Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Ганхуяг: Түгжрэлийг цогцоор нь шийдэж чадвал хотын төвөөр 20 км/цагийн хурдтай явдаг болно

УИХын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


Нийслэлээс сонгогдсон УИХын гишүүд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулах тогтоолын төсөл санаачилснаа УИХын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Түр хорооны хийх ажлын талаар танилцуулахгүй юу. Яаж ажиллах вэ?

-Улаанбаатар хотоос сонгогдсон 21 гишүүн Хотын тулгамдсан асуудлыг шийдэж хөгжүүлэх Түр хороо байгуулан ажиллаж байна. Монгол Улсын нийт хүн амын 50 орчим хувь нь оршин суудаг Улаанбаатар хот метрополис хотын ангилалд дүйцэхүйц том хот болчихлоо. Энэ хотынхоо эдийн засаг, нийгмийн олон талын тулгамдсан асуудлыг бодлогын түвшинд цогцоор нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, холбогдох хууль тогтоомжийн уялдааг хангах, боловсронгуй болгох нь Түр хорооны үйл ажиллагааны үндсэн зорилго байна. УИХ-аар хэлэлцэх аливаа хууль тогтоомжийн төсөлд Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын асуудлаар нэгдсэн санал гаргах, эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин бүрдүүлсэн, олон улсад өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж ажиллах юм.

Түр хорооны хийх ажил бодит үр дүнгээ өгч чадах эсэхэд юу хэлэх вэ. Эхний ээлжинд ямар ажлуудыг хийх вэ?

-Хотын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд ганцхан улс, нийслэлийн төсвийг хараад бүтэхгүй. Жил болгон улсын төсөв рүү байгаа бүхнээ татчихдаг асуудал Засгийн газар, Сангийн яам, Улаанбаатар хотын хооронд яригддаг. Нэг жишээ хэлэхэд, Улаанбаатар хотын 67 хороонд сургууль, цэцэрлэг байдаггүй. Гэтэл орон нутгийн мянга хүрэхгүй хүн амтай суманд 600 хүүхдийн сургууль шинээр барьчихдаг. Энэ мэтээр үр ашиг нь хэзээ өгөх нь мэдэгдэхгүй олон зуун тэрбумаар нь хөрөнгө оруулалт хийдэг асуудал байсаар ирсэн. өөрөөр хэлбэл, хотын төсвийг улсын төвлөрсөн төсөв рүү бүгдийг татаж байгаад орон нутаг руу талыг нь тараачихдаг. Эргээд хүн амын зонхилох цөм болсон Улаанбаатар хотдоо хөрөнгө оруулалт хийе гэхээр байдаггүй. Энэ бодлого дээр Улаанбаатар хотын гишүүд цул болж бодлогын дэмжлэг үзүүлж, хяналтаа тавьж ажиллах юм. Нийслэлийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, Улсын төсвөөс татдаг байсан татаасыг багасгах тал руу ажиллана гэсэн үг. Мөн бонд босгох, концессын эрхийг нийслэлд өгнө.

Ингэснээр Улаанбаатарт, 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломжтой болж байгаа.

Түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажлыг хийх вэ. Улаанбаатар хотод метро барих асуудал олон жил яригдаж байна. Энэ ажил хийгдэх боломжийг хэрхэн харж байна вэ?

– Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл, агаарын бохирдол, хөрсний бохирдол гэх зэрэг нэн тулгамдсан олон асуудлууд байгаа. Түгжрэлийг богино хугацаанд хэрхэн яаж шийдвэрлэх боломжтой байна, үүнийг дагаад төвлөрлийг яаж сааруулах вэ гэдэг бодлого дээр ач холбогдол өгч ажиллана.

Метро барих гэхээр төсөв, хөрөнгө нь байхгүй гацчихдаг байсан. Одоо бол хөрөнгө мөнгийг нь шийдээд өгөхөөр метро барих, хөнгөн галт тэрэг тавих, автозамуудаа өргөтгөж барих, нийтийн тээврийн хүртээмж, чанарыг нь сайжруулаад явна. Тухайлбал, Таван шараас, Амгалан хүртэл уртааш нь метро тавих, хотын төв рүү орохгүйгээр тойроод очих боломжтой гольцоо хэлбэрийн хотыг тойрсон зам барих тухай яригдаж байна. Мөн хөндлөн замуудын тоог нэмэгдүүлэх, баруун тийшээ Яармагийн замаас хойшоо нэвт гарсан шинэ гүүрэн зам барих ажлууд төлөвлөгдөж байна.

Нөгөө талаас түгжрэлд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь, оршин суугаа газар нь сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ байхгүйгээс хүүхдээ нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү зөөдөг асуудал юм. Хот төлөвлөлтийн стандарт гэж байх ёстой. Улаанбаатар хотын аль x дүүрэгт амьдарч байгаагаас үл хамаарч Зайсангийн үйлчилгээг авч чаддаг байх нь чухал. Жишээ нь, кино театр орохын тулд нийслэлчүүд бүгдээрээ л хотын төв рүүгээ явдаг шүү дээ. Ямар ч байсан ирэх дөрөв, таван жилийн дотор эхний ээлжинд Улаанбаатар хотын бүх дүүрэг, хороод сургууль, цэцэрлэг, эмнэлэгтэй болгож, бусад үйлчилгээг авч чаддаг байхад анхаарна. Гэх мэтээр түгжрэлийг бууруулахын тулд тал талаас нь цогцоор нь асуудлыг бодолцож, хотоо хөгжүүлэхэд анхаарч ажиллах юм.

Одоо Улаанбаатар хотын төвөөр явж байгаа автомашинууд 8 км цагийн дундаж хурдтайгаар хөдөлгөөнд оролцож байна. Гэвч түгжрэлийг бууруулах асуудлыг цогцоор нь шийдэж чадвал 20 км цагийн хурдтай явдаг болох боломжтой гэж тооцоолж байна. Дээр нь хороо болгонд нийгмийн шаардлагатай үйлчилгээнүүдийг байгуулбал үүнээс ч илүү түжгрэлийг бууруулах боломжтой гэж үзэж байгаа.

Гэр хорооллыг барилгажуулах ажил дээр ямар бодлого хэрэгжих вэ. Удаашралтай байна гэх шүүмжлэл гарч байгаа?

-Нийтдээ 200 мянга гаруй өрх гэр хороололд амьдарч байна. Бодит байдал дээр Улаанбаатар хот эрчим хүчний бүх нөөцөө шавхаад нэмж 50 мянган айлыг дэд бүтцэд холбох боломжтой. Үлдсэн 150 мянган өрхийг яаж дэд бүтцэд холбох вэ гэдэг асуудал тулгарч байна. Өнгөрсөн хугацаанд гэр хорооллыг барилгажуулна гээд тийшээ нэлээд эрчим хүчний шугам сүлжээ татсан ч өөрчлөлт гараагүй. Сонгогдсон компаниуд өөрсдөө газраа чөлөөлж, барилга бариад явахаар удаашралтай байна. Дээр нь байршлаас хамаарч, хямд үнэтэй, чанаргүй орон сууц барьж, борлуулах асуудал үүсч байна. Гэр хорооллын бүсийг цаашид яах вэ гэдгийг эргэж харж, бодлогын түвшинд авч үзэх, дахин тооцоо судалгааг хийж, үүн дээрээ үндэслэсэн шийдвэрүүд гаргаад явна. Одоо Засгийн газрын түвшинд иргэдээ орон сууцжуулах хэд хэдэн төслүүд хэрэгжээд явж байна.

“Залуус” хороолол, Шинэ Нисэхийн хажууд шинэ хотхон барих ажил талаар Барилга, хот байгуулалтын яамнаас төлөвлөлт хийгээд явж байгаа юм билээ. Эрчим хүчний эх үүсвэрийн тухайд, V цахилгаан станцыг барья гэдэг шийдвэр гарсан. Концессоор барина.

Энэ ажлууд хэзээнээс хийгдэх вэ. Цаг хугацааны хувьд ямар төлөвлөлтүүд гарсан бэ?

-Түр хорооны эхний хурал дээр ярилцана. Ирэх пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар орно. Хотын удирдлагатайгаа ярилцаад төлөвлөгөө, цаг хугацааны асуудал илүү тодорхой болно.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн барина гэсэн. Үүгээр хотын ямар эрхзүйн асуудлыг шийдвэрлэх вэ?

– Түр хорооны ажлын эхний үр дүн бол удахгүй өргөн баригдах Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиас харагдана. Тухайлбал, Газрын тухай хуулийг эргэж харах ёстой. Жишээ нь, замаа өргөтгөж шинэчлэх гэхээр газар чөлөөлөх асуудал үүсдэг. Газар чөлөөлөхгүйгээр зам барихаар нөгөө үндсэн том магистрал замаа барьж чадахгүй, туслах зам л барьдаг. Манай хотод хөндлөн явсан зам цөөхөн байдаг нь ийм учиртай.

Улаанбаатар хотын төвлөрлийг задалж, “Майдар”, “Зуунмодхотыг шинээр байгуулах шийдвэр гарсан. Зарим гишүүд тэнд дэд бүтэц байхгүй учраас хот байгуулах асуудлыг дэмжихгүй байх шиг байсан?

-Олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглээд “Майдар”, “Зуунмод” хот байгуулахаар зураг төсөл нь хийгдэж байна. Тэнд дэд бүтэц байхгүй нь үнэн. Олон улсын шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор эхний ээлжинд тэнд ажиллах хүмүүст зориулсан хотхон барих, ажилчдын гэр бүлд зориулсан сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөж байгаа юм билээ. Ажлын байр, сургууль, цэцэрлэгийн байршлаас хамаарч иргэд орон сууцаа сонгон худалдан авч, төвлөрөл үүсдэг. Майдар хотод одоо усны судалгаа хийгдэж байна. Түүний дараа дэд бүтцийн судалгаанууд хийгдэнэ. Нисэхийн бас нэг давуу тал нь тэнд Богдхаант төмөр зам баригдаж байна. Тэгэхээр, ачаа, тээвэр ложистик, агаарын тээврийн том төв болох боломжтой бүс нутаг юм. Тиймээс оршин суугчдын орон сууц, сургууль, цэцэрлэгийн асуудлыг эхний ээлжинд шийдчих юм бол өөрөө цаашаа хөгжөөд явчих боломжтой гэж харж байгаа.

Та одоо ямар хууль дээр ажиллаж байна вэ?

-Энэ долоо хоногт, хэд хэдэн хуулийн төсөл өргөн барих гээд бэлдэж байна. Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барих гээд бэлдэж байна. Өнөөдөр Засгаас санал аваад энэ долоо хоногт УИХ-д өргөн барина. Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх, худалдаа аж үйлдвэрийн тэнхим нь дотроо салбар хариуцсан олон тэнхимтэй болох ажлуудыг энэ шинэ хуулиар оруулна. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг шинэчлэн найруулах гээд иргэдээс санал аваад эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт, Худалдаа аж үйлдвэрлэлийн тэнхим бусад тэнхимийнхэнтэй уулзалт хийж, бизнесийн эрх зүйн орчныг шинэчлэх хуулиуд дээр санал солилцлоо. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг яагаад ярьж байна гэхээр, өнөө маргаашгүй ковид дуусахаар яах вэ гэдэг асуудал үүснэ, эсвэл ковидын үед хэрхэн яаж гадаад хөрөнгө оруулалтыг татах вэ гэдэг асуудал чухал байна. Одоо байгаа эрх зүйгээр гадаадын иргэд Монголд зорчин ирэх асуудал зөрчигдөж байгаа учраас энэ нөхцөлд бүртгэлийн асуудлыг хялбар болгох, гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирэх босгыг намхан болгож өгөх, лебаралчлах бодлого явуулж өгөхгүй бол Үндсэндээ манай улс Оюу толгойгоос өөр гадаадын хөрөнгө оруулалт байхгүй болчихлоо. 2011-2012 оны үед нэг жилийн дотор 5.7 тэрбум ам. долларын гадаадын хөрөнгө оруулалт татдаг байлаа. Одоо оюутолгойгоос өөр хөрөнгө оруулалт байхгүй болчихсон. Одоо байгаа гадаадын хөрөнгө оруулалтын хууль чинь үндсэндээ уул уурхайн компаниудад зориулсан хууль болчихоод байна. Гадаад хөрөнгө оруулалтын хуулийг өөрчилж, шинэчилж, бусад салбар руу гадаадын хөрөнгө оруулалтыг татаж оруулах боломжтой болгох ёстой. Цахим сүлжээ, мэдээлэл технологи, IT чиглэлийн компаниудаа дэмжье гээд яриад байгаа. Тэд гадаад зах зээлд гарахын тулд гадаадын компаниудтайгаа хамтрах зайлшгүй шаардлагатай. Тэгж байж гадаадад ч үйл ажиллагаа явуулна, дотоодод ч ажиллана. Тэгэхээр, гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа нэлээд сайн хөхиүлэн дэмжиж, гадны хөрөнгө оруулалтыг татахгүй бол ковидын дараа эдийн засгаа хөл дээр нь босгох асуудал чухал байна. Тиймээс бизнесийн орчныг эрүүлжүүлэх тал дээр нэлээд хэдэн хуулиудыг өргөн барина.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *