Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Тэмүүжин: Сүнс шүглэсэн Засгийн газар эртхэн огцорсон нь дээр дээ

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.


-Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх үү, ажиглагчийн статусаа хадгалж үлдэх үү гэдэг асуултыг тойрон улстөрчид болон дипломатчид байр сууриа илэрхийлж байна. Төрийн тэргүүн, Засгийн газар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх цаг нь болсон гэдэг утга бүхий зүйлийг хэлээд байгаа. Харин та эсрэг байр суурьтай байгаагаа цахим хуудаснаа байнга бичиж байна. Албан ёсоор таны байр суурийг сонсох гэсэн юм?

-Өнөөдөр болж байгаа үйл явцыг харахаар эсрэг гэхээсээ илүү энэ яриа ямар процесс ямар үйл явдлуудын дараа болж байна вэ гэдгээрээ уялдаа логик нь таалагдахгүй байгаа юм.

-Ямар логикийн юу нь таалагдахгүй байна гэж?

-Учир нь Монгол Улсын тусгаар тогтнолын 100 жилийн түүх, түүн дотроо тоглоомын улс биш, бие даасан байдлаараа өөрсдийн хувь заяаг шийдэх гэсэн 28 жилийн түүхийг үгүй хийхэд чиглэсэн шийдэл рүү түлхэж байна. Зангилааг нь тайлах үүднээс энэ санаачилгыг гаргасан эрх мэдэлтнүүдийн хэлж байгаа үгийг сонсохоор “эдийн засгийн интеграцид орох гэж байна, тодорхой нэр бүхий том төслүүдийг хэрэгжүүлэх гэж байна, бодит тоотой мөнгө авч байгаа” гэх зүйл яриад байна лээ. Энэ яриа нь өөрөө хамгийн их таалагдахгүй байгаа.

Бид улс төрийн хувьд хүссэн хүсээгүй хоёр хөрштэйгөө эв найртай, аль нэгэнд нь тал алдахгүй, аль нэгнээс нь хэт хамаарчихгүй байх маш чухал гэдгийг олон мянган иргэнийхээ цус, амиар ойлгосон. Гэхдээ зөвхөн хоёр хөршийнхөө суганд байхаас илүүтэй гуравдагч хөршийн бодлогын хүрээнд дэлхийтэй ярилцагч улс байхыг хүсч 28 жил урагшилсан. Улс төрийн нөлөөнд орох, харилцан ашигтай худалдааны түнш байх гэдэг хоёр өөр зүйл. Энэ байр суурийн илэрхийлэл нь Хятад болон зүүн өмнөд Азийн эдийн засаг хурдацтай өсч, үйлдвэржилт хөгжиж байгаа бүс нутаг руу байгалийн баялаг, өөрсдийн эдийн засгийн оролцоогоор нэг интеграцид орох боломж 10 гаруй жилийн өмнө бий болсон. Үүний тулд бидэнд дэд бүтэц хэрэгтэй байлаа.

Уг дэд бүтцийг хувийн компаниуд, бизнесийн зарчимаар гаднаас хөрөнгө босгоод төрийг оролцуулалгүй харилцан итгэлцээд, эрсдэлээ үүрээд дэд бүтцээ байгуулаад бүс нутгийн интеграцид орох боломж байсаар атал тэр бүгдийг гацааж, зогсоож, нураачихаад “Бид хийнэ” гэж төр рүү чирч олон сая ам.долларын өрөнд оруулчихаад “Төр хийж чадахгүй боллоо” гээд Монгол Улсын тусгаар тогтнолыг барьцаалах замаар хавханд оруулж байна. Монголын төр юунд ч оролцолгүй, ямар ч хавханд оролгүйгээр хувийн компани өөрсдөө эрсдэлээ үүрээд хийчих зүйлийг “төр хийнэ” гэсэн. Харамсалтай нь сүүлд нь “чадахгүй боллоо” гээд биднийг улсаар нь худалдах гэж байна. Энэ логик нь буруу байгаа учир надад таалагдахгүй байна. Хавх руу түлхсэн улс төр 10-аад жил явсан нь эртнээс төлөвлөсөн урвалт биш биз гэж харахад хүргэж байна.

Хамгийн хорон нь дотроо өөрсдөө санаачилж хэл ам гаргачихаад “Нэгэнт ийм яриа эхлүүлчихсэн, үгүй гэвэл хоёр хөрш бүр буруу ойлгоно. Тиймээс орохоос өөр аргагүй” гэдэг шахаа руу түлхэж байгаа нь хавх, занга холилдсон хөгийн юм болгож байна.Эдийн засгийн хамтын ажиллагааны бүхий л боломжийг “танк” ярьж гацаачихаад одоо улс төрийн тэлэлтэд нь багтах ёстой гэж дуугарах бол эх орончын дүр огт биш л дээ.

-Хавх гэж хэлэх нь арай хурц биш үү?

-1919 онд монголчууд өөрсдөө хүссэн юм гэж хэлээд Богд хаант улсын автономит эрхийг үгүй болгоод Хятадын нэг хэсэг болгож байсан түүх бий. Хиагтын гэрээ адил хоёр хөрш сууж байгаад Монгол Улсыг яахыг шийддэг, аль нэг тал нь сулрах, эсхүл өөртөө хожоотой гэж үзсэн тохиолдолд наймаалцаад нөгөөдөө өгчихдөг тийм тоглоомын хэсэг бид болгочих гээд байх шиг. Их мөнгө, гоё үгээр халхавчилсан улс төрийн хяналтад сайн дураараа гүйж орох гэсэн үйл явц болж байгаа нь анзаарагдаад байна.

Надаас дээш гурваас дөрөв дэх үеийн өвгүүд маань цусаа урсгаж, зарим нь хэлмэгдэж байж энэ тусгаар тогтнолыг олсон. Тэр олон хүний амь, цус өнөөгийн энэ улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг бий болгосон. Түүнийг нь юман чинээ тоохгүй “Бид тэдэн тэрбумыг авах гэж байгаа юм” гэдэг зүйл ярих, наймаачин аятай, панзчин төрхтэй хүмүүсийн гарын салаагаар яагаад Монгол Улс урсах ёстой гэж. Үүнд нь л эгдүү хөдлөөд байна.

ШХАБ эдийн засгийн интеграцийн байгууллага биш. Терроризм, экстрим үйл ажиллагаа, хил хязгаарын маргаантай асуудлаа шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхтэй холбоотой улс төр, хүчний нэгдэл маягийн эвсэл. Эдийн засгийн интеграцид орох боломжийг нь боож, хаачихаад тэс өмнөө зорилготой байгууллага руу нь бид нэгдэн орно гэдэг яриа гаргаж байгаа нь ухаанд нь чөтгөр шүглэсэн, хорон ажиллагаа. Монгол Улсын хувьд урвагчийн дээд урвагчдын л хийх ажил. Би ингэж л харж байгаа.

-Гэхдээ зарим дипломатчид “ШХАБ-д элсэх цаг нь болсон. Өнөөдрийг хүртэл улс хөгжөөгүй гол шалтгаан нь энэ байсан” гээд ярьсан байна лээ. Монгол Улсын Засгийн газар хүртэл элсэх нь зөв гээд байгаа шүү дээ…

-Дипломатчдын байр суурь харин ч эсрэгээрээ байна. Монгол Улсын гадаад харилцааны алтан аргамжааг богиносгох, Монгол Улсыг олон улсад олон талаас нь харах, ухаалаг бөгөөд прагматик алхам хийх үүд хаалгыг хааж байгаа гэдгийг хэлцгээсэн байна лээ. Ганц хоёр нэр бүхий дипломатч “Орос ах нараа бид гомдоосон учраас гомдлыг нь тайлах ёстой” гэх зүйл бас ярьсан харагдана лээ. Ер нь худалдаа хэлцлийнхээ үр дүнгээр бид эдийн засгийн интеграци болон хөгжлөөс хувь хүртэх арга замууд байсаар атал тэр бүгдийг нь Хятадын аюул гэж гацааж, зогсоочихоод “Одоо ганцхан энэ зам л байна” гэж ярьж байгаа нь хамгийн увайгүй. Үүнд л хамгийн том эргэлзээ, бухимдал үүсч байгаа.

Бид 10 жилийн өмнө төмөр замаа тавьж, хөгжиж буй урд бүсийн эдийн засгийн интеграцид байраа эзэлсэн байсан бол өнөөдрийн ийм байдалд хүрэхгүй байсан. Энэ бүгдийг гацааж гацаачихаад “Бид ШХАБ-д орохгүй бол нүүрсээ зарж чадахгүй боллоо” гэж байгаа нь юу гэсэн үг юм бэ. 10 жил нүүрс зарах боломжийг нь үгүй хийж, өрсөлдөж буй зах зээл дээрээ томрох бүх боломжийг нь нээж өгчихөөд одоо “Тэдний хүссэн тоглоомоор тоглохгүй бол бид явахгүй нь” гэдэг зүйл ярьж байгаа хүмүүс10 жилийн өмнөөс Монголыг хорлосон юм байна. 10 жилийн өмнөөс өнөөдрийн энэ үр дүнд хүрэхийн тулд мундаг зүтгэжээ гэж ойлгоно.

-Монгол Улс ШХАБ-д элсэх цаг нь болоогүй юм уу. Эсвэл элсэх шаардлага бүр байхгүй юм уу?

-ШХАБ-ын үндсэн зорилго, гэрээ хэлцлүүд нь бидний хүсч байгаа хүлээлтэд хариу өгөхөөр харагдахгүй байна. Бидэнд тэр улсуудад байгаа шиг терроризмын аюул, хил хязгаарын маргаан, цэргийн зарим эвслийн эсрэг сөрж зогсох хэрэгцээ алга. Гэтэл яагаад ШХАБ-д орж байж эдийн засгийн асуудлаа шийднэ гэх яриа гарах болов. ШХАБ-д элсэхгүйгээр эдийн засгийн асуудлаа шийдэх боломж байсан ч бүх зүйлийг хэн, хэзээ үгүй хийлээ. Өөрсдийнхөө хийсэн гайг халхлахын тулд түүгээр яваа гайг энд дууддаг нь яаж байгаа юм.

-Ардчилал хөгжсөн Энэтхэг, Пакистан зэрэг орнууд ноднин ШХАБ-д гишүүнээр элсэн орсон. Монгол Улс элсэхэд алдах юм байхгүй гэж бас ярьж байна. Манай гуравдагч хөрш орнууд хэрхэн хүлээж авах бол?

-Бид газар нутгийн байршлаараа хоёр хөршөөс ангид юу ч хийж чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ бүх итгэл найдвар, хөгжлийн загвараа хоёр хөршөөс авч болохгүй. Тиймээс 1990 оноос хойш тоглоомын улс байхгүйн тулд гуравдагч хөршийн бодлого буюу аль нэг цэргийн эвсэлд нэгдэхгүйгээр, хурц зөрчилдөөнт байдлын аль нэг талд шууд оролгүйгээр тусгаар тогтнолоо авч үлдэнэ гэдэг гадаад бодлогын үзэл баримтлалтайгаар 28 жил явлаа, бид. Энэ концепцийг үндсээр нь үгүй хийх гэж байгаа байхгүй юу. Эдийн засгийн биш, гадаад бодлогын концепци юм шүү дээ. Дээр яриандаа хэлсэн дээ. Монгол Улсын гадаад бодлого хоёр хөрштэйгөө найрсаг байх. Үүний сацуу гуравдагч хөрш гэдэг цонхоор дэлхийтэй харьцана. Дэлхийтэй харилцах цонхоо хааж байна. Өөрсдөө хүсч, зарлаж үүнийгээ том дэвшил мэт ойлгуулж байгаад цонхоо хааж байна. Тэгэхээр манайтай харилцах бусад орнуудын харилцаанд өөрчлөлт гарах л байх.

ШХАБ-д элсэх асуудал дээр зарим эрх мэдэлтний амнаас ардчилал, чөлөөт зах зээл болохгүй, Монголд таарахгүй байгаа учраас гэх яриа гарч байна лээ. Харамсалтай нь энэ 28 жилд ардчилал, зах зээлийн буянаар хамгийн их мөнгө олж авсан, хамгийн өндөр эрх мэдэлд хүрсэн нөхдүүд явсан зам дээрээ өөрсдийнхөө үлдээсэн авлигын мөр, луйврын хог, шарилжаа ардчилал, зах зээлийн буруу мэтээр зарлаж цааш ардчилалгүй, зах зээлгүй дарангуйллын замаар өөрсдийгөө улируулан эрх мэдэл дээрээ үлдээнэ гэх бодлоо халхавчилж байх шиг байна лээ. Энэ атгаг санаагаа хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын тусгаар тогтнолыг золих байдлаар гүйцэтгэж болохгүй. Ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээлийн үр шимийг нь хангалттай хүртэж хоолойгоороо гарч, амаараа гулгитлаа хулгайлчихаад өөрсдөө насан туршийн эрх мэдэлтэй байхаар шунах нь үнэхээр гутамшигтай. Ийм дүр зураг харагдаад байгаа. Тиймээс ШХАБ-д нэгдэх тухай яриа дэлхийн болзошгүй хуваагдал, ардчиллын жижиг сорилтоор халхавчилж хамгийн арчаагүй, атгаг хувийн өчүүхэн санаагаа хэрэгжүүлэх гэж төлөвлөж буй хурган дарангуйлагчийн алхам юм болов уу даа?

-Үүний ард том төслүүд бий болно гээд байгаа?

-Хүмүүс том төслүүд гэхээр гайхаад юу билээ гээд харж байна. Өмнө нь төрөөс том төсөл нэрээр мөнгө хулгайлчихаад, хулгайлсан хүмүүсээ шүүх, хуулийн байгууллагаар хэрэгсэхгүй болгочихоод дахиад бүр их мөнгө хулгайлах боломжийг хайж, том төсөл ярьж байгаа юм болов уу л гэж бодоцгоож байна. Монгол Улсын тусгаар тогтнолын 100 жилийн түүх, 28 жилийн бие даасан байдал, арай гэж иргэддээ өгсөн эрх чөлөөний үзэл санаа хулгайн төлөвлөгөөнд золиослогдож болохгүй байх аа. Ардчилагчид уул нь “Монголын тухай Москвад гардаг байсан шийдвэрийг Улаанбаатарт авчирлаа” гэж ярих их дуртай байсан сан. Одоо авлигачид “шийдвэрээ Шанхайд авааччихлаа” гэж ярих байх даа.

Зарим Их хурлын гишүүд ШХАБ-ыг зэр зэвсгийн гэхээсээ илүүтэй эдийн засгийн боломж гэж хар. Даяарчлагдаж буй нийгэмд өөр болсон гэх юм. Таны байр суурь өөр байх шиг байна?

-Байгуулсан гэрээ, хамтын үйл ажиллагааны зорилтыг нь уншаад үз. Тэнд нь юу байгааг харахгүй юу. Тэдний ярьж байгаа шиг тийм сайхан зүйлс байна уу. 100 жилийн өмнө амласан их мөнгөнд толгойгоо төртэйгөө худалдаад 64 зүйлийн гэрээ гэгчээр тусгаар тогтнолоо сольчихсон ноёд байсан. Тэдний сүнс сэрчихсэн юм биш биз. Тийм сүнс шүглэсэн Засгийн газар эртхэн огцорсон нь дээр дээ.

-ШХАБ-д элсэх цаг нь болоогүй юм бол монголчууд хэдий хугацаанд ажиглагчийн статустай явах юм бэ. Эрх баригч намын бүлэг ШХАБ-д элсэхийг дэмжиж байгаа гэсэн мэдээлэл бий?

-Яахав дээ, төрөө тэрбум тэрбумаар зарчихдаг хүмүүс улсаа түүнээс их мөнгөөр зарахад сэтгэл нь өвдөхгүй байх л даа. 100-гаад жилийн өмнө зохиосон дууг би арга ядаад цахим хуудссандаа бичсэн.

“Тэвэр тэвэр мөнгөөр

Төрөө зардаг ноёдуу даа

Уут уут мөнгөөр

Улсаа зардаг ноёдуу даа” гээд байгаа шүү. Улс дотроо нэг нэгэндээ төр зарах нь дүүрч. Гадагшаа улсаа зарах нь арай хэтэрч байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *