Categories
мэдээ цаг-үе

Х.Ганзаяа: Энэ улсад хууль нь хүртэл бэлгийн хүчирхийллийг илт зөвшөөрчээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалтаар торгуулийн ялаар шийтгэгдсэн www.murch.mn сайтын сэтгүүлч Х.Ганзаяатай ярилцлаа. Тус хуулийг мөрдөж эхэлснээс хойш анх удаа уг заалтаар хууль эрх зүйн мэдээллийн сайтын сэтгүүлч өөрийн, хувийн аккаунт дээрээ үзэл бодлоо илэрхийлснээс болж шүүхээр шийтгэгдэж байгаа юм.


-Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалтаар та анхан шатны шүүхээс торгуулийн ялаар шийтгэгдсэн. Ямар учраас яагаад ийм асуудал үүсэв?

-Өөрийн цахим хуудсандаа тавдугаар сарын 2-нд охидын хүчирхийллийн эсрэг пост оруулсан юм. хуулийн 12.5 дугаар зүйлд, 14 настай хүүхэдтэй тохиролцоод бэлгийн харилцаанд орвол 450 мянгаар торгоно гэсэн заалтыг эсэргүүцсэн. Учир нь үнэхээр ийм заалтыг хуульд оруулж байгаа, энэ хуулийг санаачилсан хүн охин үргүй гэж үү гэсэн санаагаа илэрхийлсэн пост маань зарим хүмүүст хэт хүчтэй санагдана гэж төсөөлөөгүй. Эх хүний хувьд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж цахим орчинд бичсэний төлөө цагдаагийн газарт байцаагдаж, яллагдагчаар татагдаж, шүүхээр торгуулийн ялаар таслагдана гэдэг аймшигтай зүйл гэдгийг биеэрээ туулаад зогсож байна.

-Ямар үндэслэлээр танд торгуулийн ял оноосон юм бэ?

-Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг илт гүтгэн доромжилж, харлуулсан гэдгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Миний хувьд, өнөөдрийг хүртэл юунд бухимдаад өөрийгөө өмгөөлж байгааг хэлье. 14 настай хүн бол хүүхэд. Түүнд эрх зүйн чадамж байхгүй. Тиймээс хэн нэгэн 14 настай охинтой тохиролцоод ч юмуу ямар нэгэн байдлаар бэлгийн харилцаанд орно гэдэг байж боломгүй, харгис үйлдэл, гэмт хэрэг.

Энэ “тохиролцох” гэдэг чинь үнэхээр муухай үг, хэзээ ч 14 настай хүүхэдтэй “тохиролцоно” гэж байж боломгүй. Бэлгийн харилцаанд орчихвол 450 нэгжээр торгуулаад л болоо юу. Хүүхэдтэй насанд хүрсэн хүн бэлгийн харилцаанд орвол энэ нь гэмт хэрэг шүү дээ. Тэд нар тэрийгээ хурьцал үйлдэх, загас наадуулах гэж тайлбарладаг юм билээ. Тэр чинь хүчин болохоос хурьцал мурьцал нь ерөөсөө ч биш гэдгийг илэрхийлж бухимдсан юм. Харин энэ бухимдал маань намайг гэмт хэрэгтэн болгочихлоо.

-Энэ хуулийг Х.Нямбаатар сайд тэргүүтэй хүмүүс санаачилсан билүү?

-Х.Нямбаатар уг асуудлыг 2015 онд УИХ-д оруулж ирэхэд УИХ-ын гишүүн болоогүй байсан гэж өөрөө хэлсэн. Гэхдээ дараа жил нь УИХ-ын гишүүн болсон. Харин 2017 онд энэ хуулийг шинэчлэн найруулахад ажлын хэсгийн ахлагчаар ажилласан байдаг. Миний хувьд ерөөсөө кноп дараад баталж л байгаа бол тэр хуулийг батлалцсан хүн гэж ойлгосон. Мэдээж, олон гишүүд сууж байгаад баталсан байж таарна. Тиймээс тухайн үед хэн хэн байсан тэд хуулиа эргэн харж үзээсэй, тэр хүмүүс охин үртэй байж л таараа. Охингүй байсан ч ирээдүйд бэр болоод орж ирэх охидын төлөө анхаараасай. Эхчүүддээ хэлэхэд та нар охидоосоо хараа хяналтаа салгаж болохгүй. Бидний ард өдөр болгон сүүдэр шиг маш муухай бодолтой, муу хүмүүс дагаад явж байдаг юм шүү. Учир нь өнөөдөр энэ улсад хууль нь хүртэл зөвшөөрсөн юм шиг, муу хүмүүст айхавтар өгөөш, хуулийн цоорхой болж харагдаад байна.

-Аливаа хүчирхийллийн ихэнх хувь нь далд хэлбэрээр явагддаг гэдэг. Магадгүй, таны санаа зовж, асуудал болгоод өөрөө шүүхээр шийтгэгдээд байгаа шалтгаан юм болов уу?

-Судалгааг харахад насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хувь нь нэмэгдсэн байдаг. Цөөхөн хэд нь илэрч, ихэнх нь далд хэлбэртэй явагддаг нь харамсалтай. Энэхүү далд хэлбэр нөгөө 14 настай хүүхдийг насанд хүрсэн гэж үзэх, бараг сурталчилгаа болчихсон байх вий гэдэг эмзэглэл төрж байгаа. Ийм зүйл байж болохгүй гэдгийг ч О.Баасанхүү гишүүн байхдаа хэлж байсан. Насанд хүрсэн хүүхэд гэдэг чинь ядаж 16 настай байх ёстой биз дээ. Хамгийн гол нь энэ хууль хэнд хэрэгтэйг огтхон ч ойлгохгүй байна. Яагаад хүчирхийлэгч, гаж донтнуудыг өөгшүүлээд байгаа юм бэ гэдгийг бичсэнийхээ төлөө ялтан болж, өөрийнхөө түүхийг харлуулчихаад байгаа маань харамсалтай юм даа.

-Таны хувьд таван өмгөөлөгчтэй уулзахад бүгдээс нь татгалзсан хариу авсан гэсэн. Хууль зүйн сайдын өмнөөс сөрж зогсох өмгөөлөгчид олдохгүй байна гэж үү?

-Хэрэг үүсгээд гэрчээр мэдүүлэг өгөхдөө би өмгөөлөгчтэй очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл шүүх хурал дөхөж байтал гэнэт алга болчихсон. Тэгээд “яасан бэ, хоёулаа очиж уулзъя” гэхэд “миний өмгөөлөх эрх цуцлагдсан, ах нь өмгөөлж чадахгүй” гэсэн хариулт өгсөн юм. Ингээд хоёр удаагийн шүүх хурлаас өмнө нийт зургаан өмгөөлөгчтэй уулзсан. Тэд Хууль зүй, дотоод хэргийн сайдын эсрэг хэрэг дээр өмгөөлөгчөөр орохоос татгалзсан болов уу. Тиймээс шүүх хуралд би өөрийгөө өмгөөлөхөөс өөр аргагүй болсон гэсэн үг.

-Яагаад өмгөөлөхгүй байгаа тухайгаа танд тайлбарласан байх?

-Товчхондоо, “өмгөөллийн эрхээ алдах учраас чадахгүй нь ээ, эсвэл бид нэг их сургуулийн оюутан байсан, нэг багштай учир хэцүү байна” гэдэг тайлбар өгсөн. Тиймээс шүүх хурал дээр энэ тухайгаа хэлээд өөрийгөө өмгөөлнө өө гэж орсон. Харин одоо сошиалд энэ талаар тавьснаар, хэд хэдэн өмгөөлөгч холбогдож, одоо давж заалдах шатны шүүх хуралд Глоб интернэшнл төвөөс гаргаж өгсөн өмгөөлөгчтэй хамт орохоор болсон.

-Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Улаанбал” нэвтрүүлэгт орох үедээ энэ хуулийн талаар ярьсан байдаг?

-Тэр нэвтрүүлэгт сайдын хэлсэн үгийг би шүүхэд нотлох баримт болгож хуулж өгсөн. Тиймээс энд дахин ярих хэрэггүй гэж бодож байна. Яаж ч бодсон 14 настай хүүхэд бие физиологийн хувьд ч, оюун ухаан нь ч эмэгтэй хүн гэдэг утгаараа ямар нэгэн хүнтэй “тохиролцох” хэмжээнд хүрсэн гэж үзэж болохгүй. Насанд хүрээгүй, иргэний үнэмлэхээ аваагүй л бол хүүхэд шүү дээ. Хүүхэд гэдэг чинь зөвхөн эцэг эхийнхээ халамжинд өсөж, тэднээр хамгаалуулах эрхтэй. Иргэний хуульд заасан байдаг юм билээ, насан хүрээгүй хүүхэд өөрөө шийдвэр гаргаж дэлгүүрээс худалдаа хийх эрхтэй. Харин аливаа асуудлыг шийдвэрлэх эрх зүйн чадамжгүй гэж. Ийм байхад “тохиролцох” гэдэг үгийг оруулж ирээд насны хязгаарыг 14 гэж зааж байгаа тэр хууль үнэхээр аймшигтай. Цэг таслалаар хүний амьдралыг шийдвэрлэх боломж зөвхөн хуульд байдаг гэж би харж, сүрддэг. Гэтэл ийм том үг байгааг харахгүй, шууд баталсан гишүүд тэр саарал ордонд сууж байдаг. Түүгээр зогсохгүй тэр хүмүүс гэр бүлтэй, охидын ээж, аав, эмээ өвөө… гэж бодохоор үнэхээр харамсалтай гэхээс өөр үг орж ирэхгүй л байна, надад.

-Х.Нямбаатар сайдыг дуудахад өөрөө шүүх хуралд ирээгүй гэсэн үү. Тэгэхээр хуулийн алба хашдаг хүн өөрөө хуулиа мөрдөхгүй байна гэсэн үг үү?

-Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг уг хэргийг шүүн хэлэлцэх анхан шатны шүүх хурал дээр өөрийн биеэр оролцохыг улсын яллагчаас шаардсан. Харин гурван удаа зарлагдаад хуралдсан шүүх хурал дээр өмгөөлөгч нь л байснаас өөрөө ирээгүй. Өмнө нь хоёр ч удаа хойшлогдсон учир сайдыг ирээгүй ч хуралдах ёстой гээд хуралдаад шийдвэрээ гаргасан.

-Та өмгөөлөгчгүй учраас зөвхөн өөрөө өөрийгөө өмгөөлсөн гэсэн. Мэдээж хууль шүүхийн мэдлэггүй хүн өөрийгөө өмгөөлөөд амжилтад хүрэхгүй л болов уу?

-Сэтгүүлч, дээр нь улс төрийн зорилгоор энийг хийж байгаа гэж хардаж байна лээ. Харин би эх хүнийхээ үүднээс хүүхдүүдийнхээ төлөө үзэл бодлоо илэрхийлсэн. Эрүүгийн хуулиар гүтгэсэн гэдэг үндэслэлээр хэргийг шийдвэрлэлээ. Миний хувьд үнэхээр хэцүү байсан, нуух юм байхгүй. Би хуулийн ямар ч мэдлэггүй шүү дээ. Худал мэдээлэл тараах, хүний нэр төр алдар хүндэд халдах гэдгээрээ явдаг юм байна. Тус хуулийн 12 дугаар зүйлийн тавдугаар заалтад, “хэрэв насанд хүрээгүй хүүхэдтэй тохиролцож бэлгийн харилцаанд орвол 450 нэгжээр торгож, гадагш зорчих эрхийг хязгаарлана” гэснээр тасалсан. Хүүхэд хүчирхийлсэн гаж донтонд торгуулийн ял ногдуулдаг, насанд хүрээгүй хүүхдийг бузарлачихаад “тохиролцсон” гэж мэлздэг битгий байгаасай, гаж донтнуудад ялыг хатуу чанд эдлүүлээсэй. Энэхүү хуулийн цоорхойгоос болж олон охин хохирох ёсгүй гэдэг бодол маань, бухимдал маань хэзээ ч өөрчлөгдөхгүй. Та бүхэн судалгаанаас хүчингийн хэргийг хараад үзээрэй үнэхээр сэтгэл сэртхийлгэм. Тиймээс энэ чиглэлд анхаарлаа хандуулж, дорвитой алхам хийж, охид хүүхдийн ирээдүйг хамгаалаасай гэж хүсч байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн 4/1 хувь нь 11-14 насны, 15.3 хувь нь 15-17 насны хүүхэд байгаа юм. Бүр төрсөн эцэг нь охиныгоо хүчирхийлдэг ийм гаж нийгэмд, гаж хэргийг өмгөөлж болохгүй гэж постлох бол бага хэрэг. Бүх ээж нэгдээд орилмоор байна шүү дээ…

-Өөрөөр хэлбэл, таныг хуулийн мэдлэггүйгээс болж, олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсний төлөө шүүхээр яллагдлаа гэж хэлж болох уу?

-Би ганцаараа хохироогүй гэдгээ сая байцаагдаж явахдаа мэдсэн. Миний мэдэхийн надаас гадна 14 хүн яг энэ асуудлаар байцаалт өгч байсан. Тэд зөвхөн фэйсбүүкт пост оруулсныхаа төлөө, 14 настай хүүхдийг хүчирхийллээс хамгаалсныхаа төлөө байцаагдаж байгаа юм. Ингэж хүний дуу хоолойг хорьж болохгүй биз дээ. Тэр дотор гуравхан сартай хүүхдээ тэвэрчихээд байцаалт өгч яваа залуухан ээж ч байсан. 14 настай хүүхэдтэй тохиролцож бэлгийн харилцаанд орж болно гэдэг заалтыг эсэргүүцсэнийхээ төлөө тэр жаахан охин гурван сартай хүүхдийнхээ вакциныг хийлгэчихээд, халуурч уйлагнаж байхад гэртээ ч очиж чадахгүй хүүхдээ тэврээд прокурорын үүд сахиж суухыг харах маш хэцүү санагдсан. Хүүхэд нь халуунтай байсан ч чи заавал байцаалтаа өг гээд бүр гэрээс нь бариад ирсэн гэж хоолой зангираад ярьж байгаа юм. Хамгийн гол нь хууль гаргасан мөртлөө сурталчилдаггүй. Сурталчиллаа ч хатуу хэллэгээр сурталчилж байгаа болохоор хүн ойлгохгүй байна. Надаас байцаалт авахдаа айхавтар том хууль гаргаж ирээд л, тэддүгээр заалт, тийм тийм хүний эрх гээд л… Энэ тухай мэдэхгүй юм чинь надаас тэрийг асуугаад яах юм бэ. Магадгүй хуулийг зөв талаас нь тайлбарласан бол ийм нөхцөл үүсэхгүй байсан болов уу.

-Одоогоос жилийн өмнө манай улсын эрх бүхий албан тушаалтан Солонгос хүүхний өгзөгт хүрсэн гээд бөөн дуулиан тархаж байсан?

-Солонгост эмэгтэй хүн рүү хэдхэн минут харахад л бэлгийн дарамтад тооцдог. Биед нь зөвшөөрөлгүй хүрэх, удаан ширтэх хатуу чанд хориотой. Гэтэл манайд бага насны хүүхдийг аймшигтайгаар хүчиндсэн нь батлагдвал 25 жилийн хорих ял өгдөг юм байна. Тэгэхдээ үнэхээр 25 жилийн ял авсан хүн хэд байдаг бол гэсэн асуултыг яагаад хэн ч асуудаггүй юм бэ. Хүчирхийлэл чинь ганц удаагийн үйлдэл биш, олон удаагийн давтамжтай үйлдлийн дараа баригддаг юм байна. Ямар нэгэн байдлаар аз таарч л мэдэгдэнэ үү гэхээс хүүхдүүд айгаад эцэг эхдээ хэлж чадахгүй. Мэдэгдэхгүй бол тэр чигээрээ дарагдаад өнгөрдөг. Бага насандаа сэтгэлийн шарх авснаас болж эрэгтэй хүнийг үзэн ядах сэтгэгдэл төрж, насан туршид бие сэтгэлийн шарх болж үлдэх эрсдэлтэй. Улсын их хурлын гишүүн О.Баасанхүү ч “охинтой чинь унтчихаад iphone өгөөд л болоо юу” гэж уурласан пост оруулж байсан. “Би чамд мөнгийг чинь өгчихлөө дуугүй бай” ийм зүйл байж болох уу.

-Ингэхэд Х.Нямбаатар сайд танаас болж хохирсон гэдгийг шүүх хурлын үед юугаар батлав?

-Наад асуултыг чинь одоо ч би өөрөөсөө асуугаад л явж байна. Магадгүй, надаас болж хохирсон бол энэ хүнийг Сонгинохайрхан дүүргийн иргэд УИХ-д сонгож, цаашлаад сайд болохгүй байсан биз дээ. Гэтэл тэр хүн улс төрийн бүхий л өндөрлөгт орчихсон явж байгаа атлаа “би хохирсон гэж” зүтгээд байгааг л ойлгохгүй юм. Үнэндээ, хүйсийн ялгавартай байдал, хэт өндөр албан тушаалтны увайгүй араншин хоёртой л тулалдаад хүйсээрээ би ялагдаж байгаа болов уу. Ингэж явахад эмэгтэй хүн ганцаарддаг юм билээ. Хүн болгонд чичлүүлээд л утсаар яриад л чамайг тэгнэ, ингэнэ гэсэн сүрдүүлэг хүртэл ирж байхад шүүх хурлын өмнө бараг унтаж чадаагүй. Харин одоо анхан шатны шүүх хурал дууссан учир тайван унтах байх гэж бодож байна даа.

П. САЙНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *