Categories
мэдээ цаг-үе

Х.Гэрэлчимэг: Балетаар илүү авьяастай нь биш илүү ухаантай нь амжилтад хүрэх нь бий

Монголдоо анхных гэж дөвийлгөж болох балетын мэргэжлийн “UB ballet school” сургуулийг үндэслэгч гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг багш шинэ элсэлтийнхэнтэйгээ хичээллэж эхлээд хэдэн сарыг ардаа үджээ. Хүүхдүүд одоохондообаримлын шаварын хэмжээнд байгаа мэт. Энэ шавраар урлагийн бүтээл хийж, “Хунт нуур”-ын хар, цагаан хун, ханхүүг амилуулна гэдэг бүтэшгүй санагдана. Цөхрөлтгүйгээр арваад жил энэхүүтүүхий эд”-тэй зууралдаж баймааж сая балетын жүжигчнийг бий болгоно гэхээр амаргүй алба. Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэгтэй ярилцсанаа хүргэе.

Хүссэн хүн бүр эзэмшиж чаддаггүй цөөхөн мэргэжлийн нэг бол бүжгийн жүжигчин. Бие хаанаас эхлээд авьяас чадвар нарийн шалгаж шаарддаг мэргэжил байх шүү?

-Балетыг чи сонгодоггүй, сонирхдог. Харин балет чамайг сонгоно гэдэг үг бий. Хүссэн хүн бүр физикч, химич, академич болохгүйтэй адил хүссэн бүхэн нь балетчин болж чаддаггүй нь үнэн. Эцсийн эцэст төгс төгөлдөр бүжигчин ч гэж байх боломжгүй. Олон жилийн тасралтгүй хөдөлмөр, бэлтгэл сургуулилт, хүчин чармайлтын явц дунд л сайн бүжиглэх үе тухайн балетчинд тохиодог. Тиймүе тохиож иртэл уйгагүй хичээх, өөртэйгөө байнга ажиллах, хамаг бүхнээ дайчлах шаардлагыг балетын урлаг тулгадаг гэх үү дээ. Тийм болохоор “балет чамайг сонгох “хүртэл хөдөлмөрлөн, тэвч гэсэн үг.

Танай сургууль мэргэжлийн бүжигчин бэлтгэж байгаа гэдэг утгаараа тодорхой хэмжээнд байгалийн өгөгдөлтэй, авьяастай хүүхдүүдийг сонгож авдаг байх. Энэ шалгуурыг давсан байхад л балетчин болоход хангалттай гэж бодож болохгүй нь ээ?

-Байгалийн өгөгдөл байж болох ч түүнийг тасралтгүй хөдөлмөр, дасгалжуулалт дор хөгжүүлж байж л амжилтад хүрнэ шүү дээ. Хэчнээн авьяастай байгаад ч анхнаасаа бүжигчин болоод төрчихнө гэж үгүй. Би сонгодог урлагийн театрт олон жил багшиллаа, өнөө үеийн шилдэг бүжигчид, гоцлоочид бүгд л намайг багшаа гэдэг. Бас мэргэжлийн балетын ангийг 2007 оноос хойш театрын дэргэд хичээллүүлж эхэлснээс хойш найман жил өнгөрч, анхны төгсөгчдөө үдэх гэж байна. Энэ бүх хугацааны туршлагаас харахад зөвхөн бие махбодийн өгөгдөл, авьяасаас гадна сайн бүжигчин болоход асар их ухаан хэрэгтэй. Ер нь маш олон юм хэрэгтэй. Тэр бүхний тэнцвэр, зохистой нийцлийн дүнд л сайн бүжигчин төрдөг. Заримдаа илүү авьяастай нь биш илүү ухаантай нь амжилтад хүрдэг. Ийм л хатуу шүүлтүүртэй урлаг юм.

Таны хэлсэнчлэн хатуу шүүлтүүртэй энэ урлагаар дагнасан мэргэжлийн сургууль байгуулахаар шийдсэн тань их сонин байна. Таны хувьд энэ урлагт амьдралаа зориулсан, сайн багш, сайн бүжигчин гэдгийг мэдэж байгаа ч зөвхөн ийм шалтгаанаар хувийн сургууль байгуулна гэдэг эрсдэлтэй бишүү. Шулуухан хэлэхэд зах зээл багатай ийм салбарт бизнес хийхээр шийдсэнийг чинь гайхаад байна л даа

-Тийм ээ, энэ бол нийтийн урлаг биш. Тийм болохоор зах зээлгүй. Таны бодож байгаа нэг талаасаа үнэн. Гэхдээ улс орон маань хөгжиж байгаа юм бол бид дараагийн мэргэжлийн сургууль, дараагийн сонгодог урлагийн театрын талаар бодох цаг болсон. Монголын балетын урлаг Азидаа дээгүүрт ордог. Бид хүрсэн төвшнөөсөө ухарч болохгүй. Үүний төлөө хэн эхэлж үүрэг хариуцлага хүлээх ёстой вэ. Мэдээж энэ урлагт амьдралаа зориулж ирсэн бидний үеийнхэн түрүүлж сэтгэл гаргах ёстой. Би 1981 онд сургуулиа төгсчирээд 15 жил гоцлол бүжигчнээр ажиллаж, тэрнээс хойш туслах найруулагч, дасгалжуулагч, багш, ерөнхий балетмэйстрээр нийт 34 жил ажиллажээ. Энэ урлагт ингэж зүтгэж ирсэн хүний хувьд би нэг зүйл бодохгүй бол болохгүй еэ дээ.

Монголын балет Азидаа үнэлэгдэх, цаашлаад дэлхийн төвшинд хүрэхийн тулд хэн нэг сайн бүжигчинтэй байх асуудал биш нийтээрээ сайн байх асуудал яригдана. Тийм ч учраас балетын сургалт аль болох хүртээмжтэй, системтэй, бодлоготой явахаас бүх зүйл эхэлнэ. Өнөөдөр дэлхийн чиг хандлага ямар байна вэ гэхээр мэргэжлийн урлаг, эсвэл мэргэжлийн спортыг тухайн улс орон өндөр төвшинд хөгжүүлэхийн тулд эхлээд нийтийн биеийн тамир, нийтийг хамарсан сургалт, хөтөлбөрийг дэмждэг. заал, талбай, цэнгэлдэх хүрээлэнг нь эхлээд төр барьж байгуулж өгдөг. Тэгж байж тэр дундаас мэргэжлийнхэн нь төрдөг юм байна. Хэчнээн мундаг хөлбөмбөгчин, эсвэл балетчин болох авьяас чадвартай хүүхэд байгаад ч орчин нөхцөл нь бүрдэхгүй бол насаараа бөмбөг өшиглөж үзэхгүй, насаараа театрт орж үзэхгүй дуусч болно. Ийм учраас мэргэжлийн балетын урлагийг хөгжүүлэхийн тулд бид юуны өмнө өнөөдрийг хүртэл баримталж ирсэн сургалтын систем, орчноо өөрчлөх ёстой юм. Өнөөдөр нийслэл хотод сая гаруй хүн амьдарч байна, тэр тусмаа харьцангуй потенциаллаг хэсэг нь төвлөрч байна. Талаас илүү хувь нь хүүхэд, залуучууд. Ийм том зах зээл байхад яагаад балетын сургууль амжилтгүй байна гэж. Бид энэ урлагийн сургуулийг тэдэнд нээж өгөх ёстой. Авьяастай эсэх нь хамаагүй, хүүхдүүд эхлээд ирэг, хичээллэг. Тэгж байж ирээдүйн мэргэжлийнхэн төрж гарах ёстой юм. Ийм л итгэл найдвараар “UB ballet school” сургуулиа энэ жилээс өргөтгөөд байгаа нь энэ.

Балетын урлагийн хөгжлийг зөвхөн боловсон хүчин бэлтгэхээр төсөөлж болохгүй байх?

-Балет бол тайзны урлаг. Театр, тайз, хувцас хэрэгсэл, гэрэл чимэглэл, хөгжим гээд бусад олон зүйлээс шалтгаалсан, тэр бүгд нь өртөг зардлаар бүтэж байж тухайн бүжгэн жүжиг үзэгчдэд цогц болж хүрдэг урлаг юм. Тэгэхээр зөвхөн боловсон хүчнээ бэлтгэх, зөвхөн бүжигчид сайн байх гэдгээр балетын урлагийн хөгжлийг хэмжих боломжгүй. Өнөөдөр дэлхийн алдартай балетын компаниуд, бидний мэддэгээс Д.Алтанхуягийн харьяалагддаг “Бостон балет”, Б.Болдын бүжиглэж байгаа Сиэтлийн “Pacific Nortwest Ballet” зэрэг компаниудаар жишээлэхэд л ТУЗ-д нь алдартай бизнесмэнүүд, хөрөнгөтнүүд багтдаг. Яагаад гэхээр балетын урлаг өндөр өртөг зардалтай, хоёрдугаарт, тэр бүхэнд хөрөнгө хүч зарж байж сайхан тайз, сайн хувцас, шинэ текник технологийг бий болгосны үр дүнд сайн уран бүтээлийг үзэгчдэд санал болгоно.

Бид өнөөдөр дэлхийн том театруудад тавигддаг сонгодог балетуудыг яг л адилхан тоглодог. Хөгжимчид, бүжигчдийн ур чадвараараа ч гойд ялгагдахгүй. Гэхдээ тэндхийн үзэгчид, манай үзэгчдийн хүртэх таашаалын хооронд нэлээн зөрүү бий. Яагаад гэхээр тайз, хувцас хэрэгслээс эхлээд бид хямдхан зүйл хэрэглэдэг. Жишээлэхэд, сваровски чулуун чимэглэлтэй, 5000 ам.долларын үнэтэй хувцас, бидний хамгийн үнэтэй гэж сонгосон 1000 ам.долларын хувцасны хооронд ялгаа байгаа учраас үзэгчдийнхүртэх таашаал өөр өөр төвшинд байгаа юм.

Оны заагт гавьяат жүжигчин Д.АлтанхуягЦөмөөхэйбүжгэн жүжгийгБостон балет”-ын жишгээр тавилаа. Бүх зүйлийг Америкаас асар өндөр өртгөөр авчирч дэглэсэн. Өмнө манай театрт тоглодог байсанЦөмөөхэй”-гээс илүү таашаалыг үзэгчид авч чадсан гэсэн үг үү?

-Тийм ээ, Д.Алтанхуягийн тавьсан “Цөмөөхэй”-гээс үзэгчид гэлгүй уран бүтээлчид, бүжигчид маань маш сайхан таашаал, урам авсан. Сайн бүжиглэх нэг хэрэг. Сайхан хувцас хэрэгсэлтэй, сайхан тайзан дээр гарна гэдэг үзэгчдэд хүрэх байдлаасаа эхлээд бас их өөр. Энэ удаагийн “Цөмөөхэй” балет үзэгчдийн маань ч, жүжигчдийн маань ч нүд, сэтгэлийг сэргээсэн сайхан тоглолт болсон. Үүнийг дэмжиж ажилласан олон хүмүүс, тэр дундаа Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд тун талархаж байгаа. Өнөөдөр Улаанбаатар маань сая хол давсан хүн амтай том хот болчихлоо. Энэ хэрээрээ олон сөрөг асуудлуудыг дагуулж байна. Шилжин ирэгсдээс голчлон бүрдсэн нийслэлийнхний соёл боловсролоос эхлээд ёс суртахуун, зан үйлийг хүртэл засах, өөд нь татах зайлшгүй шаардлагатай болж байна. Бид сургуулиар дамжуулан боловсрол мэдлэгийг хүүхдэд зааж сургаж болно. Харин ёс зүй, сэтгэлийн гоо сайхныг зөвхөн урлагаар л дамжуулж олгоно шүү дээ.

Та тун чухал зүйлийг хөндлөө. Монгол Улсын хөгжлийг өөрчлөх хөшүүрэг гэхээр бид уул уурхай, газрын баялгаа нэн түрүүнд бодох болсон. Гэтэл хүнээ яаж хөгжүүлэх гээд байгаадаа төдийлөн анхаарахгүй яваа

-Бидэнд хөгжихийн тулд мөнгө хэрэгтэй, тэр Оюутолгой, Тавантолгой чухал байгааг би ойлгож байна. Гэхдээ хүн нь хөгжихгүй, өсч дэвжихгүй бол ямар ч өсөлт, хөгжлийн тухай ярих боломжгүй. Баялгаа ашиглаад мөнгө босгож болно. Энэ бол цаг хугацааны л асуудал. Харин үр хүүхдийнхээ сэтгэлийг хөгжүүлж, ёс суртахууныг боловсруулахгүйгээр хэчнээн их мөнгөтэй байгаад ч түүнийг идэж уугаад л дуусахаас баялаг болгож чадахгүй. Хэрвээ хөгжлийн эцсийн зорилго нь ард иргэд нь аз жаргалтай болох явдал гэж үзэх юм бол иргэд нь өндөр ёс зүйтэй, бусдыг энэрэх сэтгэлтэй, аливааг эргэцүүлэх чадвартай болж байж аз жаргалд хүрдэг. Хүнийг, тэр дундаа хүүхэд залууст яаж тэр ёс суртахууныг суулгах вэ. Үүнд урлаг асар их үүрэг гүйцэтгэдгийг хүн төрөлхтний түүх бэлээхэн харуулдаг шүү дээ.

Урлаг, тэр дундаа сонгодог урлагийн хөгжил өнөөдөр зөв голдрилоор явж чадаж байна уу?

-Энэ том асуултад би ганцаараа бүрэн төгс хариулт өгч чадахгүй л дээ. Өнөөдөр соёл, урлагийн яамгүй болчихлоо. Олон жил дайвар явж ирсэн урлагийн салбар толгойтой боллоо гээд баярлаж байтал яамыг нь татан буулгачихсан. Ийм байхад би зөв, сайн явж байна гэж хэлж чадахгүй. Ямар ч байсан спортоос, хөдөлмөр, хөдөө аж ахуйн салбараас хойш хэддүгээрт ч юм тавигдаж байгаа асуудал. Мэргэжлийн урлагийг хөгжүүлье гэвэл төрийн дэмжлэг хэрэгтэй гэж би түрүүн цухас дурдаад өнгөрсөн. Энэ нь наад зах нь юуг хэлж байгааг би жишээгээр тайлбарлая л даа. Энүүхэн Хөх хотод жирийн нэг ерөнхий боловсролын сургууль гэхэд дэргэдээ манай улсын хэмжээнд ч байхгүй соёлын төвтэй байна. Тэнд мэргэжлийн төвшний шаардлагад нийцсэн театр, заал, бэлтгэлийн танхим бүгд байна. Тэнд хүүхдүүд чөлөө цагаараа хичээллээд, тэр дундаас мэргэжлийн болох хүүхэд нь шигшигдэж гардаг. Тэрбум хүн амтай улс ийм системээр жинхэнэ мэргэжлийн урлагийнхан, мэргэжлийн тамирчдаа олж авдаг юм байна. Гэтэл би сая сургуулиа нээх гээд Улаанбаатар хотын хэмжээнд балетын бэлтгэлд тохирох заал хайгаад ганцыг ч олоогүй. Бэлтгэл хийхэд дор хаяж эргэлт хийхэд саадгүй 100 м.кв талбай, өргөлт хийхэд тулаад байхааргүй өндөр тааз хэрэгтэй байдаг юм. Байг гэхэд биеийн тамирын заал ч нэг ширхэг таараагүй. Бид ямар ирээдүй бэлтгэж байна вэ гээд бодохоор харамсмаар. Зүгээр зах зээлийг нь дагуулаад л заал талбай, бассейн, цэнгэлдэх хүрээлэнг нь төрийн хөрөнгө оруулалтаар бариад өгчихвөл хүүхэд, залуус аяндаа очоод дүүргэчихнэ шүү дээ. Бүх юманд төр гээд яахав ээ, томоохон бизнесмэнүүд маань анхаарал хандуулаад эхэлбэл улс орон, ирээдүйдээ оруулах маш том хөрөнгө оруулалт болно доо.

Та орчин үеийн хүүхдүүд бүгд хөдөлгөөний хомсдолд орж байна гэж хэллээ. Балетаар хичээллэхээр ирж байгаа хүүхдүүдэд ч энэ байдал ажиглагдаж байна уу?

-Үнэхээр тод ажиглагдаж байна. Эрүүл, аюулгүй орчны хомсдол, агаарын бохирдол, нөгөө талаас техник технологийн хөгжил хүүхдүүдийг маань зүгээр л буйдангийн булан руу шахаж байна. Гараад гүйх газар алга, эрүүл агаар алга. Хүүхдүүд хөдөлгөөний хомсдлоосоо болоод харьцангуй эрт үе мөчний хөгжил нь саараад хатуураад эхэлсэн байна. Бидний үед балетын мэргэжлийн ангид 8-10 насанд нь шалгаруулж авдаг байсан бол одоо тэгэх аргагүй болоод байна. 8 настай хүүхэд аль хэдийнэ хатуураад уян хатан чанараа алдчихсан тохиолдол их ажиглагдаж байна. Тийм болохоор мэргэжлийн балетаар хичээллэх хүүхдүүдийг 6-8 наснаас нь сонгож авах хэрэгтэй болж байгааг нь анзаарагдаж байна.

Танай сургууль мэргэжлийн гэж явцуурахгүйгээр нас, насны хүүхдүүдийг сургаж байгаа нь их сайхан санагдлаа.

-Тийм ээ, мэргэжлийн ангиас гадна сонирхогчийн ангид хүүхдүүд авч байгаа. Хөдөлгөөний хомсдлоос аврах, хамгийн гол нь гоо зүйн боловсрол олгох, сахилга бат, эмх цэгцэд сургах гээд өв тэгш хүмүүжлийн суурийг бид балетаар дамжуулан олгох зорилготой. Тэрчлэн насанд хүрэгчдийн балетын анги, модерн жааз бүжгийн анги хүртэл нээсэн. ДБЭТ-ын гоцлооч, гавьяат жүжигчин Ч.Ганчимэг, гавьяат жүжигчин Х.Батманлай, соёлын тэргүүний ажилтан Ш.Оюунтуяа, А.Ганбат нарын үе, үеийн шилдэг бүжигчид багшилж байгаа. Энэ жил сургуулийн маань анхны хүүхдүүд найман жил суралцаад төгсөлтөө хийх гэж байна. Тэд маань хэдийгээр сургуулиа төгсөөгүй ч ДБЭТ-ийн тоглолтод хэдийнэ оролцоод эхэлсэн. Тэр дундаа мэргэжлийн бүжигчдийн ур чадварыг сорьдог П.И.Чайковскийн “Хунт нуур”-ын хоёр, дөрөвдүгээр үзэгдэл, “Щелкунчик” балетын цасны бүжигт манай шавь нар бүжиглэдэг. Багш хүний хувьд сургуулийнхаа ирээдүйг, Монголын балетын ирээдүйг тун өөдрөгөөр харж байна даа.

Э.ЭНЭРЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *