хуулийн хулгай хийх гэж оролдож байна. Энэ ч ёс зүйтэй хүмүүсийн үйлдэл биш л дээ.

Эрх баригчид ямар худалч, богино хараатай, хувийнх нь ашиг сонирхол хоолой дээр нь тулаад ирэхээр Монгол Улсын улс төрийн байгуулалтын суурь Үндсэн хуулийн хүч чадлыг хэмлэж, иргэний эрх чөлөөний хэрэм цайз болж байгаа хуулийн тогтолцоог хэдэн авлигач хархнуудаар мэрүүлэхэд бэлэн байгаа нь харагдаж байна. У.Хүрэлсүхийн хэлсэн “Хүн биш хууль засагладаг болно” гэсэн нь хаана байна. Хуулиа болиг, бүр хүн биш хулгайчид нь засаглах гэж байна.

-Давхар дээлтэй холбоотой заалт найман жилийн хугацаанд хөндөгдөхгүй гэсэн ч Үндсэн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулиар боломжтой гэж үзэж байгаа юм билээ. Боломжтой гэж үү?

-Ер нь дагаж мөрдөх журмын тухай хууль бол хууль. Тэр хуулийг өөрчилж болно. УИХ-д эрх нь байгаа. Үнэхээр Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэж үзэж байгаа бол Дагаж мөрдөх журмынхаа тухай хуулийг өөрчилнө үү, олонхоороо гарын үсэг зураад нэмэлт, өөрчлөлт хийх санаачилга гаргана уу эрх баригчдын эрх мэдлийн асуудал.

Гэтэл өөрсдөдөө байгаа эрх мэдлээ хэрэгжүүлэхгүй, тойрч зугтаагаад, муу хэлүүлнэ гэж болгоомжлоод буруу замаар будаа зөөх гэж байгаад л аюул байна. Үнэхээр Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт хиймээр байна. Энэ буруу байна гэж үзэж байгаа бол 62 суудалтай олонх хуулийг санаачлаад, ил цагаан ярилцаад юу нь зөв бурууг олон нийтэд ил тодоор хэлээд явах ёстой. Харин арын хаалгаараа авлигачид хөлслөөд, гүйлгээд байж болохгүй. Асуудлаа ил яриад хууль тогтоогч шиг хийх ёстой ажлыг хулгайч шиг хийж байгаад л хүмүүс таагүй хандаж байна.

Хоёрт, тусгаар тогтнол, иргэний үндсэн эрх, эрх чөлөө, бүгд найрамдах төр, парламентын засаг, хараат бус шүүх гэх мэт 1992 оны Үндсэн хуулийн амин сүнс болсон гол үзэл санаа, зарчмуудыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэдэг нэрийн дор устгахаас хамгаалахын тулд механизмаа зөв олох ёстой. Түүнийг Үндсэн хуулин дээр бичиж, хамгаалах ёстой болохоос даргын заавраар ажилладаг, ард түмнээс сонгогддоггүй есөн хүнд сайхан сэтгэлээр найдаж орхиж болохгүй.

2019 оны нэмэлт, өөрчлөлтийн үед ч ярьж байсан. Ер нь 1992 оны Үндсэн хуулиас хойш олон судлаачдын судалгааны үр дүнгээс гарсан нэг зүйл бол Үндсэн хууль өөрөө дархлаатай байх тухай асуудал юм.

-Яаж дархлаажуулах ёстой юм бол?

-Үндсэн хууль бол огт өөрчлөгддөггүй зүйл биш. Нийгмээ дагаад хөгжиж байх ёстой. Гэхдээ үндсэн бүтэц, суурь зарчим, үнэт зүйлүүд нь мөнхийн заалт байх ёстой. Тийм учраас мөнхийн заалтуудаа Үндсэн хууль дээр тодорхой бичээд энэ, энэ заалтуудыг УИХ өөрчлөх эрхгүй. Үүнийг өөрчилсөн бол Үндсэн хуулийн хяналтад орно, Үндсэн хуулийн бус гэж үзнэ гэдэг болох ёстой. Ийм өөрчлөлтийг хийе гэж байгаа бол хамаа алга. Санал нэг байна.

Үндсэн хуулиа ердийн хуулиар хамгаалаад сууж байдаг ч гэж юу байх вэ. Үндсэн хуулийг журмын хуулиар хамгаалж чадахгүй. Үндсэн хуулийг Үндсэн хуулиар өөрөөр нь л хамгаална. Тийм учраас ердийн хуулийн зарим нэг зохицуулалтаа Үндсэн хуулийн зохицуулалт болгож аваад, ямар ч эрх баригчид хэдий олонх болсон ч, бүх эрх мэдлийг толгой дээрээ овоолж авсан ч, Монголын ард түмэн тэднийг алга ташаад дэмжиж байсан ч Үндсэн хуулийн энэ хэсэгт өөрчлөлт хийхгүй гэж ойлгох ёстой.

Гэхдээ энэ нөхөд энэ тухай огт ярихгүй байгаа. Зөвхөн давхар дээлээ буцааж өмсөх тухай, давхар дээлээ өмсөхийн тулд Үндсэн хууль Үндсэн хуулийг зөрчсөн байна гэдэг тэнэг шийдвэрийг Цэцээр гаргуулах гэж оролдож байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхний үр дүн гараагүй байхад дахин өөрчлөлт ярих нь зохисгүй гэсэн байр суурийг хуульчид хэлж байгаа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зарим зүйл буруу болсон. Тэгэхээр түүнийг ил тод хэлэхээс өөр аргагүй. Буруу байгаа зүйлийг засахаас өөр аргагүй. Үүний нэг жишээ бол улс төрийн намын босго сонгогчдын нэг хувь гэсэн нь бараг 30 гаруй мянган хүний гарын үсэг цуглуулсан намыг улс төрийн нам гэж үзнэ гэж Үндсэн хууль дээр бичлээ. Энэ чинь иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг маш бүдүүлгээр хязгаарлаж байгаа явдал. Дэлхий нийтээрээ гишүүнчлэлгүй намын тухай ярьж байхад Монгол Улс буцаад яг социализмын үеийн, үлэг гүрвэл шиг нүсэр бүтэцтэй гишүүнчлэлд дулдуйдсан, тэд нараа төсвийн мөнгөөр авлигадаж, сонгуулийг сонгуульчлагдсан дарангуйлал болгож байдаг намын бүтцийг Үндсэн хуулинд биччихлээ. Тэгээд ичсэндээ 2028 оноос үйлчилнэ гэж бичиж байгаа. Энэ алдааг засах ёстой. Энэ бол ил тод алдаа.

Үндсэн хуулийн 6.2 дээр төрийн нийтийн өмч гэдэг үг байна. Нэр томъёоны маш бүдүүлэг, болхи алдаа болсон. Түүнээс гадна маргасаар байгаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийж чадаагүй асуудал бол сонгуулийн холимог тогтолцоо.

Алдаа нь тодорхой байгаа зүйлүүдийг засъя гэж байгаа бол болно. Үүнийг цаг нь болоогүй гэж хойшоо тавих нь мунхаг бөгөөд тэнэг үйлдэл. Гол нь ил тод яриад, юу хийх гэж байгаагаа үндэслэл, судалгаатай хэлэлцүүлэг өрнүүлж хийх ёстой болохоос биш далдуур хэдэн хүний тохироон дээр Цэц гэх мэт механизмуудыг Үндсэн хуулийн эсрэг ашиглах байдлаар хийж болохгүй.

-Цэцэд гомдол гаргасан гишүүд бол ХҮН-ын Т.Доржханд болон танай намын Ш.Адьшаа нарын гишүүд байгаа. Тэд Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэхийн төлөө явж байна гэж өөрийгөө зөвтгөж байгаа. Энэ үндэслэлтай тайлбар болж чадах уу?

-ХҮН-ын гишүүний хувьд хэлэх үг алга. Хүний хүн бол хүний л байх.

Харин АН-ын хоёроос бол ичиж байна. 1992 оны Үндсэн хууль, хүний эрх, ардчиллын суурийг эрх баригчдын даалгавраар нураалцаж байгаа харх болж байгаад нь гутаж байгаа.

Яагаад гэвэл энэ өөрөө ил цагаан авлига. Маш олон хүн хардаж байна. Ямар мөнгөн дүнтэй, ямар бизнес дээр, улс төрийн ямар тохироо хийсэн болохоороо эрх баригч МАН-ын багталцахгүй, эрх мэдлээ булаалдаж байгаа тэр шуналыг нь гүйцэлдүүлж яваа юм бэ гэж.

Ш.Адьшаа гэдэг хүнийг эртнээс мэднэ. Өдрийн сонины сэтгүүлч Г.Дашрэнцэн гуайг “Гаалиас төрсөн тэрбумтан” гэдэг нийтлэл бичсэнийх нь төлөө шүүхдэж, 100.000 төгрөгөөр торгуулах шийдвэр гаргуулж байсан. Шүүхийн шийдвэр гараад удаагүй өөрөө авлигын хэргээр баривчлагдаж шалгуулаад Өршөөлийн хуулиар суллагдсан нөхөр. Г.Дашрэнцэн гуай шүүх дээр очоод ёгтлоод хэлж байсан удаатай. “Гаалиас төрсөн тэрбумтан авлигын хэргээрээ явчихлаа. Шүүхээс гүтгэсэн гэдэг шийдвэртэй би 100.000 төгрөгөө хаана тушаах вэ” гэж байсан. Монгол Улсын түүхэнд авлига авсан, өгсөн гэж хоёулангаар нь хэрэг үүсгэгдэж, хоёулаа Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болж байсан ганц тохиолдлын эзэн энэ хүн байдаг.

Ийм авлигач АН-ын нэрээр орж ирчихээд эрх баригчдаас дахиад авлигын үнэртэй захиалга авч, ардчилсан Үндсэн хуулийг мэрэлцэж хулгайлах гээд Цэц рүү гүйж байгаад ой гутаж байна. Ийм гутамшигтай эрх баригчдын тоглоомон дотор дахиад нэг шинэ гишүүн, залуу улстөрч сүүдэрт нь гүйж яваад харамсаж байна. “Би Ерөнхий сайдын эрх мэдлийг хүчтэй болгохын тулд явж байна” гэж байна лээ. Эрх мэдэл нь хангалттай хүчтэй байгаа МАН-ын даргын эрх мэдэлд санаа зовж, даргад албан тушаал овоолох гэж гүйхийн оронд гудамжинд байгаа иргэдийнхээ эрхийг нэмэх гэж, аюулгүй байдлыг нь баталгаажуулах гэж, айдас хүйдсийг нь багасгах гэж хууль санаачилж явах нь залуу хууль тогтоогчид уг нь хэрэгтэй юм даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *